Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хятад, Монголын  хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан сурвалжилгын багийн бүрэлдэхүүнд багтаж, өдөр тутмын “Зууны мэдээ” сониноо төлөөлөн урд хөршийг зорилоо. Холын замд  мэргэжил нэгтнүүдтэйгээ ганзага нийлүүлэн, аяны богц дүүрэн ирэв.  Томилолтын тэмдэглэлээ уншигчдадаа хүргэж байна.

 

Эрээн хотын худалдааны чөлөөт бүс

Бидний сурвалжилга Эрээн хотын худалдааны чөлөөт бүсээс эхлэв.  Уг чөлөөт бүс үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр  манай улсад ямар ач холбогдолтой вэ  гэдэг  хамгийн түрүүнд сонирхол татсан юм. Энэ талаар Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн удирдлагын газрын дэд дарга Дөү Шяопин “Монгол Улсын Замын-Үүдийн чөлөөт бүстэй хамтран ажиллаж худалдаа, эдийн засгийн гурван улсын коридор байгуулах ёстой. 2027 он гэхэд Эрээн болон Замын-Үүд чөлөөт бүсийн хооронд авто замын дэд бүтэц холбогдож, худалдаа, эдийн засгийн урсгал өрнөнө гэсэн хүлээлттэй байгаа”  гэдгийг хэлж байлаа.

Эрээн хотын худалдааны чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар 48 аж ахуйн нэгж байгууллага уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, хил орчмын аялал жуулчлал гэсэн  дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулж эхлэхэд бэлэн болсон байна. Цаашид  чиглэлээ долоо болгож өргөжүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн худалдаа, эдийн засгийн жишиг чөлөөт бүс болох  зорилго тавин ажиллаж байгаа гэлээ. Мөн тус  бүс нь зургаан сая тонн ачаа тээврийг эргэлдүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн байна.

 

Эрээн хотын музей дэх үлэг гүрвэлийн ертөнц

 

Өнгөрсөн цаг хугацаагаар аялуулах мэт орчин угтсан нь Эрээн хотын музей байв. Үүдээр нь ороход л хэдэн арван сая жилийн өмнөх дэлхий ертөнц гайхамшгийг харах мэт сонирхолтой байлаа. Эрээн хот нь үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгээрээ дэлхийд алдартай. Эрээн хотын оршин тогтсон түүх нь 65 сая жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд өвс ургамал элбэг, дулаан уур амьсгалтай учраас үлэг гүрвэл амьдрахад нэн таатай орчин бүрэлдсэн байсан аж. Эрээн хот нь үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг бүтнээр нь хадгалж үлдсэн цөөн газрын нэг гэдгээрээ онцлогтой. Тус музейд Эрээн хотын нутгаас олдсон олон төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдвор, яс, өндөг хадгалагдаж буйгаараа онцлог байлаа. Мөн тус музейн барилга нь 33 метр өндөр бөгөөд тухайн үеийн үлэг гүрвэлийн амьдарч буй орчныг бүрдүүлэхийг зорьсон аж. Музейн хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг нь 11 метр өндөр, 11 тонн жинтэй аварга үлэг гүрвэлийн чулуужмал байв. Одоогоор 20 гаруй төрлийн үлэг гүрвэлийн чулуужмал энэ нутгаас олдсон бөгөөд хотын эргэн тойронд одоо ч бүрэн судлагдаагүй олдворууд байгаа гэдгийг тус музейн тайлбарлагч Янян хэлж байлаа.

Тэрээр "Эрээн хотыг үлэг гүрвэл бий болсон, мөн устаж үгүй болсон газрын нэг гэж хэлж болно. Үлэг гүрвэл устаж үгүй болсон нь уур амьсгалын өөрчлөлт болон өвс ургамал ховордсонтой холбоотой" гэлээ.

Мөн тус музейд Хятадад гурван газар хадгалагддаг түүхийн үнэт ховор олдвор болох цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн чулуужмал ч байв. Түүнчлэн байгалийн төрөл бүрийн ховор чулуунуудыг байгалиас олдсон хэвээр нь хадгалж байгаа гэсэн юм.

Эрээн хот дахь сурвалжилгын нэгэн сонирхолтой хэсэг нь “Хао Ган” жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын парк компанийн үйл ажиллагаатай танилцсан  явдал байлаа. Тус  компани нь  Эрээн хот дахь   жимс, хүнсний ногооны төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монголд экспортлох эрх бүхий, гаалийн хяналтын цор ганц байгууллага аж.  Компанийн үйл ажиллагаанд жимс, хүнсний ногоо экспортлох худалдаа, бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүний урьдчилан боловсруулалт /хөлдөөсөн жимс ногооны үйлдвэрлэл, жимс ногооны хатаамал, хөлдөөж, хатаах үйлдвэрлэл, төмсний шарсан бүтээгдэхүүний хагас боловсруулалт/, амуу будаа, хүнсний тосны импорт экспорт, логистик, агуулахын хадгалалт, тээвэрлэлтийн үйлчилгээ  багтдаг байна.

Тус компанийн агуулахаас өдөр бүр нэг нь 25 тонн даацтай 30 орчим авто машин жимс ногоо тээвэрлэн 24 цаг дотор Улаанбаатар хотод хүргэдэг аж.  Мөн жимс ногоо болон хүнсний бүтээгдэхүүнийг Монголын стандартад нийцүүлэн боловсруулж, савладаг гэдгийг Эрээн хотын  “Хао Ган” жимс ногооны агуулахын дэд захирал  Жон Юй Чэн онцолсон юм.

Тус парк нь  дотоод болон гадна орчиндоо 24 цагийн цахим хяналтын камерын системтэй бөгөөд мэргэжлийн шинжилгээний лаборатори, жимс ногооны аюулгүй байдлын хяналт шинжилгээ хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр  бүрэн тоноглогджээ.

Сурвалжилгын үеэр  Монгол  руу гарах  жолоочид  бэлтгэлээ хангаж байлаа. Жолооч Т.Гүнжаргалын хувьд  долоо дахь жилдээ ажиллаж байгаа  аж.  Тэрээр “Эрээнээс Улаанбаатар хүртэл ойролцоогоор 10 цаг явдаг. Энд Хятадын гааль шалгалт хийж, Монголын хил дээр дахин шалгуулаад Улаанбаатарт ачаагаа хүргэдэг. Нэг машинд бүдүүн ногоо 20-25 тонн, нарийн ногоо 19-22 тонн ачдаг.  Заримдаа 7 хоногт хоёр удаа тээвэрт явдаг” хэмээн ярьсан юм.

 

Үзэсгэлэнт Улаанцав хотод сурвалжлага үргэлжлэв

 

Өвөр Монголын  өргөн уудам тал нутаг, салхин сэнс,  нарны  цахилгаан станц  тасралтгүй хөвөрсөөр  үзэсгэлэнт Улаанцав хот руу хөтлөв. Биднийг сурвалжлагын дараагийн газар бол ӨМӨЗО-ны төв хэсэгт байрлах  байгалийн үзэсгэлэн  болон орчин үеийн дэвшилтэт технологи хосолсон  Улаанцав хот байлаа. 

Энэ удаа бид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий Жүнжинь датагийн Улаанцав дахь баазтай танилцсан юм. Тус бааз нь БНХАУ-ын томоохон хот, муж, төр, хувийн хэвшлийн дата мэдээллийг хадгалж, дахин ашиглуулах нөөц бааз суурь бөгөөд мэдээллийг аюулгүй, стандартын дагуу хөргүүртэй байгууламжид хадгалахдаа сэргээгдэх эрчим хүчээр дата серверийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах цогцолбор юм.

Энэхүү дата баазыг 2021 оноос эхлэн төлөвлөж, 2025 онд ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Тус төсөл нь нийт 30 гаруй га талбайг хамарч, нийт 91 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүний үр дүнд 450 мянган м.кв бүхий барилга байгууламж барьж ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 338 мянган кВт-д эрчим хүчийг хэрэглэж байна. Цаашид 720 мянган кВт хүртэл эрчим хүчний хэрэглээтэй бааз болохоор төлөвлөж, барилга байгууламж, серверийн төвөө өргөтгөн барьж байгаа юм байна.

Улаанцав хотын дараагийн сурвалжилгаар “Хунфү” хүлэмж, газар тариалангийн компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хүлэмжийн хаалгаар ормогц нүүр рүү халуун агаар  хүчтэй үлээж,  зуны бүгчим өдрөөс ч илүү  халуун орчин угтав.  Уг хүлэмжид 30 га газарт хүнсний ногоо тариалж, жил бүр 10 мянган тонн нарийн ногоо хураан авч дотоодын болон гадаадын  зах зээлд нийлүүлдэг байна. Мөн  10 сарын  хугацаанд 40 удаа  улаан лооль хураан авдаг аж. Мөн хүлэмж дотор  автомат  усалгааны систем,  температурын  хяналт,  органик бордооны шийдлүүдийг ашиглаж байлаа. Тус компани  технологийн дэвшил, хүлэмжийн аж ахуйн шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, органик тариалалтыг  хийдэг бөгөөд  Хятадын “Sam's Club, Metro” зэрэг дээд зэрэглэлийн супермаркетуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж.

 

Олон улсын уулзалт зохион байгуулдаг  Яньчи нуурын экологийн хөгжлийн жишиг бүс

Ийнхүү бидний Улаанцав хот дахь олон сонирхолтой газарт ажилласан сурвалжилга өндөрлөж Бээжин хотыг зорьсон юм.  Эртний Юань, Мин, Чин гүрний үеийн түүх,  соёлын өвийг өнөөг хүртэл хадгалж үлдсэн  Бээжин хотод очиход хөгжил өндөр түвшинд хүрсэн нь мэдрэгдэж байлаа.

Бидний хамгийн эхэнд очсон газар бол  Яньчи нуурын экологийн хөгжлийн жишиг бүс байв. Үзэсгэлэнт нуур,  байгалийн үзэсгэлэн хосолсон  энэ бүс нутагт  АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын уулзалт  мөн  олон улсын хамтын ажиллагааны “Бүс ба зам” форум зохион байгуулагдсан гэдгээрээ дэлхий даяар алдартай болсон юм. Нуурын эрэг даган алхахад  байгалийн  үзэсгэлэнт төрх,  орчин үеийн архитектурын шийдэл  төгс зохицсон нь  нүд булаана.  Тус барилга дотор ороход хамгийн  их сонирхол татсан зүйл нь  барилгын дотоод  загвар байв.  Хятадын уламжлалт хэв маягийг орчин үеийн технологитой  хослуулсан  байв.  Мөн томоохон уулзалтад зохион байгуулсан түүхэн агшныг хадгалан үлдээсэн нь  сонирхол татав. Улс орнуудын төрийн тэргүүнүүдийн сууж байсан сандал,  хэрэглэж байсан аяга зэргийг  хүртэл хадгалсан байлаа.

Яньчи арал өмнө нь ой мод, уран баримал бүхий цэцэрлэгт хүрээлэн байжээ. АПЕК-ийн уулзалт зохион байгуулах зорилгоор 2010 оны арван хоёрдугаар сард  барилгын ажлыг эхэлж, 2014 оны зургаадугаар сард дууссан байна. Ингэснээр   650 мянган  м² талбай бүхий 15 барилга байгууламж сүндэрлэж, хурлын төв, нэг зочид буудал, цамхаг болон 12 хаустай аж.

Барилга байгууламжуудын ерөнхий төлөвлөлтөд мянган жилийн түүхтэй хааны ордны хэв маягийг шингээж, байгальд ээлтэй шийдлээр бүтээн байгуулжээ. Тус арлын хамгийн онцгой шийдлийн нэг нь 12 хаусыг цагийн зүүний дагуу байрлуулсан зохион байгуулалт байв.  Хятадын эртний хааны цэцэрлэгийг цагийн “гол тэнхлэг” байхаар тохируулан цаг дотор эргэлдэх хэлбэрээр барилга байгууламжийг байршуулсан байна. Арлын ногоон байгууламжийг бүрэн шийдсэн бөгөөд цэцэрлэгжүүлэлтийг үзэмж, гоо зүй, хэлбэр дүрс, өв уламжлалыг хослуулжээ. 12 хаусыг таван хэсэгт хувааж, зүүн хойд хэсэгт ой мод, баруун хойд хэсэгт уул,баруун өмнөд хэсэгт уулны хөндий, өмнө хэсэгт арал,зүүн талаараа усны эрэг эргийг багтаасан байна.

Бээжин дэх дараагийн очсон газар нь техник технологийн ирээдүйг  бодитоор мэдрүүлэх  орчин угтсан нь  хиймэл оюун ухааны анхдагч бизнес хөгжүүлэгч “Модуль ертөнц” аж үйлдвэрийн хотхон байв. Энд хиймэл оюун ухаан,  робот, технологийн олон шийдлийг  бодит хэрэглээнд нэвтрүүлжээ.  Тус хотхоны хамгийн сонирхол татсан бүтээл бол  хиймэл оюун ухаант Юри байв. 2026 оны нэгдүгээр сарын 31-нд Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсээс түүнд анхны үндэсний виртуал шүтээн таних гэрчилгээ олгожээ. Ингэснээр Юри албан ёсоор Бээжингийн оршин суугч болж, бүс нутгийн олон нийтийн аюулгүй байдлыг дэмжих, байгаль орчныг хамгаалах болон бусад ажилд “дижитал оршин суугч”-ын хувиар оролцох эрхтэй болсон байна.  Мөн 150 хэл дээр орчуулга хийх  чадвартай  ухаалаг нүдний шил,   мэдээллийг хэрэглэгчийн нүдний өмнө  шууд харуулдаг төхөөрөмж, шатар болон гоо даам тоглодог робот зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

 

 “Xiaomi автомашины үйлдвэр нь цагт 40 авто машин үйлдвэрлэж байна

Бээжин хот дахь бидний дараагийн сурвалжилга орчин үеийн технологийн хөгжлийн тод илэрхийллийн нэг болох   “Xiaomi” автомашины үйлдвэрээс үргэлжиллээ. Дотогш ороход төрөл бүрийн өнгө,  загвар бүхий цахилгаан авто машинууд  хэн бүхний харааг эрхгүй татаж байв.  Хийц, ухаалаг шийдлүүд нь уламжлалт автомашины  үйлдвэрээс  тэс өөр орчинд  ирснийг мэдрүүлнэ.   Тус үйлдвэр нь  2024 онд Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд баригдаж, ашиглалтад оржээ.  Онцлог зүйл нь  ухаалаг үйлдвэрлэлийн бүрэн автомат системтэй бөгөөд хэрэглэгч машинаасаа гэрийнхээ цахилгаан хэрэгслийг, гэрээсээ  авто машинаа удирдах бүрэн боломжтой. Мөн байгальд ээлтэй цахилгаан авто машин юм. Үйлдвэр нээлтээ хийснээс ердөө 230 хоногт 100 мянган тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн дээд амжилтыг тогтоосон байна.  Тус үйлдвэрийг  зөвхөн үйлдвэрлэлийн төв  биш, аж үйлдвэр, аялал жуулчлалыг  хослуулсан  жишиг цогцолбор  болгон  хөгжүүлж, олон нийтэд нээлттэй болгосон онцлог байлаа.

Технологийн үзэсгэлэнгийн танхимд Модена архитектур, V8s хөдөлгүүр зэрэг гол технологиудын шийдлүүдийг дэлгэн харуулсан байлаа.  Харин авто машины үзэсгэлэнгийн хэсэгт SU7 загварын бүх төрлийг танилцуулж, хэрэглэгчдэд  авто машины ухаалаг бүхээгт сууж үзэх боломж олгож байсан  нь сонирхолтой байв.  Мөн тус авто машины хурд, хүч чадлыг бодитоор мэдрүүлэх  туршилтын  жолоодох боломжийг олгодгоороо онцлог байв. Миний хувьд  машинд суух мөчид дээд зэрэглэлийн  тав тух, хурдыг зэрэг мэдэрсэн юм. Мөн үзэсгэлэнгийн  үеэр үнэ төлбөргүй гэрэл зураг авахыг зөвшөөрдөг  нь авто машин сонирхогчдод орчин үеийн авто машины дэвшилтэт технологийг мэдрэх боломжийг олгож байна.

Мөн үйлдвэрийн үйл явцтай танилцах хэсэг хамгийн сонирхолтой байлаа. Хэдэн зуун роботууд тасралтгүй ажиллаж, авто машины эд ангийг  дэс дараалалтай, өндөр нарийвчлалтай угсарч байлаа. Энд   нэг цагт 40 ширхэг Xiaomi SU7 авто машиныг үйлдвэрлэх чадвартай бөгөөд  бөгөөд 76 секунд тутамд нэг шинэ авто машин үйлдвэрлэлийн шугамаас гардаг аж.

Сурвалжлагын сүүлийн  танилцсан газар бол робот худалдан борлуулах, засвар үйлчилгээний төв байв. Тус төвд 100 гаруй дэвшилтэт робот суурилуулсан байна.  Робот худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлт,  борлуулалтын дараах үйлчилгээ, мэдээллийн санал хүсэлтийг хүлээн авч, сайжруулалт, хөгжүүлэлтийг цогцоор нь хийдэг аж. Эндээс робот худалдан авахаас гадна түрээслэн авах боломжтой  байна. Нэгдүгээр давхар нь биет ухаалаг роботын олон нийтэд үзүүлж, туршилтыг хэрэглээнд нэвтрүүлэх хэсэг байрлаж байлаа. Хамгийн сонирхолтой  бүтээлийн нэг бол  энэ жилийн Бээжингийн хагас марафонд оролцож Угандагийн гүйгч Жейкоб Киплимогийн тогтоосон хагас марафоны дэлхийн дээд амжилтыг долоон минутаар ахиулсан робот гүйгчийг байрлуулсан байлаа.

Сурвалжлагын төгсгөлд  ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад сурталчилгааны газрын дэд дарга н.Гэрэлт “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгыг олон жил уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааны брэнд болж хөгжсөн. Мөн хоёр орны ард түмний сэтгэлийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй эерэг нөлөө үзүүлж ирсэн. Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хамтарсан сурвалжилга, хэвлэл мэдээллийн форум зэрэг ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид үргэлжлэн зохион байгуулах болно. Монголын олон сэтгүүлч Хятад улсад илүү олноор айлчилж, Хятадын орчин, хөгжлийн тухай таниулж сурталчилж, хоёр орны сайн жишээг хамтдаа хуваалцаасай” гэлээ.

Ийнхүү өндөр технологийн дата бааз, ногоон хүлэмжийн аж ахуй, Бээжин хотын хиймэл оюун ухаан, роботын ертөнцөөр аялсан үргэлжилсэн бидний томилолт өндөрлөж байна. Энэ аяллын туршид бид үйлдвэр, технологи, бүтээн байгуулалтаас гадна орчин үеийн хөгжил уламжлалтайгаа хэрхэн зохицож, шинжлэх ухаан хүний өдөр тутмын амьдралтай хэрхэн ойртож буйг бодитоор харлаа. Нэг талд нь мянган жилийн түүхээ хадгалсан соёлын өв, нөгөө талд нь хиймэл оюун ухаан, бүрэн автомат үйлдвэр, дижитал ирээдүй зэрэгцэн орших нь Хятадын хөгжлийн өнөөгийн дүр төрхийг илэрхийлж байв. Мөн энэхүү хамтарсан сурвалжилга нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа ямар үнэ цэнтэй болохыг дахин мэдрүүлсэн аялал боллоо.

'

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 96 (7838)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn