Р.Оюун
Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэх зорилгоор "Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя" санхүүгийн салбарын өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Нээлтийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц "Санхүүгийн зах зээлийн хөгжил нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломжийг өргөжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал хүчин зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбаруудын нийт хөрөнгө, зах зээлийн үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 27.1 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн. Энэ нь санхүүгийн зах зээлийн эдийн засаг дахь ач холбогдол улам бүр нэмэгдэж байгаа. Мөн иргэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, боломж эрсдэлийг зөв ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах нь санхүүгийн тогтвортой байдлын үндэс. Санхүүгийн мэдлэгтэй, мэдээлэлтэй хэрэглэгч олон байх тусам зах зээл илүү хариуцлагатай, тогтвортой хөгждөг" гэсэн юм.
Өдөрлөгт үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын холбоод, бусад оролцогч 34 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өглөө. Мөн иргэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх, өвлүүлэхтэй холбоотой асуудал, зээлийн мэдээллийн сангийн талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Эх сурвалж www.zms.mn