П.ЛХАГВАЖАРГАЛ, Т.СУМЬЯАДАШ
Энэ оны эхний таван сарын байдлаар нийт ослын 12.5 хувийг 0-14 насныхан эзэлж байна
Амар тайван хийгээд аз жаргал дүүрэн айл гэр, аж ахуй, үзэсгэлэнт байгаль цогцолсон Монгол орны баруун хязгаар. Энэ л сайхан нутгаас улсын нийслэл Улаанбаатар хотод эрдэм өвөртлөхөөр ирсэн олон оюутны нэг нь Н.Хулан. Тэрээр өдгөө МУБИС-ийн гуравдугаар курсийн оюутан бөгөөд амралтын өдрөөр цагийн ажил хийдэг. Тавдугаар сарын 16-ны тэр нэгэн өглөө урьдын адил ажилдаа гарчээ. Цагаа хэмнэх үүднээс бусдын адил түрээсийн мопед унаж замын хөдөлгөөнд оролцсон байна. Гэвч гарцаар гарах үедээ хурдтай явж байсан сурронтой хүнд мөргүүлж, шидэгджээ.
“Хойшлуулж болохгүй чухал ажил байсан болохоор өвдөж байсан ч гүрийсэн. Осолд орсны дараа ахар сүүл, сүүж орчмоор гурван өдрийн турш өвдсөн. Өвчин намдаах эмд дарагдахгүй байсан болохоор хичээл, ажлаасаа чөлөө авсан” гэнэ. Харин одоо гадуур явахдаа суррон, мопедтой хүмүүсээс айж, түгших болжээ. “Энэ яваа насандаа дахин мопед унахгүй. Насанд хүрээгүй хүн бол дөхөөд ч хэрэггүй” гэх түүний айдас, сэрэмжлүүлэг энэ нийгмийн бодит байдал юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны дөрөвдүгээр сараас бичил цахилгаан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд орж эхэлсэн. Гэвч энэ оны тавдугаар сарын 31-нийг хүртэлх байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт мопед, суррон, скүүтер буюу бичил цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 754 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Гэвч Н.Хулан шиг завгүй байдлаасаа эсвэл ээж, аавдаа загнуулахаас эмээж унаж гэмтсэнээ нуусан тохиолдол бидний дунд цөөнгүй байна.
Харин 2025 оны улсын хэмжээнд бичил цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй 2792 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэний 2770 нь ГССҮТ-өөс эмнэлгийн тусламж авчээ. Энэхүү осол гэмтлийн тоо нь 2024 оныхоос зургаа дахин нэмэгдсэн бөгөөд 10 хүн тутмын долоо нь эрэгтэйчүүд байна. Түүнчлэн нийт ослын 72 хувийг 10-29 насныхан, тэр дундаа 10-19 насны бүлэгт 46.6 ногдож буй нь өсвөр үе болон залуучуудын дунд эрсдэл хамгийн өндөр буйг илтгэнэ. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 31-ныг хүртэлх байдлаар мопедтой 335, скүүтертэй 114, сурронтой 176, явган явж байгаад бичил цахилгаан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн 129 тохиолдол ГССҮТ-өөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Энэхүү нийт ослын 32.6 хувийг 15-19 насныхан, 12.5 хувийг 0-14 насныхан эзэлж байна. Угтаа 16 нас хүрээгүй хүн модед, скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцох хориотой юм.
Бичил цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн 262 зөрчил илрүүлжээ

Нийслэл хотод долоон аж ахуй нэгжийн 36468 цахилгаан скүүтер, мопед буюу бичил цахилгаан тээврийн хэрэгсэл энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас үйлчилгээнд нэвтэрсэн. Үүний өмнө “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дарга А.Баяраар ахлуулсан “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг”-ийн хуралдаж, насанд хүрээгүй иргэн скүүтер, мопед зэргээр явган хүний замаар зорчвол эцэг эхийг нь 100 мянган төгрөгөөр, хүүхэд мотоцикл, суррон зэрэг тээврийн хэрэгсэл унасан тохиолдолд эцэг эхийг нь 400 хүртэлх мянган төгрөгөөр торгох журам баталж дөрөвдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Гэвч торгуулийн энэхүү систем Монгол Улсын иргэд, хүүхэд залуусыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих шийдэл болж чадахгүй байна.
Энэ тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодруулсан юм. Тэрээр "Дөрөвдүгээр сарын 10-наас хойш Тээврийн цагдаагийн алба бичил цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой 262 зөрчил илрүүлсэн бөгөөд ихэнх хувийг цахилгаан мотоциклын төрлийн суррон унаж гэр, сургуулийн хооронд зорчих зөрчил эзэлж байна" гэв. Энэ төрлийн зөрчлийг зогсоохоор тус албанаас 30 цагдааг цахилгаан мотоциклтой мото эргүүлд гаргаж, хүн амын нягтрал ихтэй сургууль, цэцэрлэгийн бүсэд 150 олон нийтийн цагдаа ажиллуулж байна. Гэвч 36 мянган бичил цахилгаан тээврийн хэрэгсэлд 150 цагдаа хүч дутах юм. Түүнчлэн хууль ёсны шаардлага тавьсан алба хаагчдад “Би хүүхдэдээ юу авч өгөх нь чамд, та нарт ямар хамаатай юм” гэх хандлага гаргадаг байна. Тэгвэл цахилгаан моторт эдгээр бичил тээврийн хэрэгслийн шалтгаант нас баралтын тоо 2024 онд гурав, 2025 онд тав бүртгэгдсэн юм. Иргэн та хүүхдээ эрхлүүлж болох ч хүүхдийнхээ болон бусдын амь нас аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих нь юу юунаас чухал билээ. Мөн суррон нь кросс гэх бартаат замын мотоциклын цахилгаан хувилбар бөгөөд өсвөр насны хүүхдүүд замын хөдөлгөөнд унахдаа 100 км/ц хүртэл хурдалж, өөрийгөө болон бусдыг гэмтээж, амь насаа эрсдүүлж байгааг дурдсан юм.
Иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон бичил цахилгаан тээврийн хэрэгслийг зохицуулах хууль батлагдаагүй хэвээр байна
Н.Хулан дээрх ослынхоо тухай найз Б.Болороод ярихад Б.Болороо ч мөн сарын өмнө явган хүний замаар явж байхдаа мопедтой хүнд дайруулжээ. Энэ үед шагай нь гэмтэж, хавдсан бөгөөд долоо хоног зовуурилан алхахад хүндрэлтэй байсан аж. Б.Болороогийн хувьд цахилгаан дугуй, мопед огт унадаггүй бөгөөд түүнийг дайрсан хүн дохио, сигнал гэх мэт зүйлсээр анхааруулаагүй байна. Энэ тухай “Зарим цахилгаан дугуйны сигнал ажиллахгүй тохиолдол байдаг. Хэрэв сигнал дуугаргавал зам тавьж өгөх нь зөв. Би бэртэхгүй тэд ч бэртэхгүй шүү дээ. Яагаад иргэд явган хүнд зориулсан замаараа тайван явж болдоггүй юм бэ” гэсэн юм. Ийнхүү тэд адилхан нөхцөл байдлаар гэмтсэн тул хүчин төгөлдөр хэрэгжиж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг судалж үзэхэд, цахилгаан дугуй буюу суррон, цахилгаан скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслийн ангилал, жолоодох насны хязгаар тодорхойгүй, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй байгааг мэджээ. Мөн олон нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
“Зууны мэдээ” сонин өнгөрсөн хугацаанд “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ “Таван хүний аминд хүрсэн цахилгаан тээврийн хэрэгслүүд түгжрэлийн шийдэл мөн үү”, “Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслийн улирал эхэлсэн ч зохицуулах журам нь батлагдаагүй байна” нийтлэлээ хүргэж байсан билээ.
Харин суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдан, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 25-нд УИХ-ын Тамгын газрын DParliament.mn цахим хуудсанд байршуулсан юм. Түүнчлэн уг ажлын хүрээнд энэ оны тавдугаар сарын 27-нд Төрийн ордонд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Гэвч одоог хүртэл найман хүний амь нас, олон мянган иргэний эрүүл мэндийг хохироож, иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон бичил цахилгаан тээврийн хэрэгслийг зохицуулах хууль батлагдаагүй хэвээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 106 (7848)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn