П.ЛХАГВА

 

Үүрийн гэгээнээр сэрж, хөл хөөртэй дурсамж бүтээх өдөр хоногууд хаяанд ирлээ. Залуусын хувьд магадгүй энэ өдрүүд өөрийгөө хөгжүүлэх, эерэг дадлыг хэвшүүлэх, шинэ адал явдал бүтээхэд хамгийн тохиромжтой цаг болов уу. Харин өөрийгөө олох, шинээр сэтгэхэд туслах үнэнч хамтрагч тань ном юм. Тэгвэл “Зууны мэдээ” сонин зуны дурсамж дүүрэн өдрүүдэд өнгө нэмэх дөрвөн номыг танд санал болгоё.

 

Эрдэмд оройлох “Оройгүй сүм”

 

Дээрээс нар, доороос элс төөнөж Ингэнэ усны говьд жин үдийн халуун боллоо. Амьтан бүхэн сүүдэр хайж тарчилна. Халуун элсэнд амьдрах заяатай хонин гүрвэл хүртэл тэсэн ядан, амаа ангайн, бөөрөө түнхэлзүүлэн, загийн хожуул доогуур сүүдэр даган аахилж байлаа. Их говийн зэлүүд хязгаарт торойх бараагүй, анир чимээгүй дүнсгэр ажээ. ...

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Түдэвийн 1985 онд бичсэн уг роман нь хүн юмсын мөн чанарыг хэр гүнзгий ойлгож, хэрхэн авирладаг тухай илэрхийлэхдээ буддизм ба мөргөлчин олны хоорондын харилцааг харуулдаг билээ. Угтаа эрдэм мэдлэгт орой үгүй ажээ.

 

Сонирхвол зохилтой “Сохрын орон”

 

Унших дадлаа төлөвшүүлэхэд магадгүй энэ зун хамгийн тохиромжтой болов уу. Гэхдээ хэт урт үргэлжилсэн үйл явдалтай романаас сүрдэж байвал сонирхолтой хэр нь содон өгүүллүүд уншаад үзээрэй.

Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр 1986 онд Их Британи улсын Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолын ангид сурч байхдаа орчуулсан өгүүллийн түүврээ “Хатсан гар” нэртэйгээр эмхэтгэн 1990 онд хэвлүүлж байв. Харин удаагаар нь хоёр болон гурав дахь хэвлэлээ “Сохрын орон” нэртэйгээр гаргажээ.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч хийгээд уншигчдын шимтэн уншсаар ирсэн энэхүү номын орчуулга, хэл найруулга, утга агуулга танд гүн сэтгэгдэл үлдээх нь лавтай.

 

Сэтгэл зүйн асуудлаа тольдох “Хонхон шил”

 

Америкийн алдарт зохиолч, яруу найрагч Силвиа Платын цор ганц үргэлжилсэн үгийн зохиол “Хонхон шил”. Алдартай сэтгүүлийн газар дадлага хийхээр 12 охин сонгогдсоны нэг нь Эстер юм. Залуу бүсгүй Эстер хүсэл тэмүүлэл дүүрэн Нью-Йорк хотыг зорьсон боловч өөрөө ч мэдэлгүй сэтгэл зүйн асуудал, дарамтад орж сэтгэцийн эмнэлэгт хэвтэх хүртэл өөрчлөлттэй учирсан юм. Уг номын зохиолч Силвиа Плат нь 31 насандаа амиа хорлож, нас баржээ. Силвиа Плат энэхүү зохиолыг бичихдээ гол дүрийн бүсгүй Эстерийг өөрийн амьдралаас сэдэвлэсэн гэдгээрээ бүүр ч сонирхолтой.

 

Хэмнэлд баригдаагүй “Хэвшмэл ойлголт өөрчлөгчид”

 

Хүн бүр адилгүй, хүлэг бүр жороогүй гэдэг ч бид амьдралын нэгэн урсгалд биесээ адилхан хэмнэлээр амьдруулах гээд байдаг нь уйтай.

Нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг эвдэж, өөрсдийн дахин давтагдашгүй ертөнцийг бүтээж буй 20 хүний түүхийг энэхүү цахимд өгүүлжээ.

Тэдний зарим нь нийгмийн тогтсон хандлагатай тэмцсэн бол зарим нь зүгээр л өөрийнхөөрөө байж чадсан хүмүүс. Гэвч тэд бүгд нэг ижил үнэнийг ойлгуулдаг. Хүн бүр давтагдашгүй. Хүн бүр өөрийн түүхтэй. Бас ойлгогдох эрхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (7847)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn