Ч.БЯМБАХАЖИД, Б.ХУЛАН
Урин дулаан цаг ирж, хотын гудамж талбай унадаг дугуйтай иргэдээр өнгө нэмж буй энэ үед дугуйн хулгай дагаад нэмэгдэх хандлагатай болжээ. Эрүүл амьдралын хэв маягийг сонгосон иргэдийн хувьд дугуй нь зүгээр нэг унаа бус, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, дурсамж бүтээх зэрэг олон төрлөөр ашиглагдах өмч нь байдаг. Гэвч иргэд унадаг дугуйгаа камерын хяналтгүй, хүнгүй болон хараа хяналтгүй газарт орхисноос шалтгаалан унадаг дугуйгаа хулгайд алдах, өмчөөрөө хохирох нөхцөл байдал үүсээд байна. Иймд энэ удаагийн “Нийгэм-асуудал” булангаараа Унадаг дугуйн хулгайн талаар сэдвийг хөндлөө.
Кейс-1
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Т “Одоогоос жилийн өмнө дугуйгаа орой орцондоо кодтой троссоор түгжчихээд орсон юм. Тэгээд өглөө гараад ирсэн чинь дугуй маань алга болчихсон байсан. Бүр троссыг нь хүртэл бүх зүйлтэй нь хамт аваад явчихсан байсан. Орцныхоо камерыг шүүлгэх гэсэн чинь камер нь ажилладаггүй болж таарсан. Камер ажиллахгүй, ямар ч нотлох баримт байхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандаж бүртгүүлээгүй. Тэр зузаан троссыг яаж хараад, тасалж авч явдаг байна аа гэж гайхаад л үлдсэн дээ. Миний дугуй засмал замынх. Би дугуйгаа 1.8 сая төгрөгөөр Солонгосоос захиалж авч байсан юм” гэв.
Түүнчлэн“25 дугаар эмийн сангийн орчмоос дугуйгаа алдлаа”, “Trail-7 маркийн 29 инчийн дугуй хулгайд алдсан”, “Central Tower-ийн урдаас тод өнгийн дугуйгаа алдчихлаа” гэх мэт тусламж хүссэн мэдээллүүд цахим орчинд хөвөрсөөр…
"Дугуйны өнгө, загварыг сэлбэж өөрчлөх, задалж зарах тохиолдол байдаг"
Энэ оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд унадаг дугуйн хулгайтай холбоотой 45 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт болж байгааг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч А.Итгэлт хэлсэн юм.
Тэрээр “Унадаг дугуйгаа алдсан иргэн цагдаагийн байгууллагад хандснаар бид хойшлуулшгүй ажиллагаа явуулан олж өгдөг. Гэхдээ хулгайлагдсан дугуйны өнгө, загварыг сэлбэж өөрчлөх, задлаад зарсан зэрэг тохиолдол байдаг. Мөн унадаг дугуйнууд нь нэг загвараас олон тоогоор орж ирэх, иргэд худалдан авалт хийхдээ хувь хүний данс руу мөнгөө шилжүүлэх гэх мэтээр нотлох баримтгүйгээр худалдан авалт хийчихдэг. Ингэхээр тухайн иргэний алдсан гээд байгаа унадаг дугуйг хэн нэгэн унаад явж байгаа тохиолдолд тухайн иргэний дугуй мөн эсэхийг нотлоход хүндрэл үүсдэг. Хулгайд алдсан унадаг дугуй хувь хүмүүсийн гараар худалдаалагдсан тохиолдол цөөнгүй байдаг.
Мөн “... дугаар хорооноос унадаг дугуйгаа алдчихлаа, харсан хүн байвал хэлж тус болооч” гэх зэрэг зар мэдээлэл цахим хуудсаар нэлээд гарах болсон. Гэвч тухайн зар мэдээлэл хуваалцаж буй хүний эзэмшлийн дугуй мөн эсэхийг нотлох боломжгүй тул эргэлзээ үүсгэдэг. Учир нь цахим сүлжээнд байршиж буй мэдээлэл бүр үнэн бодитой биш юм. Иймд иргэн та унадаг дугуй болон бусад эд зүйлсээ алдсан тохиолдолд заавал цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай” гэдгийг онцолсон юм.
Мөн “нэг их том хэрэг биш учраас цагдаад хэлээд ч нэмэргүй биз”, “Зар мэдээлэл тавиад байвал олдчих байх” гэх мэт иргэдэд хэвшсэн буруу ойлголт нь тэднийг хохирход хүргэдэг байна. Тиймээс ямарваа гэмт хэрэг зөрчлийг өөрөө шийдэх гэж оролдохгүйгээр цагдаагийн байгууллагад мэдээлж байх нь эрхээ хамгаалах чухал үйлдлүүдийн нэг юм.
“Камерын бичлэг шүүж үзэхэд нэг залуу харагдсан ч царай нь үл мэдэгдэх төдий л байсан”

Унадаг дугуйн хулгайн ихэнх нь орон сууцны хотхон, худалдааны төвийн гадна талбай, үйлчилгээний газрын орчимд гардаг байна. Камерын хяналтгүй эсвэл хүний хөдөлгөөн багатай бүсэд үйлдэгдсэн хэргийг илрүүлэхэд илүү их хугацаа шаарддаг аж.
Гэхдээ энэ нь камергүй газар гарсан хэрэг илрэхгүй гэсэн үг биш юм. Харин хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэрч, бусад нотлох баримтыг цуглуулахад хүндрэлтэй болдог байна. Нөгөө талд камер байлаа ч дүрсний чанар хангалтгүй байх асуудал түгээмэл гарах нь бий. Энэ талаар унадаг дугуйгаа алдсан хүүгийн ээж ийн ярив.
“Манай хүү орой 20:00 цагийн үед дугуйгаа зогсоол дээр тавиад гэртээ орж ирсэн. Тэгээд хоёр цагийн дараа гараад ирэхэд алга болчихсон байсан. Камерын бичлэг шүүж үзэхэд 20 гаруй насны нэг залуу харагдсан, гэхдээ царай нь тод харагдахааргүй байсан. Хамгийн гол нь нэлээд ажиглаж байгаад түгжээгүй байсан дугуйг сонгож аваад явсан юм шиг байгаа юм.
Манай хотхонд энэ жил гэхэд л дор хаяж 3-4 хүний дугуй алга болсон байна лээ. Өмнө нь дугуйгаа алдсан хүмүүс цагдаад хандсан ч олж авч чадаагүй гэсэн. Ер нь камер байгаа ч бичлэгийн чанар муу болохоор хүнийг нь таньж тогтоох боломжгүй байсан.
Хамгийн харамсалтай нь хүүхэд дугуйгаа хулгайд алдсандаа их гомдолтой үлддэг юм байна. “Яагаад миний юмыг хулгайлж байгаа юм бэ? “Яагаад ийм муу хүмүүсийг цагдаа нар олж чаддаггүй юм бэ?” гээд л асуугаад байдаг. Хүүхэд болохоор энэ бүхнийг их эмзэгээр хүлээж авдаг юм байна лээ. Бидэнд бол зүгээр нэг эд зүйл алдсан асуудал мэт санагдаж болох ч хүүхдийн хувьд шударга бус зүйлтэй анх удаа нүүр тулж байгаа хэрэг шүү дээ. Тийм болохоор сэтгэлд нь их хүнд тусдаг юм билээ. Тиймээс дугуйгаа сайн чанартай түгжээгээр түгжиж, байрлуулах хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон” гэсэн юм.
Унадаг дугуй 170 мянгаас нэг сая гаруй төгрөгийн ханштай

Унадаг дугуй алдагдах тохиолдлын дийлэнх нь зориулалтын бус газарт орхих, түгжээгүй үлдээх, чанаргүй цоож ашиглах зэрэг шалтгаантай холбоотой байдаг байна. Унадаг дугуй үнэтэй учир хулгайч нарын өгөөш болох болсон уу. Энэ асуултал хариулт хайхаар өнөөдөр зах зээлд худалдаалагдаж буй унадаг дугуйн үнэ ханшийг судалдсан. Ингэхэд дугуй тус бүр ангиллаасаа хамааран харилцан адилгүй үнийн дүнтэй байлаа.
Тодруулал, хүүхдийн дугуй дунджаар 170 мянган төгрөг, энгийн уулын дугуй 425 мянга, дунд ангиллын MTB дугуй 925 мянга, хотын дугуй нэг сая төгрөг орчмын үнэтэй худалдаалагдаж байна. Өөрөөр хэлбэл, таны хэдхэн минутын хайхрамжгүй байдал нь хэдэн зуун мянгаас хэдэн сая төгрөгийн хохирол дагуулж байгаа юм.
Тиймээс цагдаагийн байгууллагаас дугуйгаа зориулалтын зогсоолд байрлуулах, чанартай түгжээ ашиглах, худалдан авалт хийхдээ баримт болох зүйлийг хадгалах, өөрийн дугуйндаа таних тэмдэг, тэмдэглэгээ хийхийг зөвлөж байна.
Хотын гудамжаар эрх чөлөөг мэдрэн давхих дугуйчдын тоо нэмэгдэхийн хэрээр тэдний өмчид халдах эрсдэл ч өссөөр байгааг бидэнд бодит кейс, тоон мэдээлэл харуулж байна. Хулгайчид ганцхан боломжийг л хүлээдэг бол эзэд нь ганцхан агшны хайхрамжгүй байдлаар үнэ цэнтэй зүйлээ алдах эрсдэлтэй.
Тиймээс дугуйгаа түгжих нь зөвхөн төмөр хүрээг хамгаалж буй хэрэг биш. Энэ нь таны үнэ цэнтэй хөрөнгө, өмчийн аюулгүй байдлаа хамгаалж буй үйлдэл юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 108 (7850)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn