“Буддизм ба шинжлэх ухаан үзэсгэлэн” Чингис хааны музейд энэ зургадугаар сарын 2-нд нээлтээ хийсэн.  Дилав хутагт сан, Чингис хаан Үндэсний музей, Энэтхэгийн Драмасала дахь Төвөдийн номын сан, архив, сүм хийдэд зориулсан шинжлэх ухааны төв, Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийд зэрэг шашин, соёл, шинжлэх ухааны байгууллагууд хамтран зохион байгуулсан энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр урилгаар оролцож, “Хоёр танин мэдэхүй:  Бурханы шашин ба Шинжлэх ухаан” илтгэл тавьсан. Уг илтгэлийг “Зууны мэдээ” сонин бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэм хүндэт лам, хуврагууд аа,

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,

Та бүхнийхээ энэ өглөөний амар мэндийг айлтган мэндчилье.

Зуун зууны зайтайгаар хоёр аянчин нэгэн газар нутаг буюу бодит ертөнц, түүний доторх бидний оршихуйг таньж мэдэх, зураглахаар аян замдаа гарсан гэж төсөөлөн бодоцгооё.

Нэг нь эртний аянчин. Тэрээр модны сүүдэрт залран сууж, анхаарлаа дотогшоо хандуулж, өөрийн сэтгэлийн урсгалыг гайхамшигтай тэвчээртэйгээр ажиглана. Харин нөгөөх нь орчин үеийн аянчин. Тэрээр дуран, бөөмийн хурдасгуур бүтээж, анхаарлаа гадагшаа хандуулан ертөнцийг нарийвчлан хэмжинэ.

Эхнийхийг нь та бид Бурханы шашин гэдэг. Хоёрдохыг нь Шинжлэх ухаан гэнэ.

Эрт дээр үеэс, ялангуяа Өрнийн ертөнцөд, энэ хоёр аянчин хоорондоо дайсагналцдаг хэмээн үздэг байсан, нэг нь сүсэг бишрэлийг, нөгөө нь учир шалтгааныг төлөөлдөг гэлцэн хооронд нь сөргөлдүүлэн тавьдаг байсан.

Гэвч үнэн хэрэгтээ энэ хоёр аянчин бол дайснууд биш юм. Тэд бол нэг л бодит байдлыг таних гэж хоёр өөр замыг сонгосон аянчид билээ. Энэ сайхан өглөө та бид энэ хоёр аянчны замаар хамтдаа алхаж, тэдний зам хаана зэрэгцэж, хаана салж, чингэхдээ аз жаргал, мөнхийн амьдрал ба ёс суртахууны талаар бидэнд юу зааж номлодгийг хамтдаа харъя.

Нэгэн ижил эрэл хайгуул

Юуны өмнө тэдний нийтлэг талаас эхэлье. Тэдний нийтлэг тал хүмүүсийн төсөөлдгөөс хамаагүй илүү билээ.

Бурханы шашин ч, шинжлэх ухаан ч аль аль нь хэн нэгэн эрх мэдэлтэн хэлсэн болгонд нь сохроор итгэхээс татгалздаг. Бурханы шашинд энэ зарчмыг бүр хатуу баримталдаг, учир нь Бурхан багш өөрөө шавь нартаа хандан: миний номлолыг зөвхөн надад хүндэтгэлтэй ханддагийн учир хүлээн зөвшөөрөх хэрэггүй шүү. Харин уран дархан хүн алтыг зүсэж, үрж, шатааж сорьдгийн нэгэн адил миний сургаалыг өөрийн туршлагаараа сорьж үз, тэгээд үнэн нь батлагдвал дагаж баримтлаарай хэмээн сургасан байдаг.

Шинжлэх ухаан мөн адил үүнтэй төстэй зүйл хэлдэг: ямар ч таамаглал, онол хөдлөшгүй үнэн биш, бүгд нотолгоогоор батлагдах ёстой, шинжлэх ухааны хувьд ямар ч эрх мэдэл ажиглалт, туршилтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэж үздэг.

Нөгөө талаар энэ хоёр хоёулаа учир шалтгаанд тулгуурладаг. Бурханы шашны гол сургаал болох шүтэн барилдахын ёс нь юм бүхэн өөрөө бус, харин учир шалтгаан нөхцөлийн улмаас үүсэж, нөхцөл нь өөрчлөгдөхөд замхардаг гэж айлддаг. Шинжлэх ухаан үндсэндээ яг үүнийг буюу юу юуг бий болгодог вэ, яагаад вэ гэдгийг судалдаг гэж хэлж болно.

Түүнчлэн хоёулаа бодит ертөнцийг тасралтгүй урсгал хэмээн дүгнэдэг. Бурханы шашин мөнх бус-ыг номлодог, тодруулбал мөнхийн, өөрчлөгдөшгүй юм гэж үгүй, зөвхөн үүсэх ба замхрах үйл явц байна хэмээн үздэг.

Атомын гүн рүү ширтэж байгаа физикч мөн адил тогтуун бөмбөлгүүдийг бус тэдний байнгын хөдөлгөөнийг харж, магадлал дэвшүүлж, тэр нь туршилтаар батлагдвал онол болдог байна, ийм учир бодис нь нэр үг гэхээсээ илүү үйл үг ажээ.

Далай лам Шашин ба Шинжлэх ухааны хоорондын харилцааны тухай гайхмаар зоригтойгоор айлдсан байдаг. Тэрээр “Хэрэв шинжлэх ухааны судалгаа Бурханы шашны аль нэг сургаал худал болохыг нотолбол Бурханы шашин тэр хэсэгтээ өөрчлөгдөх ёстой, тэр буруу итгэлээ орхих ёстой” гэж хэлжээ. Өөр ямар шашны төлөөлөгчид олон зуун жил дагаж, баримталж ирсэн уламжлалдаа баригдалгүй ингэж хэлж зүрхэлсэн бэ?

Дээр дурдсан хоёр аянчны нийтлэг тал нь энд гарч ирж байна. Энэ бол олон зуун жил хуримтлагдсан эрх мэдлээрээ далайлган дандаа зөв байхыг хүсэхээс илүү ямагт үнэний талд түүнийг хайрлан номлодог сэтгэлтэй, ухамсартай байх нь илүү чухал гэдэг зарчмыг баримтлахын тухай юм.

Аз жаргалын тухай

Одоо энэ хоёр аянчны зам салж эхлэхийг хамтдаа ажиглая. Яриагаа Аз жаргалаар үргэлжлүүлье.

Шинжлэх ухаан Аз жаргалыг хэмжиж болно гэж үздэг. Сэтгэл судлаачид санал асуулга авч, мэдрэл судлаачид тархийг скан хийж, эдийн засагчид түүнийг орлого, эрүүл мэндээр дүгнэж, нийгэм судлаачид хүмүүс хоорондын харилцаа, нөхөрлөлөөр хэмжинэ.

Харин орчин үеийн судалгаанууд нэгэн сонин зүйлийг олж илрүүлсэн байдаг. Энэ бол та бидний үндсэн хэрэгцээ хангагдсаны дараа түүнээс илүү их баялаг, илүү их хөрөнгө, илүү их таашаалын хойноос хөөцөлдөх нь урт удаан үргэлжлэх тогтвортой баяр баясгаланг авчирдаггүй гэдгийг. Шинэ байшин, шинэ баялаг дахин шинэ байшин, шинэ баялаг, эд хөрөнгийг хүсэх хүслийг хүчтэй өдөөдөг. Судлаачид үүнийг "таашаалын эцэс төгсгөлгүй зам" гэж нэрлэдэг. Хүмүүс энэ замаар гүйж байдаг ч нэг л байрандаа зогссон хэвээр байдаг юм. Аз жаргал бол эд баялаг хураахын нэр огт биш ажээ. Харин энэ үнэнийг ойлгох нэгэн байхад, ойлгохгүй олон байна.

Сонирхолтой нь Бурханы шашин энэ үнэнийг хорин таван зууны өмнө олж дүгнэсэн байна. Бурханы ном сургаалын гол цөмд нь зовлон бол шунал тачаалаас үүсдэг хэмээх онош байдаг. “Би” хэмээх үзэл зөвхөн шунал тачаалыг өдөөнө, харин шунал тачаал бол хэзээ ч тайлагдахгүй цангаа юм. Өөрийн төлөө бус харин бусдын төлөө гэсэн сэтгэлтэй болбол шунал тачаалын цангаа тайлагдах аж.

Бурханы шашин энэ бодит үнэнийг ухаарахыг зааж номлоно. Энэ ном сургаалыг сонсох нэг хэрэг, харин түүнийг тэвчээртэй сурах, судлах, баримтлах нь хамгийн чухал болно.

Энд манай хоёр аянчны зам дахин зэрэгцэж ирнэ: удаан хугацаагаар бясалгал хийдэг хүмүүсийн тархийг судалж үзэхэд, тархины сайн сайхан байдал, амар амгалантай холбоотой хэсгүүдэд хэмжигдэхүйц, тогтвортой өөрчлөлт гарсныг илрүүлсэн байна. Шашны бясалгагчийн дотоод мэдрэмж, эрдэмтний гадаад багаж энэ туршилт дээр санал, дүгнэлт нийлж байна.

Мөнхийн амьдралын тухай

Мөнхийн амьдралын тухай асуудал дээр хоёр аянчны зам эрс салдаг. Шинжлэх ухаан үхлийг шийдвэрлэх ёстой асуудал гэж үздэг. Тэд хүний наслалтыг уртасгаж, өвчинтэй тэмцэж, зарим нь хөгшрөлтийг бүрэн ялах, бүр ухамсрыг биеэс гадуур тусад нь хадгалахын тухай мөрөөддөг. Энэ эрмэлзлийн гүн хүсэл нь "би"-г уртасгах, "би" хэмээхийг улам урт удаан, эцэстээ мөнх үргэлжлүүлэх явдал юм. Энэ бол мухардлын зам мөн билээ.

Харин Бурханы шашин энэ асуудал дээр үнэхээр дэвшилтэт алхам хийдэг юм. Тэр "би"-г уртасгахыг хичээдэггүй. Харин уртасгах ёстой хөдөлшгүй "би" гэж байдаг эсэхийг асуудаг. “Би” үгүй-н сургаал нь та бидний "би" хэмээн нэрлэдэг зүйл бол тогтсон, хувиршгүй цөм бус, харин урсаж буй үйл явц гэж сануулдаг. Тиймээс Бурханы шашин хувь хүний “би”-гийн мөнхийн амьдралыг хүсэх хүслийг зовлонг үүсгэдэг тэрхүү шунал тачаалын өөр нэг хэлбэр гэж үздэг.

Энэ дашрамд “Карма” буюу “Үйлийн үр” хэмээх дахин төрөхийн тухай санаа ихэвчлэн буруу ойлгогддогийг хэлэх нь зүйтэй болов уу. Бурханы шашин мөнхийн сүнс нэг биеэс нөгөөд үсрэн ордог, амьдрал болгон гадаад паспорт дээр дарсан янз бүрийн тамгануудын дардасны цуглуулга гэж сургадаггүй. Харин нэг лаа нөгөө лааг асаах мэт учир шалтгааны шүтэлцээний тухай номлодог, тодруулбал, шинэ дөл нь хуучин дөлтэй ижил ч биш, тэс өөр ч биш, харин хоорондоо учир шалтгааны нарийн нандин холбоотой гэж үздэг. Эцсийн зорилго нь энэ үйл явцыг мөнхөд үргэлжлүүлэх буюу хүн мөнх зовлонд байх явдал биш, харин энэ хүлээснээс ангижрах, шунал тачаал байнга төрдөг тэр зовлонгийн эргэлтийг гэтлэх явдал маш чухал юм.

Энэ сонин эсрэгцлийг бодоод үзээрэй. Шинжлэх ухаан амьдралыг уртасгаж үхлийг ялахыг хүснэ. Харин Бурханы шашин үхлийн айдсыг гэтэлж, түүнээс эмээдэг "би"-гийн үхэхээс айдаг айдсын гинжийг сулруулан тастаж үхлийг ялахыг хүснэ.

Ёс суртахуун ба үнэт зүйлсийн тухай

Эцэст нь магадгүй хоёр аянчныг нэг нэгээс нь ялгаруулж байгаа хамгийн том ялгаа болох ёс суртахуун хэмээхэд тулж ирж байна.

Шинжлэх ухаан мөн чанарынхаа дагуу үнэт зүйлсийн талаар нэг их дуу чимээ гаргадаггүй. Тэр юу болж байгааг хэлдэг, харин юу байх, ямар байх ёстойг тэр болгон хэлдэггүй. Атомыг хэрхэн задрахыг хэлж чадна, гэхдээ бид олон хүний амь насанд хүрдэг бөмбөг хийх үү, эсхүл олон хүнийг гэрэл гэгээтэй болгодог цахилгаан станц барих уу гэдгийг тодорхой хэлдэггүй. Энэ бол шинжлэх ухааны алдаа гэхээсээ илүү мөн чанар нь юм. Гэвч энэ мөн чанар нь асар том, ихээхэн аюултай зай завсар үлдээдэг, шинжлэх ухаан та бидэнд ололтыг нь хэрхэн ухаалгаар ашиглахыг номлодоггүй, харин асар их хүчийг та бидний гарт бариулдаг.

Бурханы шашин яг тэр зай завсарт зогсож байдаг гэж хэлж болно. Түүний зам бол эхнээсээ эцэст нь хүртэл замнах үнэт зүйлсийн зам юм. Түүний ёс суртахуун нь хэн нэгний дээрээс тулгасан дур зоргын тушаал биш, харин хүмүүний ертөнцийн бодит байдлын талаарх үзэл санаанаас шууд урган гарсан сургаал юм. Хэрэв тусгаарлагдсан, тусдаа "би" гэж үгүй бол, хэрэв юм бүхэн бие биеэ шүтэн үүсдэг юм бол таны зовлон, миний зовлон нэг нэгээсээ тус тусдаа биш юм хэмээхийг номлодог. Ийм үзлийн үүднээс тайлбарлавал нигүүлсэх нь зөвхөн сэтгэл хөдлөл төдий зүйл биш, харин билиг ухаантны бодит байдлыг тодорхой харахад зайлшгүй төрдөг жам ёсны сэтгэл юм. Шүтэн барилдлагыг үнэхээр ойлгосон хүнд бусдад хор хүргэх нь өөрийн гараа тастуулахаас илүү хачин санагдана.

 Энд л манай хоёр аянчин бие биедээ хамгийн их хэрэгтэй болдог. Шинжлэх ухаан та биднийг ертөнцийг болон өөрсдийгөө мэдэх мэдлэг, мэдээллийн их хүчээр хангадаг. Гэвч билиг ухаангүй хоосон мэдлэг, мэдээллийн их хүч бол хүрсэн бүхэндээ аюул занал учруулна.

Бурханы шашин, шинжлэх ухааны мөн чанараараа өгч чадахгүй тэр хариултыг өгдөг. Энэ бол хүмүүс хэрхэн амар амгалан амьдрах вэ, яагаад сайн байх ёстой вэ гэдгийн хариулт гэсэн үг юм.

Товчоор хэлбэл Шинжлэх ухаан ертөнцийг тайлбарладаг, Шашин мөн адил ертөнцийг тайлбарлана, гэхдээ ёс суртахуунтай нь хамт, тэр ертөнц дотор юу хийхийг зааж номлодог билээ.

Төгсгөл

Тиймээс энэ хоёр аянчныг хооронд нь дайсагнуулан дайтуулах хэрэггүй. Энэ хоёр аянчныг уулзуулах, нөхөрлүүлэх зайлшгүй хэрэгтэй цаг үе тулан ирсэн байгааг ухаарцгаая.

Манай зууны агуу сорилт бол мэдлэг ба билиг хоёрын хооронд аль нэгийг нь сонгох сонголт хийх явдал биш. Харин тэдгээрийг учирлуулах явдал юм. Та бидний мэдлэг, мэдээлэлд тулгуурласан үйлдэх хүч хязгааргүй өсөхийн хэрээр тэр их хүчийг хэрхэн үйлдэх тухай зааж номлодог билиг ухаан маань байнга хань болон хамт байх ёстойг ухаарах нь туйлын чухал байна.

Хоёр аянчин. Хоёр зам, гэхдээ нэг л газар нутаг, нэг л ертөнц. Та бид энэ хоёр замыг хамтад нь туулж, хамтад нь ухаарч чадвал аливаа айдас, шунал тачаалаас салан ангижирч, “би” хэмээхийг ойлгож, “би” хэмээхийг гэтлэн давж, нэг нэгийнхээ төлөө зүтгэх, нэг нэгээсээ болон эргэн тойрноосоо шүтэн барилдаж оршиж байгаагаа ухаарч, нэг нэгийгээ хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, улмаар хайрлах агуу сэтгэлтэй болж чадна.

Энэ бол мөнх оршихын хутаг олох зам мөр мөн буюу.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 106 (7848)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn