Ц.МЯГМАРБАЯР

 

Зуны эхэн сар хэдий ч хүйтэн салхи үлээж хүн зон, мал амьтан тухгүй, бүүдгэр өдрүүд үргэлжилсээр. Дорноговь аймгийн Айраг сумаас хойш 25 км орших Монгол Улсын тусгай хамгаалалтад буй Цагаан дэлийн агуйн тийш бидний хэсэг нөхөд сурвалжлахаар яваа нь энэ. Замын турш нэг ч мал харагдахгүй, малчин айл ч  тааралдалгүй явсаар тэртээд торойх говийн ганц айлын бараа харагдахтай зэрэгцээд өмнөөс хүдэр ачсан том оврын ачааны машинууд тоос татуулан зөрж өнгөрөв. Энэ нутагт 2007 оноос хятадууд, жонш ухах нэрийдлээр, урилгагүйгээр эзэн сууж газрын хөрсийг нь орвонгоор нь эргүүлснээс үүдэж өнөөдөр энд амьд амьтан тогтох аргагүй болж хүн, малгүй дайжжээ.

 

Уурхайгаас өмнөх Цагаан дэл, мал сүрэг бэлчсэн баян, тансаг нутаг байв

Гэрийн хойхно, хятад кемптэй зэрэгцэн байрлах Цагаан дэлийн агуйн орой дахь Хар овоондоо бид сүү цагаан идээгээ өргөж, мал ахуйгаа даатган шүтэж ирсэн уламжлалтай.

Тэртээд харагдах ганц айл бол бидний зорин очих залуу малчин Л.Баттулгынх. Эднийх ам бүл зургуулаа. Эхнэр Б.Амгаланбаяр нь энэ нутгийн уугуул. Тэр 1993 оноос эцэг, эхээс өвлөн ирсэн мал, аж ахуйгаа эрхлэхээр малчин болжээ. 2009 онд нөхөр болох Л.Баттулгатай ханилж өвөг дээдсийнхээ буйрыг сахин үлдсэн нь энэ. Нүдэндээ гунигтай залуухан эзэгтэй бидэнд цай аяглаж барингаа “Манай гэр бүлийн хувьд энэ нутаг ус нь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, итгэл үнэмшлийн үнэт өв. Гэрийн хойхно, хятад кемптэй зэрэгцэн байрлах Цагаан дэлийн агуйн орой дахь Хар овоондоо бид сүү цагаан идээгээ өргөж, мал ахуйгаа даатган шүтэж ирсэн уламжлалтай. Цаг сайхан байхад өдийд манай Нард багийн малчид хаяа, хаяагаа залган зусландаа бууж сургуулийн хүүхдүүд цугларч, худаг, усанд  мал багширч, хонь, ямаагаа холбон сааж, үхэр, тугалаа ивэлгэн, идээ цагаагаа авч, адуу, мал янцгааж, таана, хөмүүл үнэртсэн, баян тансаг нь гайхагдсан нутаг байлаа. Харин өнөөдөр манайхаас өөр айл энд үлдсэнгүй дээ. Бөөн харын хонд өвөлжөөндөө аав минь хоёр худаг гаргаж эндээс холгүй Дэртийн хар өндөр хаваржаандаа тогтмол нутаглаж, мал маллах ухааныг нь өвлөж өссөн болохоор хаяад нүүх зүрх надад алга. Ашигт малтмал газрын тосны газраас олгосон зөвшөөрөлтэй гэх тойрон бүчсэн уурхайнууд манай нутгийг ямар аймшгийн болгосныг хараарай. Уг нь энэ газарт  Монгол Улсын тусгай хамгаалалтад авсан дэлхийд ганц Цагаан дэлийн агуй хүртэл өнөөдөр уурхайн тэсэлгээнд устаж сүйдэхэд бэлэн байна” гэж хэлээд нулимс дуслуулан ярьсан юм.

