Р.Оюун
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатын яриа хэлэлцээ" олон улсын XI бага хурал Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ. Бага хурал хоёр өдөр болох бөгөөд энэ удаа 30 орчим орон, олон улсын байгууллагууд, Монголын төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаач гэсэн дотоод, гадаадын 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Бага хурлаар таван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Тухайлбал, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжийн талаар ярилцлаж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, тогтвортой арга замыг эрэлхийлэн, аюулгүй байдлын шинэ сорилтууд, түүний дотор хиймэл оюун ухааны зүгээс тулгарч буй асуудлаар хэлэлцэх ажээ.
Монгол Улс уулзвар дээр нь орших Төв Ази, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон хоёр бүс нутгийг холбох ногоон эрчим хүний коридорын талаар ярилцаж, бодлогын асуудлуудаар зөвлөлдөнө. Өнгөрсөн хугацаанд "Улаанбаатарын яриа хэлэлцээ" нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд энхийг эрхэмлэсэн, нээлттэй бие даасан Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцох уламжлалт тавцан болж хөгжсөн. Үүнд дэд бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Ойрх Дорнод, Хойд Америк, Европ тивийн улсын төлөөлөгчид оролцдог уламжлал тогтжээ.
Эх сурвалж www.zms.mn