Аливаа хэлний гол цөм бол үгийн сан билээ. Сүүлийн үед эх хэлний үгийн сангийн баялаг ихээхэн хумигдаж буйг харгалзан олон нийтийн мэдлэгт нэмэр болох зорилгоор “Утгын сан” буланд монгол бичгийн дурсгал, судар сурвалжуудын үгсээс утгыг тайлбарлан хүргэж байна.
Бүтээх. Орчин үед бид аливаа зүйлийг хийх, шинээр үүсгэх, гүйцэтгэхийг “бүтээх” гэдэг бөгөөд харин судар сурвалжид олонтоо гардаг “бүтээх, бүтээл” хэмээх үг бол арай өөр утгыг илтгэдэг. Жишээлээд “бурхан бүтээх” гэдэг үг хэллэгийг авч үзвэл, эрх авшгийг нь хүртсэн бурханыхаа тарнийг зохих тоонд нь хүртэл уншиж бясалгасны дүнд тухайн бурханаа илт олж харах эрдэм чадал, шидтэй болох утгыг илэрхийлнэ. Бүтээл хийх гэвэл бясалгал даяан хийхийг хэлнэ. Орчин цагийн монгол хэлэнд “бурхан бүтээх” гэвэл бурханыг зурж урлахыг хэлж буй.
Гарах. Орчин цагийн монгол хэлний орж гарахтай ижил хэлбэр, бичлэгтэй “гарах” гэдэг үг судар сурвалжид цөөнгүй тохиолдож, “ялах, дийлэх, мандах” утгыг илэрхийлдэг. Тухайлбал, ономгой оюунтай буян хураасан хүн ганцаар боловч хамгийг гарах гэдэг бол оюун билиг сайтай, сайн сайхан үйлийн үрийг хураасан хүн ганцаараа байсан ч бүхнээс ялгаран мандана хэмээсэн утга юм.
Дайн. Энэхүү үгийн эртний утгыг бичгийн дурсгалуудаас үзвэл эдүгээгийн “дайсан”-тай адил утгатай байдаг. Орчин цагийн монгол хэлнээ зохион байгуулалт бүхий зэвсэгт мөргөлдөөнийг заах болсноор утга нь ерөнхий болжээ. Жишээлбэл, 13 дугаар зууны сүүл үеийн дурсгалд билиг үгүй олон болбоос ч дайнаа эрхэд оруулдъюу хэмээсэн нь оюухаан ухаан хурц сэргэлэн бус бол хэчнээн олуул байвч дайсны эрхэнд орно гэсэн санаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 97 (7839)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn