П.АМГАЛАН
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт "Бронз хиллс" ХХК-ийн удирдлагууд Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, олон мянган жилийн түүхтэй соёлын үл хөдлөх дурсгалуудыг сүйтгэсэн байж болзошгүй талаар нутгийн иргэд мэдээлэл хийлээ.
Нутгийн иргэн Н.Батбаяр Орхонтуул сумын үзэсгэлэнт байгальтай, нутгийн иргэдийн зуслангийн бүс болсон газар нутагт “Бронз Хиллс” нэртэй Хятадын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна гэлээ. Тэрээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Гэвч энэ нь хөдөө орон нутагт цаасан дээр хэрэгжиж байна. Учир нь, уул уурхайн компаниуд “Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлж буй нэрийдлээр байгаль орчныг сүйтгэж, нутгийн онгон дагшин газар нутгийг доройтуулж байгаад нутгийн иргэд бид үнэхээр сэтгэл өвдөж байна. Энэ нь Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” ургуулах үйл ажиллагаатай эрс тэрсэлдэж байгаа юм. Тиймээс уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зөвшөөрөхдөө бүх талын хууль дүрмийг баримталж, орон нутгийн иргэдийн эрх ашгийг тусгах тал дээр анхаарч ажиллаж өгөхийг Ерөнхийлөгч болон холбогдох байгууллагуудаас хүсэж байна” гэлээ.
Түүнчлэн Орхонтуул сумын гуравдугаар багийн нутаг дахь Өлзий нүх гэх газарт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд уурхайн лицензийн талбайд багтсан талаар ярьсан юм. Тодруулбал, Долоон хиргисүүр уурхайн олборлолтын газар нь байгаа бөгөөд гурван хиргисүүр ор сураггүй алга болсон гэдгийг хэлсэн юм.
Харин экологич Д.Туяа “Орхонтуул сумын I болон III багийн иргэдийн хүсэлтээр газар дээр нь ажилласан. “Бронз Хиллс” ХХК нь Соёлын өвийн тухай хууль, Газрын тухай хууль, Ойн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус компанийн менежментийн төлөвлөгөөг баталсан. Нэг талд иргэд, аж ахуйн нэгжүүд Ерөнхийлөгчийн санаачилсан ‘Тэрбум мод’ хөдөлгөөний хүрээнд мод тарьж, байгаль хамгаалах үйлсэд нэгдэж байхад нөгөө талд байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь мод огтлох зөвшөөрөл олгож, нөхөн төлбөрөөр орлуулах боломж бүрдүүлж байгаа нь өөрөө зөрчилтэй асуудал юм. Үүнд Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулахыг хүсэж байна” гэлээ.
Эх сурвалж:www.zms.mn