Эднийх уул уурхайн нөлөөлөлд өртсөнөөс хойш 11 дэх жилтэйгээ золгож байна. Айлсаж нутагласан 20 гаруй малчин өрх байсан ч тэд тэмцлийн нугачаанд цуварч нүүсээр үлдсэн нь эднийх.Энэ хугацаанд 1000 гаруй толгой мал нь цөөрсөөр 600 хүрэхгүй шахуу болжээ. Олон жилийн уурхайн ил задгай нүх, шуудуу, хаягдал ус, шүүрлийн байгууламж зэрэгт мал унаж хорогдох тохиолдол олон удаа гарчээ. Тухайлбал, 60 хонь нь гэнэт алга болсон бол хаягдал ус руу арав шахам нь унаж үхсэн байна. Уурхайнуудын хамгийн ойрынх нь эдний өвөлжөөнөөс  100-200 метрийн зайд бол холдоо нэг км орчимд байрладаг. Байнгын тэсэлгээнд малын чулуун хашаа, хороо нь нуржээ. Мөн тээвэрлэлт, тэсэлгээ эрчимжсэнээр малаа чөлөөтэй бэлчээх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байнгын айдас, дарамтад амьдрах болжээ. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд нядалсан малын дотор эрхтэнд хэвийн бус өөрчлөлтүүд тогтмол ажиглагдаж уушги нь усжих,хавиргандаа наалдах,давсаг чулуужих,элэг идээлэх,өлөн гэдэс нарийсах, цус өтгөрөх шинж тэмдэг илэрчээ. Мөн мал тоосжилтод удаан хугацаагаар бэлчсэнээс амьсгалын замын өвчлөл, нүдний үрэвсэл, биеийн доройтол зэрэгт өөрчлөлт орсон. Үүнээс улбаатай малын сүү, саалийн хэмжээ буурч, ноолуурын чанар муудаж зах зээлийн үнээр борлуулах боломжгүй болж малын тоо толгой бурснаар эдийн засгийн хохирол үүссэн байна. Энэ оны хавар гэхэд эдний мал нөлөөлөлгүй бүсийн малчны малтай хамт өвөлжиж улмаар  төллөх болсон. Гэтэл зөвхөн эдний мал хорогдож эхэлжээ. Дорноговь аймгийн мал эмнэлгийн лабораторид сэг, зэм болон хөрсний дээжээс шинжлүүлэхэд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүнд металлын бохирдлын нөлөөлөл байж болзошгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ.

 

Сүүлчийн малчных нүүвэл Цагаан дэлийн агуй устана

“Дунфанлума”, “Дугуй уул”, “Эм Си Ти Ти”, “Алтанбарга”, “Эклешия”, “Мөнхболор хүрээ”, хоёр тусгай зөвшөөрөлтэй “Талст бурхан”, “Хүрээдэл” зэрэг есөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй найман компани нийт 28 км2 талбайг хамран олборлолт хийж 25 км урт шороон зам үүсгэн хүдэр тээвэрлэсээр байна.

Гэрийн эзэн Л.Баттулга ярихдаа “Манай гэр бүлийн гишүүд уурхайгаас үзүүлэх дарамт,айдсаас болж сэтгэл зүйн түгшүүрт байдалд орж эрүүл мэндийн нөхцөл байдалд эрс өөрчлөлт орж хохирсон явдал олон гарч эдийн засгийн хохирол нэлээдгүйг амслаа.  Гэхдээ манайх эндээс нүүвэл энэ овоо, Цагаан дэлийн агуй бүгд сүйрч, мөхнө. Нүүсний маргаашнаас л уурхайнууд тэсэлгээ хийж үлдсэн энэ газар луу дайрч, ухахад бэлэн байна. Манай гэр бүл өнөөдрийг хүртэл нүүхгүй байгаагийн цаад учир нь нүүгээд 5-10 км-ийн зайд очсон ч эдгээр уурхайнуудын олборлолтын талбай, газар тэлсээр дахиад л бидний хаяанд ирнэ. Тэр үед бид хаачих уу. Өөр нүүх газаргүй болно. Улмаар нүүдэлчин ахуй соёл, мал маллаж амьдрах арга ухаан устана шүү дээ. Тиймээс одоо л уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлуулах хэрэгтэй байна” гэсэн юм. Цагаан дэлийн агуй дотроо хэд хэдэн том танхимтай, жижиг усан сантай, мөсөн унжлагуудтай, 1.2 км орчим урттай гэсэн мэдээлэл байгаа юм. Ер нь бол нууц нь тайлагдаагүй буюу бүрэн судлагдаагүй агуй. Ганцхан Монголд биш дэлхийд хосгүй байгалийн өвөрмөц тогтоцтой.

 

Тусгай хамгаалалттай газрын дунд найман уурхай олборлолт хийж байна

Дорноговь аймгийн Айраг сумын баруун Цагаан дэл бүлэг ордод жонш олборлох үйл ажиллагаа сүүлийн 20 орчим жилийн хугацаанд эрчимтэй явагдаж өнөөдрийн байдлаар Хятадын хөрөнгө оруулалттай АМГТГ-ын тусгай зөвшөөрөлтэй гэх найман уурхай энэ газрыг эзэлжээ. Тодруулбал, “Дунфанлума”, “Дугуй уул”, “Эм Си Ти Ти”, “Алтанбарга”, “Эклешия”, “Мөнхболор хүрээ”, хоёр тусгай зөвшөөрөлтэй “Талст бурхан”, “Хүрээдэл” зэрэг есөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй найман компани нийт 28 км2 талбайг хамран олборлолт хийж 25 км урт шороон зам үүсгэн хүдэр тээвэрлэсээр байна. Гэвч олборлолтын энэ бүс нь байгаль, соёлын болон орон нутгийн иргэдийн уламжлалт амьдралын онцгой үнэ, цэнтэй газар нутагтай давхцаж буй нь ноцтой асуудал үүсгээд байгаа юм.

Айраг сумын Засаг дарга С.Ганбаатар

Агуйгаас эдгээр уурхай 1-1.5 км зайтай. Бүрэн судлагдаагүй Монгол Улсын хамгийн урт, хамгийн гүн агуйнуудын нэг төдийгүй байгалийн хосгүй өв. Тус агуйг 2019 онд Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр УИХ-аас гарсан ч хамаарах талбайн координатын цэг нь эцсийн байдлаар албажихгүй уджээ. Учир нь олон уул уурхайн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцал үүссэн учраас 2025 оны есдүгээр сард эцсийн байдлаар тогтоосон байна. Ингэснээр нийт 116 га талбайг улсын тусгай хамгаалалтад авчээ. Айраг сумын Засаг дарга С.Ганбаатар холбогдох яаманд арван удаа хүсэлт гаргасны эцэст ийнхүү албажсан гэж байв. Хамгийн хачирхалтай нь анх уул уурхай эрхлэх зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар болон БОЯ тус бүс нутагт нөлөөлөлд өртөх малчин өрхийн өвөлжөө, хаваржааны цэг, тэр ч бүү хэл Цагаан дэлийн агуй, Хар овоо зэргийн талаар нэг ч үг өгүүлбэр тусгаагүй Байгаль орчныг үнэлгээг баталсан нь дээрх олон жилийн зөрчил, тэмцлийг үүсгэсэн аж. Энэхүү ноцтой зөрчил нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох хэдий ч АМГТГ одоо болтол цуцлаагүй явсаар иржээ.Нөгөөтээгүүр, уул уурхай  эрхлэх зөвшөөрөлтэй гэх дээрх компаниуд сэндийлсэн шороо овоолгодоо нэг ч нөхөн сэргээлт хийгээгүй, малын худаг, ус, бэлчээрийн замыг хаах, ус ашиглах тоолуурын заалт хяналтгүй, тэсэлгээг зөвшөөрөлгүй хийх, хүн, мал унаж эрсдэх нүх, усны далан зэргийг түрж булах, аюулгүй болгох зэргээр нэг ч үйлдэл хийгээгүй нийтлэг зөрчилтэй байсаар байна.

 

Малчдын оролцоогүйгээр батлагдсан БОНБ-ын үнэлгээ

Улсын тусгай хамгааллалттай Цагаан дэлийн агуй уурхайн тэсэлгээ, чичирхийллээр орох хэсгийн хад, чулуу цуурч, нуранги үүссэн, эрсдэлтэй нөхцөлд байлаа.

Харин иргэний нийгмийн байгууллагын тэмцлийн үр дүнд  энэ оны  зургаадугаар сард сумын Иргэдийн нийтийн хурлаар эдгээр уурхайнуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэлэлцэж батлах аж. Хэдийгээр малчид баг, сумынхаа ИНХ-даа ач холбогдол өгч ирдэггүй байсан бол сүүлийн үед  өөрсдийнх нь эрх ийнхүү зөрчигдөх болсон нь тэдэнд сургамж болж байгаа аж. Гэхдээ хуулийн дагуу тухайн компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хурал болохоос өмнө багийн иргэдэд өгч уншиж судлах хугацаа олгох ёстой ч одоо ч тэр байдал хангагддаггүй. БОНБҮ-ний тайлангуудын бүрдэл,чанар хангалтгүй, зарим аж ахуйн нэгжийн тайлан огт байхгүй, зарим нь хагас дутуу байдалтай байна. Айраг сумын Засаг даргын тамгын газарт дээрх найман компани болон бусад аж ахуйн нэгжийн 36 тайлан хадгалагдах ёстойгоос ердөө дөрвөн тайлан байсныг үзэхэд тухайн уурхайн төслүүдийн байгаль орчин нийгмийн нөлөөллийн талаарх иж бүрэн суурь мэдээлэл бүрдээгүй,олон нийтэд нээлттэй ил тод биш байв. Тухайлбал, “Эм Си Ти Ти”болон “Эклешия” компанийн тайлангуудад нөлөөллийн бүсийн малчин өрхийн бэлчээр ашиглалт, соёлын болон тахилагт газрын үнэ,цэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллийг иж бүрнээр нь судалж үнэлээгүй байжээ. Энэ нь нүүдэлчин малчин өрхийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн үнэ цэнийг үнэлэх, нөхөн олговор олгох суурь харьцуулалтын үзүүлэлтгүй болгожээ. Иймд уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүссэн эдийн засаг, нийгэм, соёл, эрүүл мэнд,сэтгэл зүйн болон уламжлалт амьдралын хэв маяг алдагдсан хохирлыг Олон улсын хүний эрхийн зарчим, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн тооцож нөхөн олговор олгох боломж байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 58 дугаар тогтоолын хавсралт 2-ын “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 2.4, 2.3 дах хэсэгт заасан нийгмийн үзүүлэлтүүдийг үндэслэн Олон улсын Хүний эрхийн хэм хэмжээний зарим,шаардлагад нийцүүлэн тооцсон байна.

 

Бид нөхөн олговрын төлөө биш, нутаг усныхаа төлөө тэмцэж байна

Айраг сумын ИТХ-ын төлөөлөгч малчин М.Бямбаахүү

Айраг сумын ИТХ-ын төлөөлөгч малчин М.Бямбаахүү ярихдаа "Төлөөлөгчийн хувиар уурхайн нөлөөлөлд өртсөн өрх болох Баттулгынд очиж ажиглалт хийсэн. Ингэхэд гурван даага услах гэж бид уурхайнуудын үүсгэсэн  шороо овоолго тойрч өдөржин явж байж усалсан. Уг нь гуравхан цагт хэдэн зуун хонь, ямааг сууриар нь усалдаг биз дээ. Энэ бол наад захын жишээ. Төр засаг гэж байдаг бол гаднын хөрөнгө оруулалттай замбараагүй уул, уурхайгаа цэгцэлж нүүдэлчин ахуй соёлоо тээж үлдэх гэж хичээж харийнханд нутаг орноосоо хөөгдөх хэмжээнд хүртлээ ядарч  байгаа энэ мэт ард түмнээ бодох цаг болсоон. Малчид бид  нутаг орондоо малаа маллаад тайван амьдрахыг хүсэж байна” гэж ярив.

Л.Баттулгын гэр бүлийнхэн зөвхөн нөхөн олговор авах гэж тэмцээгүй. Нутаг орондоо амар тайван малаа маллаад сайхан амьдрах боломж, нүүдэлчин ахуй соёлоо авч үлдэх, малчин удмаа таслахгүй байх, эцэг дээдсээс шүтэж ирсэн тахилгат уул овоогоо энэ хэвээр үлдээх туйлын зорилготой. Мөн Монголд төдийгүй дэлхийд гайхагдах Цагаан дэлийн агуйгаа авч үлдэх гэсэн мөрөөдөлтэй юм билээ. Биднийг агуйд очиход уурхайн тэсэлгээ, чичирхийллээр орох хэсгийн хад, чулуу цуурч, нуранги үүссэн, эрсдэлтэй нөхцөлд байлаа.

 

Хуулиар хамгаалагдаагүй газар, нутагт уур амьсгалын шударга ёс тогтох боломжгүй

Н.Баярсайхан

Энэ нутагт байгаль орчныг хамгаалахын  төлөө олон жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан ярихдаа “Энэ бүс нутагт малчин өрхийн хууль ёсны эзэмшлийн гэрчилгээтэй, 15 жилийн хугацаатай өвөлжөө, хаваржаа болон ундны зориулалтын хоёр худаг уурхайн нөлөөллийн бүсэд хамрагдаж байна. Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа нь улсын тусгай хамгаалалтад хамаарах байгалийн өв, соёлын болон шашин шүтлэгийн үнэт зүйлс, мөн малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон бэлчээрийн газартай давхцаж байгаа нь байгаль орчин, хүний эрх, нүүдэлчин соёлын өвийг хамгаалах үндсэн зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн жишээ болж байна. Энэхүү нөхцөл байдал нь уул уурхайн зөвшөөрөл олгох үйл явц хангалттай судалгаа, хяналтгүй явагдсан, байгаль орчин, орон нутгийн иргэдийн эрх ашиг, соёлын өв, түүнчлэн эдийн засаг, нийгмийн нөлөөллийн үнэлгээг бүрэн гүйцэд хийгээгүйтэй шууд холбоотой.

Үүний улмаас үүссэн сөрөг үр дагавар нь Монгол Улсад уул уурхай, хүний эрх, байгаль орчны хамгааллын асуудал хэрхэн огтлолцож буйг харуулсан томоохон жишээ гэж үзэж болох юм. Энэ бүхний суурь шалтгааны нэг нь нэгдүгээрт, Монгол Улсад нийгэм, соёлын нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин одоог болтол бүрдээгүйтэй холбоотой. Хоёрдугаарт, уул уул уурхай, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал, мал аж ахуйн салбар дундын тэнцвэр бүхий хөгжлийн бодлого төлөвлөлт байхгүй өнөөг хүрсэнтэй холбоотой” гэсэн юм. Малын бэлчээрийг нь, амь амьжиргааг нь, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь булааж байгаа уурхайнуудын эсрэг эдийн засгийн дарамтыг арилгахын төлөө тууштай тэмцэж буй хүний эрхийн хамгаалагчид болсон тус гэр бүл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх бүрэн боломжтой Цагаан дэлийн агуйгаа мөхөхөөс нь өмнө хамгаалж үлдэх нь юу юунаас чухал байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 108 (7850)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn