Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ

 

“Ижий бурхад”-ын хойморт Монголын зохиолч, сэтгүүлчдээс хамгийн анх Иракт үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч, бэлтгэл дэд хурандаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбын Баатарнумыг урилаа.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, бага залуугаасаа батлан хамгаалах, утга зохиол,  сэтгүүл зүй гэсэн гурван том салбарт нэр төртэйгөөр зүтгэсэн тэрбээр “Орлой гурван зээрд”, “Цагийн өнгө”, “Соёмбын зочид”, “Иракаас бичсэн тэмдэглэл”, “Арабад хөглөгдсөн омогшил”, “Он жилүүдийн дурсамж”, “Үнэг, туулайн үерхэл” зэрэг яруу найраг, баримтат уран зохиол, хүүхдийн 20 орчим номтой,  “Бодолд уяатай аав минь”, “Уянга дууны ээж”, “Босоо төрсөн хүлэг”, “Ханийн дуу”, “Дөчин таван оны намар”, “Сэтгэлд хургасан Дарьганга нутаг минь” зэрэг цэрэг эх орон, хүүхдийн сэдэвтэй 200 гаруй дуу, шүлэг, “Алмастай учирсан нь”, “Иракт өнгөрүүлсэн 190 хоног”, “Цэнхэр дуулгатны жимээр” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны болон баримтат кино, “Ёндон генерал”, “Иракт өнгөрүүлсэн 190 хоног”, “Африкийн халуун цэгт 10 хоног”, “Ассан гал шигээ дүрэлзэж явсан анд минь”, “Онцгой албаныхан”, “Буян дүүрэн нутаг мину”, “Ялалтын симфони удахгүй эгшиглэнэ” зэрэг томоохон хэмжээний болон бэсрэг 10 гаруй найраглал бичсэн уран бүтээлч юм. 

Г.Баатарнум гавьяат 100 нас дөхсөн сайхан ижий С.Цээхүүгийнхээ тухай ийн хөөрөв.

 

АНХНЫ “ХҮНДЭТ ЧЕКИСТ”-ИЙН ХАНЬ ШҮҮ ДЭЭ, МИНИЙ ИЖИЙ

-Миний ижий Санжаажамцын Цээхүү эгэл жирийн монгол эмэгтэй өдгөө 100 насны босгон дээр үр хүүхдээр өнөр өтгөн, энх тунх амьдарч байна.

Ижий 1928 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Модон гэдэг газар төрсөн. Гурван хүүхэдтэй айлын хоёр дахь охин. Аав нь лам хүн байсан гэдэг. Хэлмэгдэлд өртөөд эрт бурхан болсон юм билээ. Ямартай ч эгч С.Цэрэнбадам, дүү С.Шаравдорж хоёртойгоо хурга ишигний араас гүйж, малчны хүүхдүүдийн адил өсөж өндийснөө ярьдаг юм. Одоо гэхдээ ганцаараа үлдэж дээ.

 Ижий 1936 онд сургуульд ороод багын сэргэлэн, аливааг сурахдаа амархан, ном эрдэмд дуртай байсных долоодугаар ангиа онц төгсөөд 1943 оны намар Улаанбаатарт ирж Багшийн сургуульд орсон. Багш болохоор гурван жил сурснаа ярихдаа одоогийн Соёлын төв өргөөний хавьд дөрөвдүгээр сургуульд дадлага хийж байхдаа аавтай чинь танилцсан гэдэг юм.

 Бидний аав Сахьяагийн Гомбо тэр үед Одон тэмдэгт тусгай хороо буюу Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байж. Тэгээд аавтай минь гэрлээд Одон тэмдэгт тусгай хороонд бичээчээр орж гурван жил ажилласны дараа аавыг Өмнөговийн Овоотын отрядад хуваарилахад дагаад явжээ. Тэнд очоод бас бичээчээр ажилласан гэхээр ижий гайгүй боловсролтой нэгэн байсан байгаа биз.  

Аав минь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул. Хилийн цэрэгт алба хааж, эх орныхоо торгон хилийг манаж, тусгай үүрэг гүйцэтгэж явсан офицер, анхны “Хүндэт чекист” хүн. “Хилийн цаана тусгай үүрэг гүйцэтгэж явсныг нь та мэддэг байсан уу” гэж ижийгээс асуухад одоо ч ам чанга хэвээрээ. “Мэдэхгүй ээ, ажилд явлаа гээд олон хоногоор явчихаад ирдэг байсан” гэхээс илүүг хэлдэггүй байснаа аавын өвчнийх нь тухай ярихдаа халтихан дурсаад авч байсан юм.

Аав хилийн цаана үүрэг гүйцэтгэж, олзны япончуудтай ажиллаж явахдаа өвдсөн нь хүндэрч, хэчнээн эмчлүүлээд засрал аваагүй тул 1951 онд эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас бэлтгэл ахмад цолтой чөлөөлөгдсөн юм.

Тэр цагаас манайх аавын төрсөн нутаг Баяндэлгэрт суурьшиж, Харваах, Эргэнэ бууц, Гүн гуу, Хаахар, Аниухай гээд нэр нь хүртэл шүлгийн шад мэт сайхан нутагт ижий минь 50 гаруй жил амьдарч, үр хүүхдээ өсгөж өндийлгөсөн. Аавыг өнгөрсний дараа ижийг нутаг руугаа авч явна гэж дүү нь хоёр ч удаа ирснийг би мэдэх юм. Ханийнхаа нутагт төрсөн мэт ижилдэж, хүүхдүүдээ хүн болгосон болохоор ижий Баяндэлгэр сумаасаа холдох дургүй байсан биз. Харин нас нь дал нэлээд хол гарсан хойно Дорнод аймагт ажиллаж амьдардаг миний дээд талын эгч Алтангэрэл ижийг өөр дээрээ авч, ноднингоос хүүхдүүд рүүгээ ойртож, хотод том эгч Алтанцэцэгийн минь асрамжинд ирсэн.

 

ААВЫГ ЭЗГҮЙ ХОЙГУУР АГЕНТЫН АЖЛЫГ НЬ ДАВХАР ХИЙНЭ

 

-Ижий арав төрсөн ч эхний хоёр нь хүн болж чадаагүй юм билээ. Би нэг ах, хоёр эгч, дөрвөн дүүтэй. Ах эгч, дүү нарын эрэгтэй нь Батбилэг, Бат-Эрдэнэ, Батсайхан гээд Бат орсон нэртэй. Охид нь Алтанцэцэг, Алтангэрэл, Мөнгөнцэцэг, Энхцэцэг гэж нэртэй. Харин би ганцаараа Баатарнум гэж нэр авсан нь учиртай гэдгийг ижийгээсээ сонссон юм. 

1957 оны тахиа жилийн хавар манайх Харваах нэртэй газар нутаглаж байхад нутгийн уран дархан “Омбоо” Содном гэж хүн адуу мал хайж яваад манайхаар бууж. Тэгэхэд ижий төрөх дөхчихсөн, өнөө юу, маргааш уу гэж байсан цаг гэнэ. Содном гуай хоол цай идэж уугаад амарч тухлаад мордохынхоо өмнө аавд  “Хүү гарвал баривчинд нь зүүж өгөөрэй” гээд жижигхэн мөнгөн нум сум өгчээ. Төд удалгүй ижий өвдөж, би төрсөн. Аав минь цэргийн хүн, дээр нь миний төрсөн газрын нэр Харваах, бас буугаад мордсон уран хүний үлдээсэн бэлгэдлийг бодоод надад Баатарнум гэж нэр хайрласан юм билээ. 

Насаараа үр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн бидний ээж хэзээний хөдөлмөрч хүн. Зүгээр сууна гэж байхгүй. Аавыг Баян бригадын агент байхад 1965 онд өөрийн хүсэлтээр 100 төллөх хонь аваад, төлийг нь бүрэн гүйцэд бойжуулж нэгдэл, нийгэмдээ өгч байсан.

Аавыг эзгүй хойгуур агентын ажлыг нь давхар хийнэ, дөрвөн аргын тоо, хуучин монгол бичигтээ гаргууд учраас түүртэнэ гэж байхгүй дээ. Аавыг насан эцэслэснээс хойш айлын хамжаанд очиж, цөөнгүй жил мал төллүүлсэн. Бид хаврын амралтаар очоод ижийдээ дэм болж молоконы лаазанд суурилуулсан “Лаан гэрэл” бариад л шөнөжин хурга, ишиг зөөдөг сөн. Гэр тэр чигтээ л хурга, ишгээр дүүрчихнэ. Ижийдээ тусалж байгаа болохоор ч тэр үү, бидний хэн нь ч ядарлаа, зүдэрлээ гэж хэлж үзээгүй.

Ижий хэзээний цэвэрч, цэмцгэр хүн. Өглөө эрт босно, биднийг ч босгоно, нойроо харамлаад ч нэмэргүй. Ор дэрээ хурааж, гэр орноо цэвэрлэсний дараа цай ундаа уухаар сууна. Түүнээс өмнө хэн ч аяганд хүрдэггүй дэгтэй өссөн дөө, бид.

Ингэж биднийг ажилтай анхиатай болгож өсгөхийн зэрэгцээ ном эрдэмд шамд, мэргэжил мэдлэгтэй бол гэдгийг багаас минь ойлгуулсан. Гэхдээ хэнийг нь ч чи ийм мэргэжилтэй бол, тийм ажил хий гэж байгаагүй дээ.

 

ЭЭЖИЙН БОР АВДАР ХООСОН БАЙНА ГЭЖ ҮГҮЙ

Ээж минь үр хүүхдүүдтэйгээ.

-Миний хувьд ижийгээсээ холдож үзсэн нь сургуульд суухаар сум руу явсан өдөр. Есдүгээр сарын 1-нд өдөр нь хичээл сургууль гээд олон хүүхэдтэй бужигнаад юу ч анзаараагүй би орой болж орондоо орсон хойно ижийгээ санаад уйлсан. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд мэгших намайг хажуугийн орон дээр унтаж байсан хоёрдугаар ангийн Лантуу сэрээд аргадаж билээ. Надаас нэг л ах хэрнээ ижийгээ санаж байгааг минь ойлгоод тайвшруулсан нь тэр. Бидний үеийнхэн хар багаасаа нэг нэгэндээ тусладаг, дүү нараа халамжилдаг хүмүүжилтэй болдог байв.

Тэгэхэд ах, том эгч хоёр хуучнаар Байшинтын дивиз, хожмоо Хонгор сумын дунд сургуульд, би дээд талынхаа эгчтэй хамт Баяндэлгэр сумынхаа бага сургуульд сурч байв.

Дотуур байранд гэрээс эргэлт ирэх хамгийн гоё. Даанч аав Баян бригадын агент байсан учраас хааяа л ирнэ. Ирэхдээ ижийгийн шар тосонд багсарсан ээзгий ааруул, хайрсан боорцог, бас агентын чихэр жимс гээд л зөндөө амттай зүйл авчирна. Түүнийг нь найз нөхөдтэйгөө хуваагаад идчихнэ. Харамлана, цааш нь нууж хадгална ч гэж байхгүй. Ер нь сургуулийн дотуур байраар хүмүүжсэн хүүхэд хамтач нийтэч, нөхөрсөг тусархуу, бас ажилсаг болдог жамтай л даа.

Миний мэдэхийн манай гэрийн зуух, тогоо өглөөнөөс үдэш хүртэл бараг л салдаггүй айл байв. Адуу мал хайсан, нүүдэл суудал хийсэн, элдэв явуулын хүн ирэх болгонд цай, хоол болж, ирсэн явсан улс, айл саахалтын хүүхэд, томчууд хэн ч байсан алгыг нь тэнийлгэнэ. Ээжийн бор авдар хоосон байна гэж үгүй.  Одоо ч бид ижийгээ хүний гар дээр тавих юмтай байг гээд очихдоо чихэр жимс гээд дуртай зүйлийг нь аваачиж өгдөг юм.

 

ИЖИЙ ОДОО Ч ГАДААД МЭДЭЭ СОНСОНО, СҮМО ҮЗНЭ, ХӨЗӨРДӨНӨ

Ээж С.Цээхүү, эхнэр Л.Лхамрагчаагийн хамт.

-Ижий залуугийн их сэргэлэн хүн. Ажлыг их амархан хийчихдэг. Ер ядарч зүдэрч байна гэхгүй шүү дээ. Биднийг ажлын аргыг нь олж хий гэж сургадаг байв. Бас хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандвал зүдрэхгүй гэнэ.

Ном, сонин уншина, радио их сонсоно. Сургуулийн амралтаар гэртээ харихад ижий биднээс олон улсын байдал, орчлон хорвоогийн энэ тэрийг асууж шалгалт авч байгаа юм шиг л шалгаана. Америкийн Ерөнхийлөгч Рейган гэж ирээд л асууна. Заримд нь мад сууна. Гэхдээ ижий бүгдийг аль хэдийнэ мэдчихсэн байдаг юм.  Биднийг багад манайх “Эх орон 52” гэж хүлээн авагчтай байсан. Сүүлд “ВЭФ” радио ижийд хань болж, хорвоогийн сонин сайхнаас дуулгадаг болохоор биднээс илүү мэдээлэлтэй байдаг сан.

Зуун нас дөхсөн ижий минь одоо ч ухаан саруул, заримдаа биднээс ч илүү  гадаад мэдээг байнга сонсож, бүр үнэлэлт дүгнэлт өгч суудаг юм. Сүмо бөх үзэх дуртай, том аваргуудыг нэрээр нь мэднэ. Хуучин монгол бичгээр хачин сайхан бичнэ. 2018 онд 90 настай байхдаа Дорнодын ЗДТГ-аас зохион байгуулсан “Худам монгол бичиг”-ийн уралдаанд оролцоод гуравдугаар байрт шалгарч, шагнал урамшуулал авсан хүн шүү дээ. Гитар, мандолин тоглочихно. Залуудаа оросоор ойр зуурын юм ярьчихдаг байсан. Хөзөрт их дуртай. Бид ч цаг гарган очиж ижийтэй хөзөр тоглодог юм. Хол байхад тэр бүр очоод байж чадахгүй, цагаан сар, наадам гэж баяр ёслолоор л очдог байсан бол хотод ирснээс нь хойш амар болсон. Сая Хүүхдийн баяраар цуглаж ижийтэйгээ жаал хөзөрдсөн.

 

БУРУУ ХЭРЭГ ХИЙВЭЛ ИЖИЙГИЙН НАРИЙН СУРНЫ АМТЫГ ҮЗНЭ ШҮҮ ДЭЭ

Энэ зургийг 1964 оны наадмаар авахуулсан. Ижий бид хэдийг дагуулаад явж байхад аймгаас ирсэн зурагчин таараад авч өгснийг санадаг. Ах, аав хоёр байгаагүй таарсан.

-Намайг дөнгөж гуравдугаар ангид орсон жил 1969 онд аав минь бурхан болж, ижий найман өнчин хүүхэдтэй үлдэхэд ах 18 ч хүрээгүй, том эгч Багшийн сургуулийн хоёрдугаар курсын оюутан, би дөрөвдүгээр анги, миний дээд талын эгч зургаадугаар ангид, дүү нарын зарим нь сургуульд ороогүй, хамгийн бага дүү ижийгийн гэдсэнд үлдсэн. Аавыг бурхан болсноос хойш сар хүрэлгүй төрсөн отгон дүү минь одоо Төмөр замд илчит тэрэгний машинч хийдэг.

Цэл залуу 41-хэн настай үлдсэн ижий минь ёстой л гэрт орж эм, гадаа гарч эр болж биднийг хүн болгосон. Одоо бодоход бид ижийгээсээ л эмээхээс биш аав бол уурлаж уцаарлана гэж мэддэггүй хүн байсан санагддаг. Буруу хэрэг хийвэл ижийгийн нарийн сурны амтыг үзнэ шүү дээ. Тэгэхээс ч аргагүй байсан биз. Би л гэхэд багадаа хөдөлгөөнтэй нөхөр байсан л даа. Бригадын төвийн үе тэнгийн хэдэн хүүхэдтэй нийлээд аавынхаа агентаас хатаасан жимс, печень, чихэр тоодгор дээлийнхээ энгэрт дүүргэж аваад л гарч өгдөг байв. Өдөржин бригадын төвийн хэдэн байшинг тойрч байлдаж тоглоно. Заримдаа нударга зөрүүлцгээнэ. Агентын гадаа уул овоо шиг хураасан хонины ноосон дээр үсэрч харайж, шуудайг нь задалж орхиод энд тэндгүй хөглөрсөн ноос болгочихно.

Ижийг дуудахад ч очихгүй “том толгойлж” байгаад оройхон нар буухын хэрд хувалз, шалзанд баригдсан амьтан гэртээ орно. Ижий ч хэд  сайн ороолгоно доо. Тэгж нэг номондоо ордог байв.

Нэгэн хөгтэй явдлыг бодохоор одоо ч инээд хүрээд байдаг юм. Бидний ах Батбилэг хуучнаар ЗХУ-ын Новокузнецк хотын Барилгын сургуульд явж нэг жил сураад, амралтаараа гэртээ ирсэн 1967 оны зун юм. Манай нутгийн С.Улаан гэж ах  орос цэргийн хэдэн даргатай гэртээ ирж амарсан. Бид ч анх удаа орос хүнийг, тэр дундаа орос цэргийн даргыг ойроос харж байгаа болохоор сонирхоод л. Ах Орост нэг жил сурсан  учраас ойр зуурын ярианы хэлтэй болсондоо ч тэр үү, байсхийгээд л тэдний рүү очно.  Тэгээд тоодогны мах идүүлэх юм болоод аавын калибрыг авч гараад нэгийг эд бад хийж. Манай нутагт тоодог, тогоруу элбэг л дээ. Агнасан шувуугаа яаж чанах вэ гэж байтал азаар ижий ус авахаар явах болов. Худаг хол, бараг гурван км тэмээн тэргээр явж усанд хүрдэг байсан юм. Ижийг эзгүйд амжаад махаа чанаад бидэнд жаахныг амсуулаад орос дарга нарт өгөхөөр явсан. Их л сайхан амттай байж билээ. Ижий ч ирлээ, хэнээс ч юм бараг том эгч л хэлсэн байх тоодогны хэргийг мэдчихэж.  Ах ч ороод ирлээ. Ижий “Тогоо шанага бузарлалаа” гээд л шанагаараа ахыг цохиж, гэр тойруулан хөөж бөөн юм болж билээ.

 

ИЖИЙДЭЭ ЗОРИУЛСАН ШҮЛЭГ НАДАД ОЛОН БИЙ

1980.6.29-нд Д.Сүхбаатарын талбайд ЦЕДС төгсөж, офицер болоход ээжийн хамт хүргэн ах, зохиолч С.Дүйнхор, ах Г.Батбилэг, эгч Г.Алтанцэцэг, гэргий Л.Лхамрагчаа, бэргэн эгч Г.Энхтуяа, дүү Д.Батхүү цэргийн сургуулийн анд Г.Энхбаатар, дүү Г.Батсайхан нарын хамт.

-Зургаадугаар ангийн сурагч байхдаа

Ногоорон харагдах хөдөө нутгаасаа

Ном сурахаар явлаа, хүү чинь

Хавар хүү нь эргээд ирнэ ээ

Хайртай ээж минь сайн суугаарай ...хэмээн шүлэг зохиосноо гавьяат жүжигчин Д.Банзрагч гуайн дуулдаг “Сүүн цагаан сэтгэл” дууны аянд тааруулан дуулж явдаг байлаа.

Үзэг, цаас нийлүүлэн бичиж, нийтлүүлж явдаг болсноос хойш ижийдээ гэж шүлэг, хөрөг тэмдэглэл бичиж, заримыг нь номонд оруулсан. Мөн овоо хэдэн дуу бий. 

Анхных нь Н.Чулуунхүү гавьяаттай хийсэн “Зүүдэнд тодрох ээж минь”. 1994 оны намрын нэг хуйсганасан өдөр ижийгээ санаад. Тэгэхэд ижий бага дүүтэй хамт Баяндэлгэрт байсан юм. Шөнө унтаж байсан ижийгээ зүүдлээд сэрчихээд хэвтэж байтал үг нь ороод ирсэн. Хурдхан шиг босоод тэмдэглэж авсан мөрүүдээ маргааш нь жаахан янзлаад Н.Чулуунхүү гавьяатад өгч ая хийлгэсэн.

Нэг өдөр гавьяат Н.Чулуунхүү хөгжмийн зохиолч урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр, Ч.Сангидорж хоёртой дөрөө нь чангарчихсан улс манай “Улаанбаатарын сонин”-ы редакцид орж ирлээ. Тэр үед Д.Баттөмөр ах миний ширээн дээрээс “Уянга дууны ээж” гэж шүлгийг минь аваад “Энэ харин хөөрхөн дуу болчихоор юм биш үү, ах нь авъя” гэснээр сайхан аялгуутай тэр дуу төрж Э.Саран гэж дуучин “Алтан намар” хөгжмийн наадамд дуулж байлаа. Э.Сарангийн дуулснаар Монголын радиогийн Алтан фондод байдаг юм.

Дуу, шүлэг бичсэнээ ижийд уншиж өгнө. Ижийгийнхээ баярлахыг нь харах дуртай. Гэхдээ дуунуудаас минь Б.Пүрэвсүрэнгийн хөгжим “Сүүн сэтгэлт ээж”-ийг илүү таашаана. Цэргийн чуулгын Даваадорж гэж залуу дуулсан, клиптэй болохоор телевизээр ч их гардаг юм. Гарах бүрт нь “Миний хүүгийн хийсэн дуу” гээд л хардаг гэсэн. Үүнээс гадна “Ижий сэтгэл”, “Ээждээ өргөх дуу” зэрэг хэд хэдэн дууны шүлэг бичсэн. Зарим нь ч ая дангаа олоогүй л байна.

 

Ярианыхаа төгсгөлд би түүнээс ижийгээ хэзээ хамгийн ихээр баярлуулсныг нь асуухад “Өнгөрсөн цагаан сарын битүүнд ижийгийн 99, өөрийнхөө 69 насан дээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэж эрхэм цол хүртэж, Ерөнхийлөгчөөс шагналаа гардахад минь хамгийн их баярласан хүн миний ижий. “Миний хүүг үнэлнэ гэдгийг ижий нь мэдэж байсан юм” гэж байсан” хэмээсэн. Мөн энэ зун зуун насных нь босгон дээр ижийгээ аваад төрсөн нутаг Хэнтийн Баянхутаг сумын Хөхөл хайрхан, насаараа амьдарсан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынх нь Эргэнэ усны гол руу очно гэж бодож байгаа. Нас нь өндөр болохоор ядрах болов уу гэж зовох ч ижий нь дотроо дуртай бололтой “Хүүхдүүддээ ажил удчих вий дээ” л гэж суугааг нь дуулгасан. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 106 (7848)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn