Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрх ба цахим технологи” сэдэвт олон нийтийн хяналт шалгалтын (ОНХШ) тайлангийн танилцуулгыг өчигдөр зохион байгуулж, цахим технологийн хөгжилтэй холбоотой хүний эрхийн нөхцөл байдал, эрсдэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
Тайланг олон нийтийн хяналт шалгалтад хамаарах судалгаа, үнэлгээ, хяналт шалгалтыг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдын багийг бүрдүүлэн явуулж, үр дүнг асуудал тус бүрээр холбогдох салбарын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.10, 7.1.11 дэх заалтаар тогтоосон Комиссын бүрэн эрх, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт тогтоосон Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд хүний эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээ тусгагдсан байдал, шинээр хэрэглээнд нэвтэрч буй технологийн хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийг үнэлэх, Монгол Улсын бодлого, хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг хүний эрх, эрх чөлөөний зарчимд нийцүүлэх зорилгоор “Хүний эрх ба цахим технологи” сэдэвт олон нийтийн хяналт шалгалтыг 2023-2025 онд явуулсан байна.

Хяналт шалгалтыг 11 салбарт хамаарах 40 орчим асуудлыг хамруулж явуулсан бөгөөд дараах үндсэн асуудлуудыг багтаасан байна.
Тухайлбал,
1.1 Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын механизмын үнэлгээ
1.2 Хүнийг тагнаж, чагнах боломжтой техник хэрэгслийн эрх зүйн зохицуулалт ба хүний эрх
1.3 И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ
1.4 И-Монгол платформын хүртээмжийн үнэлгээ
1.5 Хиймэл оюуны бодлого, эрх зүйн зохицуулалт
1.6 Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт
1.7 Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл
1.8 Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээний платформ ашиглаж байгаа байдалд хийсэн мониторинг
1.9 Эрүүл мэндийн салбарын цахимжилт
1.10 Цахим туслах төхөөрөмжийн бодлого, зохицуулалт
1.11 Хяналтын камерын хэрэглээ, ашиглалт
1.12 Зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа, цахим гав
1.13 Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан гэж ангилжээ.
Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисссын дарга Д.Сүнжид “Комисс энэхүү ОНХШ-ыг 2023-2025 онд хэрэгжүүлсэн бөгөөд цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах тогтолцоо, шинээр нэвтэрч буй технологийн эрсдэлийг үнэлэх зорилгоор явууллаа. Хяналт шалгалтаар 11 салбарын 40 орчим асуудлыг хамруулсан. Үүнд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, И-Монгол системийн хүртээмж, хиймэл оюуны бодлого, олон нийтийн сүлжээний зохицуулалт, цахим орчин дахь жендерт суурилсан хүчирхийлэл, эрүүл мэндийн салбарын цахимжилт, хяналтын камерын хэрэглээ, цагдаагийн байгууллагын мэдээллийн сан зэрэг асуудлыг судалж, үнэллээ. Мөн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолкер Түрк Монгол Улсад айчлахдаа Цахим эрүүл мэндийн үйлчилгээ болон нийгмийн хамгааллын систем дэх хүний эрх, хувийн өгөгдлийг хамгаалах чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийж буй ажлыг сайшааж байгаагаа илэрхийлсэн. ОНХШ-ын хүрээнд цахим шилжилт эрчимжихийн хэрээр хүний эрхийн зөрчил, эрсдэл илүү нарийн төвөгтэй, үл үзэгдэх шинжтэй болж байгааг онцолсон. Тухайлбал, хүний хувийн мэдээллийг хэт ихээр цуглуулах, зориулалтаас өөрөөр ашиглах, автоматжсан шийдвэр гаргалт ил тод бус байх, алгоритмд суурилсан шийдвэр хүний хяналтгүй хэрэгжих эрсдэл нь ялгаварлан гадуурхалт, шударга бус нөхцөл үүсгэж болзошгүй байгааг дурдсан. Мөн цахим хөгжлийг зөвхөн технологийн дэвшил бус, төр ба иргэний харилцааны чанарын өөрчлөлт гэж үзэх шаардлагатай байна. Иргэд төрийн байгууллагатай уламжлалт байдлаар бус, өгөгдөл, платформ, алгоритм, баталгаажуулалтын системээр дамжин харилцаж буй өнөөгийн нөхцөлд хүний эрхийн баталгааг бодлого, хууль, хэрэгжилтийн түвшинд хангах шаардлага нэмэгдэж байна” гэсэн юм.
Харин комиссын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа “Цахим технологийн сөрөг нөлөөллөөс хүнийг хамгаалах Монгол Улсын бодлого эрх зүйн зохицуулалт эхлэл төдий, тунхгийн шинжтэй, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх механизм сул байгааг энэхүү тайлангаас харж болно. Цахим технологийн хөгжил Монгол Улсад үр өгөөжөө өгч байгааг мөн баримт илтгэж байна. Хяналт шалгалтын үр дүнд цахим хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хиймэл оюун болон алгоритмд суурилсан шийдвэр гаргалтад хүний хяналт, ил тод байдлыг хангах, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүний эрхэд суурилсан цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг зөвлөмж боловсруулсан” гэсэн юм.
НҮБ-ын Хувийн нууцын тусгай илтгэгч доктор Ана Брайан Нугресисын Монгол Улсад хийсэн айлчлалын тайлан, зөвлөмж болон Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоолд туссан чиглэлүүдтэй уялдуулан цаашид цахим хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг хүний эрхэд нийцүүлэн шинэчлэх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. “Технологийн хөгжил бол зөвхөн инженерчлэл, инновацийн асуудал биш, хүний эрх, хүний мөн чанарын асуудал” болохыг онцлов.
Тэрээр цахим эринд Монгол хүн “өгөгдөл бус, технологийн эзэн” байх ёстойг тэмдэглээд, хүний эрхэд суурилсан, хүн төвтэй цахимжилтыг хөгжүүлэх нь ардчилал, эрх чөлөөг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдсан юм. Энэ тухайгаа “Хүний хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагааг хариуцсан Комиссын гишүүний хувиар “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтыг удирдан явуулах өндөр үүрэг, хариуцлага байлаа гээд цахим эринд Монгол хүн өгөгдөл бус, технологийн эзэн нь байхад, Монгол Улс “хүн төвтэй” цахимжиж, ардчилал, эрх чөлөөгөө бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Гэхдээ хүнийг хамгаалах, технологийг хөгжүүлэх нь эсрэгцэх эрх ашиг, үл нийцэх зам биш юм. Нухацтай мэдэж, оновчтой төлөвлөж, хүнд ээлтэй хөгжүүлж, хэрэглэж чадах аваас нийгмийн баялгийг үр ашигтай, шударга хуваарилах, хүний амьдралыг илүү ая тухтай, чанартай, хүртээмжтэй, аюулгүй болгоход цахим технологи чухал үүрэгтэй” гэлээ.
ОНХШ-ын тайлангийн танилцуулгад 200 гаруй хүн оролцсон бөгөөд “Хүний ба цахим технологи бодлого шийдэл” хэлэлцүүлэгт пеналистаар ХЭҮК-ын гишүүн Хууль зүйн доктор Г.Нарантуяа, УИХ-ын гишүүн Инноваци, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Ерөнхий сайдын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис нар оролцож, модератороор “The media show” платформын санаачлагч Ж. Хулан ажиллав.
Хэлэлцүүлгийн үеэр Хүний эрх ба цахим технологи сэдвээр ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн доктор Г.Нарантуяа илтгэл тавьсан юм. Тэрээр "Цахим технологи хүний амьдрал, нийгмийн харилцааны мөн чанарын агуулгыг өөрчилж байна. Үүнд Монгол Улс бэлэн үү, манай улсад хүний эрх, эрх чөлбб хамгаалагдсан уу гэдэг асуултад хариулахын тулд бид хоёр жил судалгаа, үнэлгээний ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр ухаалаг утас, олон нийтийн сүлжээний платформууд, цахим үйлчилгээ, төлбөрийн систем, хиймэл оюун, үүлэн тооцоолол, хяналтын камер зарэг нь хүний амьдралын энгийн эд зүйлс болжээ. Цахим хөгжил бол зөвхөн инновац, эдийн засийн хөгжлийн асуудал биш юм. Энэ бол хүний тухай, хүний мен чанар, хүн ёсоор амьдрах орон зай, халдашүй эрх чөлөөтэй орших тухай буюу нийгмийн шударга ёсны асуудал. Хиймэл оюун зөвхөн өгөгдөл боловруулах хэрэгсэл төдий бус шийдвэрийг тодорхойлох нөлөөтэй ороцогч болж байна. Технологи, хүний үзэл бодол, сонголт, сонирхол, эрүүл мэнд, үйлчилгээг санал болгож байна. ХЭҮК-оос хүний эрх ба цахим технологи сэдвээр судалгаа хийхээр 2022 онд шийдвэрлэсэн. Энэ хүрээнд бид и-монгол систем төрийн үйлчилгээний цахимжилт цаг хугацаа, зардлыг хэмнэх, төрийн байгууллагад биечлэн очих шаардлагыг бууруулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдуулсэн. И-Монгол платформын хүртээмжийн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 96 хувь нь уг систем тодорхой давуу байдлыг бий болгосон гэж үзсэн. Манай улс нь өргөн удам газар нутагтай, хүн амын сийрэг суурьшил, хот, хөдөөгийн ялгаа, төрийн үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдлыг шийдвэрлэхэд цахим технологи стратегийн ач холбогдолтой. Hөгөө талаас хүний эрхийн шаардлагад нийцсэн технологийн зохицуулалт нь олон нийтийн итгэл, төр ба иргэний итгэлцлийг бий болгоно. Тиймээс үндсэн 11 асуудлаар 40 гаруй судалгааг хийсэн” гэсэн юм. Эцэст нь “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтын үр дүнд үндэслэн, Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг хангах, холбогдох бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Комиссын бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 93 (7835)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn