Аливаа хэлний гол цөм бол үгийн сан билээ. Сүүлийн үед эх хэлний үгийн сангийн баялаг ихээхэн хумигдаж буйг харгалзан олон нийтийн мэдлэгт нэмэр болох зорилгоор “Утгын сан” буланд монгол бичгийн дурсгал, судар сурвалжуудын үгсээс утгыг тайлбарлан хүргэж байна.
Алгасрах. Анхаарал төвлөрөхгүй, сэтгэл санаа хоёрдох, тогтворгүй болох утгыг илэрхийлнэ. Тиймээс сэтгэл нь алгасарсан хүн аливаа зүйлийг амжилттай, хурдан түргэн бүтээж чаддаггүй гэдэг. Жишээлбэл, судар сурвалжид алгасангуй сэтгэлт хүнд номыг бүтээх чөлөө хаа буй гэсэн нь бясалгал даяанд нэгэн үзүүрт сэтгэлээр бат тогтвортой сууж эс чадвал бурханы номын утга учир, мөн чанарыг ухааран ойлгож бүтээн туурвих боломжгүй гэсэн санаа юм. Эдүгээ үед хамаатуулбал биеэр сууж байвч хичээл номоо анхааран сонсохгүй, сэтгэл санаа нь огт өөр элдэв зүйлийг бодон, ой тойндоо үл тогтоох хэмээн ойлгож болно.
Алжаас. Энэхүү үгийг одоогийн алжаал ядаргаа гэдэгтэй эндүүрэн ойлгох тохиолдол бий. Судар сурвалжид уг үг гол төлөв эндүү, буруу, гэм алдал гэх утгыг илэрхийлдэг. Жишээ нь: Алжаас үйлээр үйл бүтээвээс түүнийг мэргэд хаанаас хүсэх хэмээх нь гэмт буруу аргаар аливааг бүтээхийг ухаалаг сайн хүмүүс огт хүсэхгүй гэсэн утга юм. Өтлөхөөс айн урт наслахыг хүсэх нь мунхгуудын алжаас сэтгэл буй гэдэг бол хөгширч доройтохоос айх мөртлөө урт наслахыг хүсдэг нь ухаан муут, оюун дорой хүмүүсийн эндүү үзэл ойлголт гэсэн санааг илэрхийлж байна.
Ашгих. Судар сурвалж ялангуяа түүхэн сурвалжуудад нэлээд тохиолддог энэ үгийн үндсэн утга зодох, жанчих юм. Монголын нууц товчоо, 17 дугаар зуунаас хойш үеийн түүхэн сурвалжууд болох Лувсанданзаны “Алтан товч”, Саган сэцэний “Эрдэнийн товч” зэрэгт хэдэнтээ тохиолдоно. Жишээ нь: Буурч Шихигүр ашгигдаж өгүүлрүүн хэмээх бол тогооч Шихигүр жанчуулаад хэлсэн нь гэсэн утгатай.
Аймсах. Сурвалжуудад энэхүү үг уурсах, хилэгнэн зэвүүрхэх, зэмлэн донгодох гэсэн утгаар цөөнгүй тохиолдоно. Жишээлбэл, сайд аймсваас бээр мөргөвөөс залиръюу муун мөргөгдвөөс өрөлцьюү хэмээх нь сайн хүн хэчнээн уурлаж хилэгнэж байвч түүнээс уучлал гуйж буруугаа хүлээх юм бол амарлиж уурлахаа болино, харин муу хүнээс уучлал эрвэл улам илүү хилэгнэн догширч өслөлдөнө гэсэн утгатай байна.
Булих. Булаах гэдэг үгтэй нэг язгууртай бөгөөд эртний хэлбэр. Судар сурвалжид олонтоо тохиолдоно. Жишээлбэл, Эрдэнэт хулгана эдээ булигдаж хулгах хүч нь буурч хэмээлдмүй гэсэн нь эрт цагт Эрдэнэт хулгана нэртэй хулгайч хүн эд эрдэнээ булаалгаснаар хулгайлах хүч чадал нь доройтсон гэдэг утгатай.
Бурхан болох. Эдүгээ олонх хүний ойлгодгоор нас барах, насан эцэслэх гэсэн утга бүхий үг хэллэгтэй ижил хэлбэртэй энэхүү үг сурвалж бичигт бясалгал даяан хийж, бурханы номын зам мөрөөр суралцан бурханы хутгийг олохыг хэлэх бөгөөд олны сайн мэдэхээр Бурхан багш зургаан жил хатуужил даяанд суусны эцэст гучин таван насандаа гэгээрч бурхан болов гэдэг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)