П.ЛХАГВА
Эр бяр, эв дүй, ур ухаан нь тэнцүүхэн төрсөн эрдэм чадалт бөхчүүдийг “Зууны мэдээ” сонин “Бөхийн мэдээ” буландаа 14 хоног тутам онцолж, төрж өссөн төрөлх нутгаас төрийн наадмын торгон дэвжээнд түмэн олноо цэнгүүлсэн уран барилдаан хийгээд баялаг амьдралынх нь түүхээс уншигчдадаа хүргэдэг билээ. Харин энэ удаагийн “Бөхийн мэдээ” тусгай дугаартаа Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны Үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүйг урьж ярилцлаа. Тэрээр “Хүн бэлдэх, тамирчин бэлтгэх энэ ажилд 23 настайгаасаа зүтгэж эхэлсэн байна. Ер нь “Өөрийгөө мартсан хүн дасгалжуулагч болдог” юм байна. Нөгөөтэйгөөр бусдын амжилтын төлөө оюун тархи, зүрх сэтгэлээ зориулж, өөрийгөө мартсан энэ хүнийг ойлгож, хоёргүй сэтгэлээр ажлаа хийхэд дэмнэж түших сайн ханьтай хүний хийх ажил гэж би боддог” гэсэн юм. Ярилцлагыг бүрэн эхээр нь “Бөхийн мэдээ” тусгай дугаараас уншаарай. Мөн энэхүү дугаарт Улсын заан С.Сүхбат, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа нэг дор хүргэж байна. Түүнчлэн өмнө нь хэвлэгдэж байсан шилмэл ярилгынхаа дээжээс түүвэрлэн, үндэсний бөхийн онц сонирхолтой баримт, бөхийн дүйз зэргийг багтаасан болно.
Тусгай дугаарыг 39 дэх удаагийн “Номын баяр”-аар “Зууны мэдээ” сонины асраас аваарай.
Мөн zuuniimedee.mn сайтаас цахим хэлбэрээр захиалан унших боломжтой.
