Хүүхдийн мөнгө бол халамж биш
Жил бүрийн зургаадугаар сарын 1-н өдрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Гэр бүлийн халуун дулаан уурс амьсгалаар бүтэн өдөржин амьсгалж хүүхдүүдээ баярлуулдаг баярын өмнө Гэр бүл, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Аубакиртай Гэр бүлийн хөгжлийн хууль, салбарын бодлогын талаар ярилцлаа.
-Танай салбарын хуулийн шинэчлэл яригдаж байна. Саяхан гэр бүлийн хөгжлийн асуудлаарх судалгааг танилцуулсан. Тэр судалгаанаас харахад салалт, төрөлт буурах зэрэг үзүүлэлтүүд анхаарал татаж байна. Энэ үед салбарын хуулийн гол өөрчлөлтийн талаар яриагаа эхэлье?
-Монгол Улс анх удаа гэр бүл рүүгээ шууд чиглэсэн, “хөгжил” гэсэн ойлголтыг тусгасан бодлогын хуультай болж байна. Энэ хууль батлагдаад зогсохгүй цаашдаа улам сайжирч хөгжих боломжтой.
Манай салбарын хувьд одоо мөрдөгдөж байгаа хуулиудын зарим нь 1994–1995 онд, Монгол Улс хоёр сая гаруй хүн амтай байх үед батлагдсан. Гэтэл өнөөдөр хүн ам, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдсөн учраас шинэчлэх шаардлага үүссэн.
Хамгийн эхэнд тавигдаж байгаа асуудал бол хүн ам, төрөлтийн бодлого болж байна. Энэ мэдээж зөвхөн Монголд тулгамдаж байгаа асуудал биш. Европын олон оронд ажиллах хүчний хомсдол үүсэж байна. Япон, Солонгос төрөлтийг дэмжих эдийн засгийн янз бүрийн бодлого хэрэгжүүлж байна.
Иймээс бид Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг боловсруулсан. Монгол Улсад 997 мянга орчим гэр бүл байна. Төр эдгээр гэр бүл рүү ямар бодлого чиглүүлэх вэ, үүгээрээ дамжуулж хүн ам зүйн бодлогоо яаж дэмжих вэ гэдгийг энэ хуулиар тодорхой болгохыг зорьж байна.
Өмнө нь улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийг “халамжийн зардал” гэж ангилж оруулдаг байсан. Үүнээс 640 орчим тэрбум төгрөг нь үнэхээр халамж шаардлагатай хэсэгт чиглэдэг. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхэд асаргааны зардал олгодог, мөн асаргаа шаардлагатай ахмадуудад дэмжлэг үзүүлдэг.
-Гадны экспертүүд, дотоодын эдийн засагчид халамжийн зардал хэт өндөр, хөдөлмөр эрхлэлт буурч байна гэж шүүмжилдэг?
-Хүүхдийн мөнгө бол халамж биш, хүн ам зүйн бодлого. Хүүхдийн мөнгийг халамж гэж ярьдаг улстөрчид бий. Гэтэл хэрэв халамж юм бол Монголын төрийн хүн ам зүйн бодлого, гэр бүлээ дэмжих бодлого хаана явах вэ гэж зөрүүлж асуух хэрэгтэй.
Тиймээс бид хүүхдийн мөнгийг Гэр бүлийн хөгжлийн тухай хуульд суулгаж өгснөөр илүү тогтвортой, эрх зүйн баталгаатай болгохыг зорьж байна.
Мөн жирэмсэн эхийн тэтгэмж, цалинтай ээж хөтөлбөр, ихэр хүүхдийн тэтгэмж, алдарт эхийн мөнгөн урамшуулал, насны хишиг зэрэг нь бүгд хүн ам зүйн бодлогын хүрээний дэмжлэгүүд. Олон хүүхэд төрүүлсэн, гэр бүлээ авч яваа иргэдээ дэмжих төрийн бодлого гэж ойлгох хэрэгтэй.
-Халамжийн бодлогын хувьд ямар гол өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Өмнө нь асаргаа шаардлагатай, өндөр насны доройтолд орсон иргэнийг эмчийн тодорхойлолтоор тогтоодог байсан. Энэ нь зарим талаар таньдаг хүнээрээ тодорхойлолт гаргуулж, үнэхээр шаардлагагүй атлаа асаргааны тэтгэмж авах боломж үүсгэдэг нэг цоорхой байсан. Тэгвэл шинэ зохицуулалтаар тухайн хүн үнэхээр асаргаа шаардлагатай юу, өөрийгөө асрах боломжгүй болсон уу гэдгийг хөндлөнгийн комиссоор тогтоодог болно. Ингэснээр авлига, танил талын нөлөөллөөс ангид байж, тэтгэмж яг хэрэгтэй хүндээ очих нөхцөл бүрдэнэ.
Жишээлбэл, гадаадад амьдарч байгаа, насны доройтолд ороогүй атлаа асаргааны тэтгэмж авч байсан тохиолдлууд бий. Тиймээс бид зардлаа ялгаж, зорилтот бүлэг рүүгээ илүү оновчтой хүргэхийг зорьж байна. Өнөөдөр таван төгрөгийн дэмжлэг авч байсан хүн маргааш 10 төгрөг авах боломж бүрдэх ёстой. Энэ хүрээнд Гэр бүлийн хөгжлийн тухай болон Халамжийн тухай хуулийн өөрчлөлтүүдийг зэрэг боловсруулж байна.
Итгэлцүүрийг засч тэтгэврийн алдааг арилгахад 353.3 тэрбум төгрөг шаардлагатай

-Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хууль ч бас шинэчлэгдэж байгаа?
-Тийм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдийн засаг тэлэхийн хэрээр Монголд өмнө нь байгаагүй шинэ ажлын байрууд бий болж байна. Гэтэл ажлын байран дахь осол, нас баралт буурахгүй байна. Саяхан 15 настай хүүхэд хөдөлмөрт зуучлагдаж, ажлын байран дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ нь ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангахгүй байгааг харуулж байна.
Хөдөлмөрийн тухай хуульд 13–15 насны хүүхдийг зөвхөн соёл, урлаг, зар сурталчилгааны ажилд зуучилж болно гэж заасан. Гэтэл бодит байдал дээр барилга дээр ажиллаж, осолд өртсөн байна. Энэ нь ажилд зуучлагч байгууллага, ажил олгогч хоёулаа ХАБ-ын шаардлагаа хангалтгүй мөрдөж байгааг харуулж байгаа. Тиймээс бид ХАБ-ын сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 40 гаруй суманд хууль эрх зүйн орчин, ажлын байрны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг сайжруулах сургалтууд явагдаж байна. Мөн шинэчилсэн хуульд уушгины тоосжилт зэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, ажилчдыг тогтмол шинжилгээнд хамруулах зэрэг нарийн зохицуулалтууд орсон.
-Тэтгэврийн асуудалд яригддаг олон асуудал бий. Жишээ нь нэг орлогоос биш бүх орлогоосоо тэтгэвэр тооцуулдаг механизм гэж ярьж байсан. Энэ хуульд бүрэн сууж чадсан уу?
-Энэ хууль иргэдийг олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг олгож байгаагаараа ихээхэн давуу талтай. Өнөөдөр өндөр орлоготой, тухайлбал, уул уурхайн салбарт 10–17 сая төгрөгийн цалинтай ажиллаж байгаа хүмүүс бий болсон. Нийгмийн даатгалын шимтгэл тодорхой хэмжээнд хязгаарлагддаг учраас түүнээс дээш орлогоосоо хуримтлал үүсгэх боломж хязгаарлагдмал байна.
Хувийн нэмэлт тэтгэврийн сангаар дамжуулж иргэн хоёр дахь эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжтой болно. Нөгөө талдаа энэ нь Монгол Улсад хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр бий болгох ач холбогдолтой. Өнөөдөр 130 гаруй мянган иргэн 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал бүрдүүлээд, үндсэндээ тэтгэврийн сангийн хэлбэр үүсчихсэн байна. Гэхдээ эрх зүйн орчин нь тодорхой биш. Саяхан гэхэд койны асуудлыг та бүхэн мэднэ. Хууль эрх зүйн зохицуулалтгүйгээс иргэд хохироод үлдсэн. Тиймээс хувийн нэмэлт тэтгэврийн санг бид хуультай, хяналттай, иргэдийн эрх ашгийг хамгаалсан тогтолцоотой болгох шаардлагатай гэж үзэж байгаа.
Цаашдаа олон иргэн хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлал үүсгэж, хоёр дахь эх үүсвэрээс тэтгэвэр авах сонирхолтой байна. Нөгөө талдаа ийм сангууд дэлхийн олон оронд хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр болж, хуримтлагдсан мөнгө нь бүтээн байгуулалт, эдийн засгийн эргэлтэд ордог.
-Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа доод тэтгэврийг 1.5 саяд хүргэх талаар ахмадууд шаардаад багагүй хугацаа өнгөрсөн. Мөн ахмадуудын дунд их итгэлцүүртэй холбоотой гомдол ч байна?
-Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг ахмадууд тавьж байгаа. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэтгэврийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж явдаг зарчимтай.
Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна. Үүнийг нэмбэл төрийн албан хаагчдын цалин өснө, нөгөө талдаа хувийн хэвшил ч цалингаа дагаад нэмэх шаардлагатай болно. Харин хувийн хэвшил бүтээгдэхүүнийхээ өртөгт тэр өсөлтөө шингээдэг. Ингээд цалин, тэтгэвэр нэмэгдэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Тиймээс бид зөвхөн цалин, тэтгэврээ нэмэхээс гадна үнийн өсөлтийг тогтворжуулах механизмаа хамтад нь ажиллуулах ёстой.
Өнөөдөр мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь бодит асуудал. Өнгөрсөн жилийн 10 мянган төгрөг өнөөдөр долоон мянган төгрөгтэй тэнцэх хэмжээнд худалдан авах чадвар буурч байна. Тиймээс бид тэтгэврийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэх эрх зүйн зохицуулалтыг 2024 онд баталсан. Гэхдээ дан ганц нэмээд байх биш, инфляц болон үнийн тогтвортой байдлын бодлогыг давхар авч явах шаардлагатай.
-Доод тэтгэврийг 1.5 сая болгох бодит боломж бий юу?
-Би худлаа амлаж чадахгүй. Доод тэтгэврийг 1.5 сая төгрөг болгоход 4.2 их наяд төгрөг хэрэгтэй. Энэ бол улсын төсөв дээр маш том ачаалал.
-Тэгвэл олон жил улс эх орондоо ажиллаад бага тэтгэвэр тогтоолгосон, итгэлцүүрийн алдаанаас болж хохирч байгаа 170 гаруй мянган ахмадуудын асуудлыг яаж шийдэх боломж байна?
-Эхний ээлжинд итгэлцүүрээ нэг мөр болгоно гэж үзэж байгаа. 1980–1990 онд ажиллаж байсан иргэдийн тухайн үеийн цалингийн өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо дээд хэмжээг нэг сая 404 мянган төгрөгөөр дүйцүүлсэн нь алдаатай болсон гэж үзэж байна.
Үүнээс болоод 140 мянга орчим иргэн тэтгэврээ шударгаар авч чадахгүй, хохиролтой үлдсэн гэсэн асуудал үүссэн. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэг сая 404 мянгаар биш, хоёр сая дөрвөн зуун мянган төгрөгөөр дүйцүүлэн итгэлцүүрээ шинэчлэх санал боловсруулсан. Үүнд 353.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан.
-Тэгэхээр тэтгэвэр нь өснө гэсэн үг үү?
-Өснө. Гэхдээ өмнөх алдагдсан хугацааны нөхөн тооцоог хийхгүй, шинээр тооцож явна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Улсын төсөв жилдээ нэг удаа батлагддаг учраас төсвийн хүрээнд шийднэ.
Нөгөө талдаа инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэх эрх зүйн зохицуулалт хүчин төгөлдөр болсон. Энэ хүрээнд 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ яг хэдэн хувиар нэмэхийг оны сүүлчийн инфляцын гүйцэтгэлтэй уялдуулж шийднэ.
-Тэтгэврийн реформын талаар Ерөнхий сайд ч анхаарна гэдгээ өчигдөр мэдэгдэж, засгийн хурал дээр ярьсан байсан?
-Тийм. Бид ОУВС, Дэлхийн банк болон дотоодын экспертүүдтэй хамтран боловсруулсан гурван хувилбарыг танилцуулна. Мөн тэтгэвэр бодох аргачлалаа шинэчлэх асуудлыг судалж байна.
Энд хамгийн их ойлголтын зөрүү үүсдэг зүйл бол нэрийн данс. Зарим хүн үүнийг банканд мөнгө хадгалж байгаа мэт ойлгодог. Гэтэл нэрийн данс бол өөр зарчимтай тогтолцоо. Тиймээс бид эхлээд концепцоо Засгийн газрын түвшинд ярьж, эдийн засагчидтай хэлэлцсэний дараа олон нийтэд танилцуулна. Хий дэмий хүлээлт үүсгэхийг хүсэхгүй байна.
Ажилгүйдлийн болон асаргааны тэтгэмжийг зохиомлоор авах тохиолдол их байна
- Хуульд цалингийн тогтолцоог шинэчлэх, доод цалинг нэмэх тухай асуудал хэр орж байгаа вэ?
-Өнөөдөр Монголын цалингийн тогтолцоо хэт олон салангид зохицуулалттай болсон. Салбар бүр өөр өөр бодлоготой явж байна. Жишээлбэл, байгаль орчны салбарт ажиллаж байгаа нягтлан, боловсролын салбарын нягтлан хоёрын цалин эрс ялгаатай байна. Тиймээс энэ ялгааг тэнцвэржүүлэх, нэгдсэн тогтолцоотой болох шаардлага бий.
-Цалингийн ялгааг тэгшитгэхэд төсөвт бас ачаалал ирнэ. Нөгөө талдаа иргэдийн гомдол их байна. Ажилгүйдлийн тэтгэмж, цалинтай ээж зэрэг асуудал яригдсаар байна. Ажилгүйдлийн тэтгэмж дээр яг ямар асуудал үүсээд байгаа вэ?
-Энэ жил бид ажилгүйдлийн тэтгэмжид 192 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ тогтолцооны цоорхой байна. Өнөөдрийн зохицуулалтаар тодорхой хугацаанд ажилласны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсдэг. Гэтэл зарим хүн зориуд ажлаасаа халагдсан тушаал гаргуулж, тэтгэмжээ аваад буцаад ажилдаа ордог. Ингээд хиймлээр тогтолцоог ашигладаг, бүр үүнд мэргэшсэн бүлэг ч бий болсон.
Энэ бол татвар төлөгчдийн мөнгийг буруу зарцуулж байгаа асуудал. Тиймээс бид ажилгүйдлийн тэтгэмжийн журамд өөрчлөлт оруулж байна. Нэг хүн дахин тэтгэмж авах хугацааг холдуулах, тэтгэмж олгох хоногийн зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байгаа.
-“Цалинтай ээж” буюу хүүхэд асарсны тэтгэмжийн асуудал ч их яригдаж байна. 50 мянган төгрөгөөр живх ч авч чадахгүй байна, 500 мянга болгох санал ч гарсан?
-Хүүхэд асарсны тэтгэмж байх ёстой. Энэ бол бүтэн цалин биш, гэхдээ хүүхдээ өсгөж байгаа гэр бүлд тодорхой дэмжлэг, урам болдог.
Өнөөдөр энэ хөтөлбөрт жилдээ 64 тэрбум төгрөг зарцуулдаг. Хэрэв 500 мянган төгрөг болговол 640 тэрбум төгрөг шаардлагатай болно. Тэгэхээр бас л том ачаа. Тиймээс боломжтой гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ асуудлыг УИХ шийдэх бүрэн эрхтэй. Батлагдвал бид хэрэгжүүлнэ. Гэхдээ төсөв хаанаас бүрдэх, бүтээн байгуулалт болон бусад зардалтай хэрхэн уялдуулах вэ гэдэг бодит асуудал бий.
-Сүүлийн үед гэр бүлийн бүтэц, өрх толгойлсон аавуудын асуудал их яригдаж байна. Монголын уламжлалт гэр бүлийн бүтэц хэр өөрчлөгдөж байна вэ?
-2024, 2025 оныг харьцуулахад гэрлэлт бүртгүүлсэн гэр бүлийн тоо буурч, төрөлт ч эрс багассан. Сүүлийн жилүүдэд 80 мянга орчим хүүхэд төрдөг байсан бол 58 мянга болж буурсан үзүүлэлт байна. Тиймээс бид олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлогоо Гэр бүлийн хөгжлийн тухай хуульд суулгасан.
Жишээлбэл, анх хуулийг өргөн барихдаа гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эцэг, эхийн аль нэгийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх санал оруулсан. Гэвч татварын багц хуультай холбоотойгоор энэ заалт хасагдсан. Учир нь бүх хөдөлмөр эрхлэгчийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх орлогыг татвараас чөлөөлөх зохицуулалт орж ирсэн учраас хассан. Харин дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг ипотекийн зээлд дараалалгүй хамруулах заалт хуульд хэвээрээ үлдсэн.
Олон хүүхэдтэй айлыг ипотекээр дэмжих бодлого орж чадсан нь дэвшил
-4–5 хүүхэдтэй айлд ипотекийн дараалалгүй эрх өглөө гэхэд бодит амьдрал дээр байрны үнэ 300–500 сая төгрөг хүрчихсэн байна. 150 саяын ипотекийн дээд хэмжээтэй үед үлдсэн мөнгөө төлөх боломжгүй айл олон байна?
-Энэ бол бодит асуудал. Хуулийг УИХ-аар хэлэлцэх үед нарийн зохицуулалтууд яригдана. Барилгын салбарын бодлого, үнийн өсөлттэй ч уялдах шаардлагатай.
Гэхдээ манай хуулийн хувьд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг ипотекийн зээлд дараалалгүй хамруулна гэдэг заалт орсон нь өөрөө дэвшил гэж харж байгаа.
-Өрх толгойлсон эцэг, эхийн асуудлыг яаж тусгаж байгаа вэ?
-Өрх толгойлсон эх, эцгийг дэмжих тусгай зохицуулалтууд бий. Ажлын цагийн уян хатан нөхцөл, зайнаас ажиллах боломжийг ажил олгогч зохицуулдаг байх, ээлжийн амралтад нэмэлт хоног олгох зэрэг заалт орсон. Мөн бид тавдугаар сарын 15-ны өдрийг Гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлсэн. Энэ нь амралтын өдөр болгох тухай биш, харин гэр бүлдээ цаг гаргадаг, хүүхдүүдтэйгээ хамт байдаг соёлыг төлөвшүүлэх тухай асуудал. Өнөөдөр бид өглөөнөөс орой хүртэл ажил, орлогын төлөө явж байна. Харин хүүхэд хэнтэй нөхөрлөж байна, юу идэж байна, гэр бүлийн уур амьсгал ямар байна гэдгээ ярилцах цаг улам багасч байна. Энэ асуудлыг одооноос ярихгүй бол 20 жилийн дараа оройтно.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого дээр танай яам ямар ажил хийж байна вэ?
-Монгол Улсад 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдрал бусад айлаас огт өөр нөхцөлтэй байдаг. Хүүхдийнхээ дэргэд 24 цаг хүн байх шаардлагатай. Тиймээс бид Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн жишиг цэцэрлэг байгуулж байна. Эдгээр төвүүдэд хүүхдийг харахаас гадна нөхөн сэргээх, усан болон хөдөлгөөн засал, хэл заслын зэрэг төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг.
Үүний хамгийн чухал үр дүн нь эцэг эх, ялангуяа хүүхдээ асарч гэртээ үлддэг аав, ээжид хөдөлмөр эрхлэх боломж олгож байгаа. Мөн бид энэ үйлчилгээний тогтвортой байдлыг хангахын тулд ТББ-уудын хэрэгжүүлдэг тендэрийг урт хугацаатай болгохоор ажиллаж байна. Өнөөдрийнх шиг жил бүр тендерээ сольдог тогтолцоо байгууллагаа ч хөгжүүлдэггүй, хүүхдийн үйлчилгээ ч тогтворгүй болгодог.
Тиймээс Тендэрийн болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг 4–5 жилийн хугацаатай тогтвортой ажиллуулах санал боловсруулаад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 103 (7845)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn