Б.ЖАВХЛАН

 

Говийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт өнгөрсөн даваа гарагт Дундговь аймагт боллоо. Уулзалтад Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 400 орчим үйлдвэрлэл эрхлэгч оролцож, салбарын тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Уулзалтын үеэр оролцогчид говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, отор нүүдэлтэй холбоотойгоор орон нутгийн засаг захиргаа болон иргэдийн хооронд үүсдэг зөрчил, бэлчээрийн доройтол, малын халдварт өвчин тархах эрсдэл, мал эмнэлгийн үйлчилгээ болон малчдын хариуцлага, вакцины чанар, дархлаа тогтоох хугацаа, орон нутаг дахь хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчний хомсдол, говийн бүсэд гангийн давтамж нэмэгдэж буй шалтгаан зэрэг асуудлыг хөндөн ярьсан юм.

Энэ талаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга О.Ууганбаатар “Өнөөдөр говийн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад баярлалаа. Нэг л зүйл асуумаар байна. Малчид, орон нутгийн иргэдэд тулгамдаж буй ганц л асуудал байна. Тэр нь уул уурхай. Уул уурхайтайгаа хууль эрх зүй, журмын хүрээнд хэрхэн зохицож ажиллах юм вэ. Баянжаргалан сумын хувьд Дундговь аймгийн хэмжээнд хамгийн олон лицензтэй сум. Үүнээс үүдэж бэлчээр хомсдож, малчид мал маллах боломжгүй болж байна. Мөн шороон замын асуудал маш хүнд байна. Дундговь аймгаас Говьсүмбэр, Дорноговь аймаг руу тээвэрлэлт хийж байгаа зам Баянжаргалан сумаар дайрч өнгөрдөг. Өдөрт 70-130, ачаалалттай үед 150-200 ачааны машин дайрч өнгөрч байна. Үүнээс үүдэж ургамлын гарц муудаж, бэлчээр сүйдэж, уур амьсгалын өөрчлөлт ихээр явагдаж байна. Үүнд ямар бодлого баримталж байгаагаа хэлж өгөөч” гэсэн юм.

Асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Гашуун ч гэсэн үнэн үг нь уул уурхайгаас л бидний цалин, тэтгэврийг тавьж байна шүү дээ. Хөдөө аж ахуйн сайд гээд уул уурхайг үгүйсгэж чадахгүй. Би худлаа ярьж чадахгүй. Гэхдээ хариуцлагатай уул уурхайг бий болгохоор зорьж байна. Үнэхээр нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдэд хохирол учруулдаггүй байхын төлөө ажиллаж байна. Мөн хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн уул уурхайн салбар шиг ашигтай болгох вэ гэдэг дээр анхаарна. Шороон замын асуудлыг аж үйлдвэр эрдэс баялгийн сайд, дэд бүтцийн сайдтай уулзаж, тодорхой болгоно. Том машинууд явахаар шороо тоос нь гүйцэгддэггүй юм байна лээ” гэсэн юм.

Мөн оролцогчид салбар тус бүрт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох албаныхан цаашид шат дараатайгаар шийдвэрлэн ажиллахаа мэдэгдлээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар багийн иргэн “Загийн үндэс” хоршооны дарга Ц.Сарантуяа "Манай “Загийн үндэс” хоршоо нь мах махан бүтээгдэхүүн болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэр байгуулах гээд малчидтайгаа нэгдээд явж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг Дорноговь аймагт хуваарилах, хөрөнгө оруулалт хийх боломж байна уу. Сум хөгжүүлэх болон хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг Дорноговь аймаг руу шилжүүлэх боломж байна уу гэж асуумаар байна” гэсэн юм. Асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Зээл хөнгөлөлт маш ихээр олгогдож байгаа. Гэхдээ хэн хэзээ үүнийг аваал байгаа нь тодорхой биш байна. Тэгвэл ЖДҮ, хоршооны зээлийг хэрхэн хэнд өгөх юм. Хэн авсан юм гэдгийг ил тод болгоно. Хөдөө аж ахуйн яамны цахим хаяг, сайтад байршуулна” гэсэн юм.

Энэ мэт Хөдөө аж ахуйн сайд иргэдийн асуултад хариулж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн, гарц шийдлийг тодорхойлж, бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийллээ.

Зөвлөгөөнд “Мал аж ахуйн салбар”, “Газар тариалангийн салбар”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар”, “Мал эмнэлгийн салбар” гэсэн дөрвөн чиглэлийн уулзалтаар үргэлжилж, салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хүргэн, туршлага солилцсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 98 (7840)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn