Ч.БЯМБАА

 

Төв аймгийн Заамар сумын нутагт 30 метр гүн ухсан нүхэнд гурван настай хүүхэд унаж 20 орчим цаг өнгөрч байгаа асуудлаар ОБЕГ-аас мэдээллээ.

Хүүхдийн амь насыг аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд хяналтын камерын тусламжтайгаар харахад хүүхэд амьсгалах шуум сонсогдож байжээ. Хүүхдийг аврахаар 100 гаруй хүн хүч нийлж, хүнд зориулалтын 20 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.

Энэ талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням  "Тавдугаар сарын 26-ны 12:40 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст гуравдугаар багийн Ар наймган гэх газарт гурван настай эмэгтэй хүүхэд гүний цооногт унасан гэх мэдээлэл Төв аймгийн онцгой байдлын газарт ирсэн. Үүнтэй холбогдуулан Төв аймгаас аврах баг гарч нэмэлтээр эрэн хайх аврах ажлыг нисдэг тэргээр зохион байгуулж, Онцгой байдлын Уул уурхайн аврах баг хөдөлгөөн үйлдэж ослын газарт очсон.

Алба хаагчдыг очиход 30-50 метрийн гүн хуучин өрмийн цооногт гурван настай хүүхэд санамсаргүй байдлаар унасан байсан. Аврах баг бүрэлдэхүүн могойн нүд камер ашиглаж үзэхэд хөлөөрөө ороод гацсан байдалтай хариу өгөөгүй. Тухайн үед амьсгалж байсан чимээ гарч байсан. Улмаар аврах баг тактикийн түвшинд бугуйлдаж гаргах ажлыг зохион байгуулж үзсэн боловч хөшөөд гарах боломжгүй байсан. Тиймээс дөрвөн метрийн зайтай шатлан ухах ажлыг өчигдрөөс хойш эхлүүлээд байна. 

Хүүхэд 30 метрийн гүнд гацсан байгаа. Тиймээс харалдаа газрыг дөрвөн метрийн зайтай хөндлөн ухаж, аврагч нар маань хүүхдийг гаргах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хүчилтөрөгчийн хэмжилт хийхэд 19-20 хувьтай байна. Харанхуй болж хүйтэрсэн учраас өчигдөр шөнөжин дээрээс нь дулаан өгөхөөр саванд ус хийж өгсөн. Хүүхэд хариу үзүүлээгүй. Камерын бичлэгээс харахад амьсгалын чимээ сонсогдсон.

Гүн эгц нүх учраас хүүхдийн хөл, гар бэртсэн байх магадлалтай. Давчуу зайнд хөдөлгөөнгүй 20 гаруй цаг байна гэдэг хүнд асуудал. Нүхний диаметр 25-30 сантиметр байгаа" гэлээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 20 метр орчим нүхийг ухаад байгаа аж. Улмаар алба хаагчид шөнөжин ээлжилж ухах ажлыг зогсолтгүй хийсэн байна. Одоо 10 метр орчим нүх ухвал хөндлөн ухалтаа хийнэ гэсэн үг гэлээ.

Мөн хүүхдийг доош дахиж алдахгүйн тулд гогцоо дэгээгээр давхар цамцнаас нь оосорлож тогтоосон байгаа аж.

Дугаар шилжих мөчид аврах ажиллагаа үргэлжилж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 103 (7845)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn