Р.Оюун

Улаанбаатар дахь "Русский дом" нь Улаанбаатар дахь Хятадын соёлын төвтэй хамтран "Цайны соёлын ертөнц" арга хэмжээг зохион байгууллаа. Хятадад цайны ёслол 1000 гаруй жилийн өмнө үүсэж, тус улсын оюун санааны соёлын салшгүй хэсэг болсон. Монголд зочдыг эртнээс анхилуун үнэртэй сүүтэй цайгаар дайлж ирсэн бөгөөд энэ нь хүндэтгэл, сайн санааны илэрхийлэлд тооцогддог. Харин Орост самовартай цай уух уламжлал нь гэр бүл, найз нөхдийн уулзалтын салшгүй хэсэг болж, хүмүүсийг нэг ширээний ард нэгтгэдэг байна. Энэ арга хэмжээг нээж Улаанбаатар дахь "Русский дом"-ын захирал В.В.Кильпякова "Цай нь орос хүний амьдралд гүн бат байр суурь эзэлсэн бөгөөд өнөөдөр бидний хувьд энэ гайхамшигт цайгүйгээр өвөг дээдэс маань хэрхэн амьдарч байсан бол гэж төсөөлөхөд ч бэрх болжээ. Гэвч цай нь анх Орос оронд Хятадаам 1638 онд хүргэгдэн ирсэн түүхтэй. Тухайн үед нэгэн язгууртны хүү Василий Старкою Алтан хаанаас Москвагийн эзэн хаан Михаил Фёдоровичид өргөн барих бэлэг болгон цай авчирсан гэдэг. Элч эхэндээ энэ бэлгийг хүлээн авахдаа төдийлөн дуртай байгаагүй аж. Учир нь Москвагийн хаан Алтан хаанд булга болон бусад үнэт бэлэг өргөн барьсан байхад хариуд нь ердөө "өвс ургамал" мэт зүйл ирсэн нь гайхашрал төрүүлсэн байна. Гэсэн ч уг цайг Оросын хааны ордонд амталж үзэхэд ихэд таалагдаж 1679 онд Хятадаас Орос руу цай нийлүүлэх тухайн анхны гэрээ байгуулжээ. Цай нь Оросын ахуй амьдралд жинхэнэ утгаараа XVIII зууны эхэн үеэс өргөн нэвтэрч эхэлсэн юм. Улмаар цай уух ёслол, цайлах уламжлал нь Орос оронд нийгмийн бүх давхаргын хүмүүсийн дунд түгэн дэлгэрч, цайны эх оронд эрхэмлэгддэгтэй адил өргөн хүрээнд хайрлагдан хүндлэгдэх соёл болжээ.

Статистик мэдээгээр Орос улс цайны хэрэглээгээрээ дэлхийд Хятад, Энэтхэгийн дараа гуравдугаарт ордог. Мөн орос хүн бүрийн хоёр нь өдөрт дор хаяж гурван удаа цай уудаг гэсэн судалгаа бий. Өнөөдөр та бүхэнд Оросын цайны уламжлалын талаар Буриадын Кяхта хотын "Орда" компани танилцуулах болно. Тус компани өөрөө цай тариалдаггүй ч олон зууны турш цай болон түүний соёл аялж ирсэн түүхэн зам мөрийг сэргээн харуулж, түгээн дэлгэрүүлдэг онцлогтой. "Орда" групп бол Их цайны замын түүх, соёл, өв уламжлалыг амилуулсан бодит, амьд дүр зураг юм" гэв.

Эх сурвалж www.zms.mn