Б.НАНДИН

 

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

 

Энэ өдрийн “Зууны мэдээ” сонины дугаарт “АН-ын зодоон эхэллээ” гарчигтай улс төрийн сонирхолтой нийтлэл хэвлэгджээ. Хэзээнээсээ нам дотроо ардчилалтай хэмээн өөрсдийгөө өмгөөлөн, олон тийшээ харчихдаг байсан АН-ын нам доторх фракцууд ид талцаж байсан үе гэж хэлж болно. Тэр дундаа 2015 он бол сонгуулийн өмнөх жил. Сонгууль угтсан жилийн улс төржилт багагүй халж, хэн хэнийг намын нэрийн өмнөөс сонгуульд дэвшүүлэх цаашлаад 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах гээд урт хугацаанд үргэлжилсэн Ардчилсан намын зодоон энэ өдрүүдэд эхэлж байж.

Мөн АТГ-ынхан Ерөнхий сайдын хүргэн Дэнзэнг баривчилсан тухай, нэг хэсэг нь Н.Алтанхуягийг огцруулах операц эхэлсэн гэж, нөгөө хэсэг нь хүргэн Дэнзэнтэй нь хөөж явуулах тухай ярьж байсан хоёр туйлт улстөржилт ид өрнөж байлаа. 

Энэхүү нийтлэлээс харахад Ардчилсан намынхан 11 жилийн өмнө ч “зодолдсоор” л байж. Гэхдээ нэгэн сонирхолтой дүр зураг харагдаж байгаа нь тэр үед Их хурлын дарга бөгөөд Ардчилсан намын тамгыг атгаж байсан З.Энхболд өдгөө 461 дүгээр ангид хоригдож байна. “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэгчлэн нэгэн цагт Их хурлын индэрт алх цохиж явсан эрхэм өдгөө шүүхээс ял сонсчихсон, улс төрөөс түр завсарласан байх юм. Харин хүргэнтэйгээ цуг хөөгдөхдөө тулж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр нам дотроосоо ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн нэлээн хүчтэй өрсөлдөгч хэмээн яригдаж байх.

Хувь тавилангийн хоржоон гэх үү, цаг цагаараа байдаггүй, гэх үү. Ямартай ч 11 жилийн өмнө Ардчилсан намынхан засаг ч барьж, улс төр ч халж байсан цаг байжээ.

Энэ дугаарын өөр нэгэн сонирхолтой материал нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьяны бичсэн “Оюутолгой маань буруу гараар, буцаж ирэхээргүй хөдөллөө” нийтлэл байна. Монгол Улсын засгийн газар Оюутолгойн Монголд ирэх өгөөжийг наашлууллаа гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан. Тэгвэл аль дээр үеэс, гэрээг үзэглэхээс эхлээд л хэвлэлийнхэн сайн мууг нь хангалттай бичиж анхааруулж байсныг бид олон жилийн дараа ч олж уншиж болж байна. Тухайн үед ч Оюутолгойн асуудлын талаар анхааруулсан нийтлэл, өгүүлэл, мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй гардаг байсны ганцхан жишээ нь энэ болов.

Ямартай ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа хэвлэмэл сонин гэдэг түүхийн нэг архив юм. Тэндээс бид алдаа, оноогоо аль алиныг нь олж харж болж байна. Ганцхан сонины шарласан хуудсууд бид хэн хаана, юу гэж байсан он цагийн түүхийг хэлж өгч байгаа нь энэ болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 100 (7842)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn