Ч.БЯМБАА
Хүний эрх хамгаалагчийн эрхийг хангах механизмын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ХЭҮК-оос мэдээлээ.
ХЭҮК-оос 2025 онд “Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт: Төрийн үүрэг” сэдэвт судалгаа, Дани улсын Хүний эрхийн хүрээлэнтэй хамтран “Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх аргачлал”-ын дагуу судалгаануудыг хийж, хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал, тулгамдаж буй эрсдэл, саад бэрхшээл, түүнчлэн төрийн байгууллагуудын хүлээсэн үүргийн хэрэгжилтийг бодит мэдээлэл, нөхцөл байдалд тулгуурлан үнэлж дүгнэжээ.
Энэхүү судалгааны үр дүн нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хангах чиглэлээр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэхэд удирдлага зохион байгуулалт, хамгаалалтын механизмыг сайжруулах, санхүүгийн болон институтийн хөгжлийг бэхжүүлэхэд чиглэсэн асуудлыг тусгаснаараа онцлог юм.
“Хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах нь хангалтгүй байна”
ХЭҮК-ийн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь бодлогын хувьд хууль тогтоомж боловсруулагчид чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох чухал алхам болсон. 2022 оноос эхлэн энэ хуулийн хэрэгжилтийг хангахад ХЭҮК хяналт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдөх, тэдгээрийн талаарх ойлголт мэдлэг төрийн болоод ТББ-ын албан тушаалтнуудын хувьд ямар түвшинд байгаа талаар энэ удаагийн илтгэлээр онцолсон. Жишээлбэл, хуульд заасны дагуу “Төрийн байгууллага, хуулийн этгээд дотоод журамдаа хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаална” гэх зохицуулалтыг оруулсан ч хэрэгжилт ямар түвшинд байгаа талаар хүний эрх хамгаалах тогтолцооны гол бүрэлдэхүүн хэсгүүд болох төрийн байгууллагуудын зүгээс хүний эрх хамгаалагчдын эрхийг хүндэтгэх, үйл ажиллагааг нь дэмжих, хамтран ажиллах зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсөн байгаа” гэв.
Хүний эрхийг хамгаалагчдад тулгарч буй асуудал, хүндрэлийн талаар асуулга явуулахад санхүүгийн хүндрэлтэй, дэмжлэггүй байдал, “Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хууль” болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтнууд хүний эрх хамгаалагчийн талаарх мэдлэг ойлголт дутмаг гэжээ. Тиймээс тэдний үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах асуудал хангалттай биш байна гэж үзсэн байна.
Хүний эрх хамгаалагчийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах саналуудыг УИХ-д хүргүүлжээ
Хүний эрх хамгаалагч шударга шүүмжлэл өрнүүлж, үйл ажиллагаа явуулахад эрсдэл учирсан тохиолдолд аюулгүй байдлыг хангах асуудал хангалтгүй хэмжээнд байна. Тиймээс энэ мэт эрсдэлийн улмаас сэтгэлзүйн болон хууль зүйн зөвлөгөө өгөх боломжууд төдийлөн байхгүй байна. Үүнээс шалтгаалан сэтгэлзүйн хямралд өртөх зэрэг олон асуудал байгаа нь хүний эрх хамгаалагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэх дүгнэлтэд хүрчээ.
Иймд дээрх судалгаануудад үндэслэн ХЭҮК-оос УИХ-д дараах тодорхой саналуудыг хүргүүлжээ. Үүнд, Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, үйл ажиллагаанд нь ямар нэг хориг саад үзүүлэхгүй байх агуулга бүхий заалтыг төрийн байгууллага болон хуулийн этгээдийн дотоод журамд оруулахад Засгийн газраас тогтоол гаргаж ажиллах. Төрийн байгууллагын албан тушаалтнуудад заавал мэдэх хичээлийн агуулгад Хүний эрх хамгаалагчийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг оруулах нь үр дүнтэй байна. Мөн хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдлыг хангахад тусгайлан анхаарч, тэдний онцлог нөхцөл байдалд тохирсон сэтгэлзүй, хууль зүйн зөвлөгөө өгөхөд төрөөс тодорхой анхаарал хандуулах шаардлагатай байна.
Хүний эрх хамгаалагчид үйл ажиллагаа явуулахад санхүүгийн дэмжлэг дутмаг байгаа тул тухайн хүний эрх хамгаалагчдын онцлог нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх нь чухал. Түүнчлэн бодлогын хүрээнд зайлшгүй шаардлагатай байгаа асуудал болох сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах “Хэвлэл мэдээллийн тухай хууль”, “Шүгэл үлээгчийн тухай хууль” гэх мэт эдгээр хуулиудыг гаргах нь хүний эрх хамгаалагчийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, нийтийн мэдэх эрхийг хангахад нь томоохон дэмжлэг болно гэж үзжээ.
Тэгвэл хүний эрх хамгаалагчдын талаарх ойлголт мэдлэг нийгэмд ямар байдаг талаар ХЭҮК-ийн судалгаанаас үзэхэд дийлэнх нь “Хүний эрх хамгаалагчийн талаар ойлгодог” гэж хариулжээ. Харин цөөн хувь нь төдийлөн сайн ойлгодоггүй ч тэдэнтэй хамтран ажилладаг гэжээ.
Хүний эрх хамгаалагч нь маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг субъект юм. Тэдний эрх хамгаалагдсанаар дараагийн үйл ажиллагаагаа тайван явуулах боломж бүрдэх юм. Иймд хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах, тэднийг айдас, сэтгэл зүйн дарамтгүйгээр ажиллах нөхцөлийг төрөөс бодлогоор хангах шаардлагатайг ХЭҮК-оос мэдээлэв.
“Хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах бодлого нь олон улсад цогц тогтолцоонд тулгуурладаг”
Судалгаанаас харахад хүний эрх хамгаалагчдад учирч буй эрсдэл, дарамт нь ганц нэг тохиолдол бус, харин системтэй буюу бие биеэсээ шалтгаалсан олон эх үүсвэртэй байх шинжтэй байна. Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн ашиг сонирхлын бүлэг, олон нийт, цахим орчноос үүдэлтэй дарамт зэрэг нь давхцан илэрч, хүний эрх хамгаалагчдыг үйл ажиллагаанаас ухрах, зарим тохиолдолд бүр татгалзах, зогсоох эрсдэлд хүргэж байна.
Харин олон улсын механизмын туршлагаас харвал хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах бодлого нь эрсдэлийг урьдчилан тооцсон, шуурхай хамгаалалт, институтийн хариуцлагад суурилсан цогц тогтолцоонд тулгуурлах ёстой байна. Түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, дэмжих хандлага жигд бус, байгууллагын дотоод журмаар нарийн зохицуулалт хийдэггүй, сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулдаггүй нь төрийн эрх бүхий албан тушаалтнууд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсоныг ХЭҮК-оос мэдээлэв. Тэр дундаа сэтгүүлч, хуульч, нийгмийн ажилтнууд, байгаль хамгаалагчид зэрэг тодорхой бүлгийн хүний эрх хамгаалагчид дарамт, заналхийлэл, хууль зүйн болон сэтгэл зүйн дарамтад илүү өртөж байгаа нь хамгаалалтын тусгайлсан арга хэмжээ шаардлагатайгаас гадна, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 98 (7840)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn