"Сургаалын тайлбар" буланд монголчуудын сайн мэдэх “Субашид” хэмээх сургаалын зохиолын зарим бадгаас тайлбарлан хүргэж байна. Уг зохиолыг Төвөдийн Сажа урсгалын их эрдэмтэн Гунгаажалцан 13 дугаар зууны эхэн хагаст Сажа хийдэд туурвижээ. Нийт 457 бадаг шүлэг, төгсгөлийн үгтэй. Монголчууд "Сайн номлол" хэмээх утга бүхий "Субашид" гэх санскрит, товч нэрээр нь нэрлэсээр ирсэн юм.

 

10 дугаар бадаг
Мэргэн эрдэм хэмжээлшгүй боловч
Бусдын өчүүхэн эрдмийг ч авах
Тэр мэт үргэлжид явснаар
Үтэр хамгийг айлдагч болох
Ухаантай эрдэмтэй сайн хүний эрдэм чадвар нь хэмжээлж баршгүй их байлаа ч  өөр бусдаас өчүүхэн жаахан эрдмийг ч болов бас авсаар байдаг, үргэлж ийм байдлаар явах тул тун удалгүй хамаг зүйлийг мэдэх болно гэсэн санаа юм. Эрдэм гэдэг бол ном боловсрол төдийгүй бүхий л талын ур чадварыг багтаадаг өргөн дэлгэр утга агуулгатай. 

12 дугаар бадаг
Өчүүхэн оюунтан зөвшил гэмтэн хямралдах цагт
Оюун төгөлдөр аргаар амгаланд тэтгэх
Гол мөрөн булингараар хомсотсоныг 
Усыг тунгалагжуулагч эрдэнээр тунгалаг болгох
Ухамсар дорой, ухаан муутай хүмүүс эв эвдрэн учир зүйгээ ололцохоо болих үед ухаалаг, сайн хүн бол арга эвийг олж, эвсүүлэн зохилдуулж амар амгалан болгоно гэсэн санаа бөгөөд ухвар мөчид хүмүүсийн эв эвдрэхийг гол мөрөн булингартан, шороо лагт дарагдаж багасахтай, ухаалаг сайн хүн тэднийг найрсуулан эвлэрүүлэхийг усыг тунгалаг болгогч гэдага гэдэг эрдэнээр тунгалаг болгохтой адилтган жишжээ. Үүнтэй төстэй, сайн хүн хүний эвийг ойртуулна, муу хүн хүний эвийг холдуулна гэсэн зүйр үг монгол хэлэнд буйг олон нийт мэднэ. 

14 дүгээр бадаг
Билиг төгөлдөр толгой эргэвч 
Үйлийн хувьд үл мунхрах
Амьтан шоргоолж нүд үгүй боловч
Нүд төгөлдөр бусдаас үлэмж хурдан
Ухамсар сайтай, билиг оюун хурц сэргэлэн хүн бол будилж самууравч, бусад хүмүүс толгойг нь эргүүлэвч буруу муу зүйлд автахгүй, замаа алдахгүй хэмээсэн утга бөгөөд тийм хүнийг шоргоолж нүдгүй хэрнээ нүдтэй бусад амьтнаас илүү хурдан түргэн гүйдэгтэй зүйрлэжээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 95 (7837)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn