Хятадын эртний гайхамшгийг монгол хүн хэрхэн мэдэрч хүлээж авсныг сонирхон, урьжээ

 

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн хэрэгжүүлж буй “Хятадын үйл хэрэг” цуврал лекцийн үргэлжлэл “Мөнх оршихуйн нууц” (Чингис хаан ба Чанчунь бомбо, Жаунзы ба эрвээхэй, Ли Бай ба сар) сэдвээр өчигдөр үргэлжиллээ. Энэхүү лекцийг Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр тус төвийн урилгаар хэлэлцүүлсэн юм. Зохион байгуулагчид “Н.Энхбаяр зөвхөн улстөрч төдийгүй соёлын зүтгэлтэн юм. Түүний орчуулсан олон ном бүтээлийг бид мэднэ. Дэлхийн олон соёл, онцлогийг илэрхийлсэн бүтээлийг монгол хэлэнд орчуулахын сацуу хоёр орны найрамдалт харилцаанд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ” хэмээн түүний үйл хэргийг онцлон, Хятадын эртний гайхамшгийг монгол хүн хэрхэн мэдэрч хүлээж авсныг сонсохоор энэхүү  лекцийг тусгайлан уншуулсан юм.

Энэхүү арга хэмжээнд онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Баярхүү, доктор Я.Ганбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүн Д.Нямдорж, Ардын уран зохиолч Л.Дашням, Ү.Хүрэлбаатар тэргүүтэй утга, уран зохиолчид хүрэлцэн иржээ. Түүнчлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Чжи, МУИС-ийн дэргэдэх Күнз институтийн захирал Zhang Xinyan тэргүүтэй Монгол Улсад ажиллаж, амьдран сууж буй Хятадын төлөөлөгчид ирж, энэхүү лекцийг сонирхон сонссон юм.

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Чжи “БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн өмнөөс Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр танд энэхүү сонирхолтой лекцээ хүргэж буйд гүнээ талархал илэрхийлье. Манай хоёр улс уул усаараа холбогдсон эртний хөрш бөгөөд олон зуун жилийн нягт харилцаа холбоотой билээ. Хятадын уламжлалт соёл, Дорнын философи хоёр орны ард түмний харилцан ойлголцолд чухал гүүр болж байна. Хятадын эртний сэтгэгч, Тан гүрний үеийн яруу найрагчдын мөр бадгууд бол Хятадын ард түмний оюун санааны философи, оюун санааны илрэл билээ” хэмээн үйл ажиллагааны нээлтийн үгийг хэллээ.

Ли Чжи

 

Чингис хаан, Чанчунь бомбо хоёрын уулзалт Хятад, Монголын түүхэнд төдийгүй дэлхийн энх тайванд чухал байр суурь эзэлдэг

Я.Ганбаатар

Түүнчлэн доктор Я.Ганбаатар “Хятад, Монголын түүхэнд төдийгүй дэлхийн энх тайванд Чингис хаан, Чанчунь бомбо хоёрын уулзалт чухал байр суурь эзэлдэг юм. Тиймээс Хятадын үе үеийн удирдлагууд энэ уулзалтыг түүхэн чухал үйл явдал хэмээн анхааран авч үздэг. Одоогоос 800 жилийн өмнө 1219 онд Чингис хаан Чанчунь бомбыг урьж, 1222 онд уулзан төр түмнийг засах, Евроазийн өргөн нутгийг эзлэн эрхшээсэн Монгол их гүрний үйл хэргийг хэрхэн үргэлжлүүлэх, цаашлаад урт наслах тухай сургаал номлол сонссон. Энэ үед Чанчунь бомбо Чингис хаанд “Олон жилийн дайн байлдаанаа зогсоож дэлхийн хүн ардыг амар тайван жаргуулаасай гэж зөвлөе” гэсэн энэ үг өнөөдөр ч утгаа алдаагүй байна” хэмээсэн юм. “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” номыг 2007 онд Я.Ганбаатар, Ц.Ганбаатар нар монгол хэлэнд орчуулсан бөгөөд энэхүү бүтээлийг шашны хувьд “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, түүхийн баримтын хувьд Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин”, Плано Карпинигийн “Монголчуудын түүх”, Вильгелм Рубрукын “Дорно зүгт зорчсон минь” зэрэг түүхэн бүтээлүүдтэй эн зэрэгцэнэ гэж үздэг юм. Харин өдгөө энэ номыг дахин хэвлэх шаардлага, уншигчдын хүсэл сонирхол их байгаа тухай дурдлаа.

Харин Тан улсын үед амьдарч байсан “Мөнхийн найрагч” хэмээгддэг Ли Байн хувьд тун өвөрмөц намтартай нэгэн ажээ. Гэрээр бичиг үсэг заалгаж, долоон настайдаа анхны шүлгээ бичиж байсан түүнийг сарны туяанд сархад хүртэн яруу найргаа бичдэг байсан гэдэг. Тэрээр өөрийн гэсэн өнгө аястай тухайн цаг үеийнхээ нийгмийн байдлыг тод томруун тусгасан 900 гаруй уянгын шүлэг өдгөө уламжлагдан үлдсэн байна.

 

Уран зохиол өөрөө хайрын дээдийн нэр мөн бөгөөд тийм учир үхэшгүй мөн чанартай

 

Мөнх оршихуйн нууцыг асуудлыг бүх үндэстний эрдэмтэд тунгааж, нээхийг оролдсон талаар эртний үлгэр домогт тэмдэглэн үлдээсэн байдаг. Тиймдээ ч энэхүү лекцийн илтгэгч мөнх оршихуйн нууц сэдвийг сонгон авч, үүнийгээ Монгол, Хятадын харилцаа холбоотой холбож, Хятадын түүхэн хүмүүс, эрдэмтэн мэргэдийн бүтээл дээр тулгуурлах нь зүйтэй гэж үзжээ.

Аливаа соёл иргэншил нэгэн цагт хамгийн эртний гэж хэлж болох асуудлыг тавьдаг. Энэ бол “Бид үхэхгүй байж болох уу” гэсэн асуулт юм. Хятадын уламжлалт соёл энэ асуултад өвөрмөц байдлаар хариулсан байдаг аж. Тэд үхлийг ялах зам нь хувирах явдал юм гэв. Бие махбодтой үхэн хатан зууралдахгүйгээр хэзээ ч үхэхгүй тасралтгүй урсаж байдаг амьдралын хувирлын урсгал руу орох, түүнтэй нэгдэн нийлэх нь мөнх оршихуйн нэр юм гэжээ. 

Иймд илтгэгч энэ асуултад хариулсан байдлыг 2400 гаруй  жилийн түүхийг хамрах дөрвөн агшин дундуур мөшгөн харахыг зорьжээ. Эдгээр бүтээл олон зуун жилийг туулан бие биедээ ямар сургамж дамжуулсан тухай Н.Энхбаяр “Хятадын уламжлалт цаг хугацааг зогсоохыг зорихыг оронд түүнтэй хамт урсахыг сурсан бас сургажээ. Жинхэнэ мөнх оршихын нууц нь хувирахаас татгалзах бие биш хувирахыг зөвшөөрөх сэтгэлд оршино. Эрвээхэй болж, шүлэг болж, сарны туяа болж хувирах нь мөнх оршихын нууц мөн. Эцэст нь тэмдэглэн хэлэхэд уран зохиол өөрөө хайрын дээдийн нэр мөн бөгөөд тийм учир үхэшгүй мөн чанартай. Энэ та бид өнөөдөр мэргэдийн үлдээсэн  зохиолыг уншиж, тэдний олсон мэдлэг, хүрсэн эрдмийн рашаанаас өөр өөрийн оюуны савын хэмжээгээр хүртэж байгаа нь баталж байна” хэмээсэн юм.

Энэхүү лекцийн тухай Ардын уран зохиолч Л.Дашнямын бодлыг мөн асуусан юм. Учир нь тэрээр Чанчунь бомбын тухай жүжгийн зохиол бичиж байгаа юм. Тэрээр “Энэхүү лекц зөвхөн уран зохиолын сэдэв биш. Энэ бол философи юм. Мөнх амьдрал бол уран зохиолын мөнхийн сэдэв. Тиймдээ ч гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ утга санааг “Чингис хаан ба Чанчунь бомбын уулзалт, Жаунзы өөрийгөө эрвээхэй болгож, эсвэл эрвээхэй Жаунзы болоод байна уу, цаашлаад Ли Бай ба сар гэх зохиолууд тулгуурлан сонирхолтой холболтуудыг хийлээ. Мөнхрөл гэдэг мөнхийн урсгалд хувиран орохын утга гэдгийг ойлгууллаа” гэсэн юм. Түүнчлэн “Монголчууд үүнийг эртнээс орчил гэх утгаар илэрхийлж ирсэн. Энэ нь зөвхөн нэг тийш урсаад өнгөрөх биш шүтэн барилдлагатай мөнхийн хөдөлгөөн гэж үздэг. Үүнийг философийн тулгуур гэж үзсэн. Энэ төрлийн зохиол бичихэд маш их судалгаа хэрэгтэй байдаг тул судалгаа бүтээл хийсэн хүмүүсийн үгийг сонсохоор тойроод явдаг юм” гэв.

Ийнхүү мөнх амьдралын утга учир хүн төрөлхтний мөнхийн сэдэв болон үргэлжилсээр байна.

 

ФОТО: Хятадын үйл хэрэг: "Мөнх оршихуйн нууц"

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 101 (7843)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn