Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ

 

“Ижий бурхад”-ын энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат багш, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, физикч Лосолын Бямбажаргалыг урилаа. Эрхүүгийн их сургуулийн физикийн факультетыг онолын физикчээр улаан дипломтой дүүргэж Ховдын Багшийн дээд сургуулиас эхэлсэн багшийн ажлаа улстөрчийн замналаар үргэлжлүүлж МСДН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрбээр “Би ижийгийнхээ тухай тун бага мэддэг юм. Залуудаа тэнгэрт одсон ижийгээсээ наймхан настай үлдээд аав, ах эгч нарынхаа гар дээр хүн болсон хэдий ч тэр эрхэм хүний минь надад зориулсан их хайрын авшгийг өнөөдөр ч хүртэж яваа гэж итгэдэг” хэмээн яриагаа эхэлсэн юм.

 

ИЖИЙГИЙНХЭЭ ДҮРИЙГ ЗАЛУУ САЙХНААР НЬ МАШ ТОД САНАДАГ

-Би ижийгийнхээ амь, авдар дээрээ залсан бурхнаас нь ч хүндтэй эрх “амьтан” явлаа. Таван хүүхэд төрүүлж өсгөсний отгон нь, дээрээс нь өвчин ороомтгой сул биетэй нөхөр болохоор ижий хамаг анхаарлаа надад л тавина. Гараасаа хөтөлж, гай барцдаас хамгаалж хүн болгосон ижий минь намайг сургуульд орсон жил гэнэт өвдөөд, нэгдүгээр анги төгсдөг хавар бурхан болсон. Ердөө 41 настай байсан юм. Тийм болохоор ижийтэйгээ хамт байсан дурсамж долоо наймхан насаар минь хязгаарлагддаг. Хэдийгээр би жаахан байсан ч ижийгийнхээ дүрийг яг тэр үеийнхээр нь, залуу сайхнаар нь одоо хүртэл маш тод санадаг. 

Миний аав, ижий хоёулаа Говь-Алтай аймгийн Чандмань сумын нэгдүгээр багийн нэг дорын улс байсан юм. Ижийг Довдонгийн Чойжмаа гэдэг байв. 1933 онд буюу хуучин тооллоор усан тахиа жилийн хаврын дунд сарын хорьд орчимд Говь-Алтай аймгийн Чандмань сумын нэгдүгээр багийн нутаг Их тоглоот гэдэг газар айлын ууган охин болж  төрсөн, Давагсүрэн гэж хүн эх барьсан гэдгийг аавынхаа бичиж үлдээсэн ижийгийн намтраас мэдэж авсан юм.

Манай сум Алтайн нурууны төгсгөл Алагийн нурууны ар бэлд далайн түвшнээс дээш 2200 м өндөрт оршдог. Засаг захиргааны шинэчлэлээр Сайн ноён хан уулын аймгийн Ёст засаг тэргүүн тайж Мишигдоржийн хошуу, Илдэн гүн Гомбосүрэнгийн хошуу, Эрдэнэ бишрэлт Засагт хан Гомбосүрэнгийн хошуу гэж чандмалсан гурван хошууны уулзвар дээр байдаг Чандмань хайрхны өвөрт байгуулагдсан учраас Чандмань сум гэж нэрлэсэн юм билээ. Сумын анхны дарга нь ижийгийн нагац ах. Дараа нь ижийгийн аав, бидний буурал аав Довдон сумын даргаар хоёр жил ажилласан юм билээ. Буурал аав залуудаа манай Чандманьтай залгаа Сангийн хүрээнд сууж байсан, бичиг үсэг сайтай сүрхий хүн байж. Нэлээн хожуу харлаж, хийдээ орхисон ч бичиг үсэгт сайн учир суманд алба хашдаг болсон гэдэг.

 

МӨСӨН ЧИХЭР УУТАЛЖ БҮСЭНДЭЭ ЗҮҮЧИХЭЭД ЯВЖ БАЙДАГ БАЙСАН ГЭДЭГ

Ижийтэйгээ байхад ийм л “амьтан” байж.

-Буурал аав гуч гарсан хойноо буурал ээжтэй гэрлээд таван хүүхэдтэй болжээ. Хүүхдүүдийн том нь миний ижий. Ижийг төрөхөд буурал аав сумын хоршооны дарга байж. Чандмань сумын хоршооны анхны дарга гэж түүхэнд нь бий. Хоршооны даргын охин, 14 нас хүрч байж араасаа дүү дагуулсан болохоор ижий нүгэлтэй эрх байсан гэдэг. Мөсөн чихэр ууталж бүсэндээ зүүчихээд явдаг байсан гэж хөгшчүүдээс сонсож байлаа. 

Монгол төрийн нэртэй зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз гуай манайхныг сайн мэддэг байсан юм. Довдон өвөөг “Надад бичиг үсэг зааж, юм юмны захад хүргэсэн ачтан” хэмээн амьд сэрүүндээ дурсаж байв.  Ижийгээс арав ах болохоор бага үеийг нь гайгүй мэддэг байсан юм билээ. Тэгээд “Танай ээж ёстой нэг дархлагдсан охин байсан даа. Сүүлд хоёр охин гарч арай дээр болсон” гэж байв.

Ижийгийн дөрвөн дүүгийн том нь Гандан эгч. Их уран, бидний дээл хувцсыг урлаж өгдөг хүн байв. Сургууль номоор явж шалиагүй байх, ижийтэй адилхан худалдагч хийдэг байсан юм. Удаах нь Буянжаргал эгч. Газар зүйн багш, дал гартлаа л багшилсан. Одоо ч зааж зурж л суугаа. Цэвэгмид эгч эдийн засгийн багш. Бага дүү нь Жаргалсайхан ах Унгарт төгссөн, геофизикч.

Аав нь  хийдэд сууж байсан, бас нагац талдаа нутагтаа нэртэй эм тан барьдаг маарамбатай болохоор ч тэр үү, ижийг их шүтлэгтэй гэж аав ярьдаг байв. Гэхдээ мэдээж  олны нүдэн дээр сунаж мөргөөд л, маани мэгзэм уншаад байгаагүй биз. Харин гэртээ зул, хүж өргөж, арц уугиулан, бурхан тахилдаа хүндэтгэлтэй ханддаг монгол эхчүүдийн л нэг байсан байх. Манайханд бас өвөг дээдсээс уламжилж ирсэн судар ном ч олон бий.

Ижий сургууль номоор яваагүй байх. Сургуулийн  тухай ярьж байгаагүй, бас ангийнх нь хүүхэд гэж би лав дуулаагүй. Гэхдээ бичиг үсэгтэй, тоо тооцоонд гайгүй хүн байсан байж таарна. Учир нь миний мэдэхийн ижий худалдагч хийдэг байсан.

 

НАМАЙГ ДЭРГЭДЭЭСЭЭ САЛГАХ ДУРГҮЙ БОЛОХООР ЦЭЦЭРЛЭГТ Ч ЯВУУЛААГҮЙ ЮМ

 

-Аавын ярьснаар тэр хоёр нэг багийн, бараг нэг дорынх ч гэлээ ойртож дотноссон нь 1947 он гэсэн. Тэгэхэд ижий 14-тэй байж. Аав цэрэгт явах болоход ижий иртэл нь хүлээнэ гээд үлдсэн гэдэг. Тэгээд аавыг цэргээс ирсний дараа 1952 онд айл болжээ. Аавын ярьснаар буурал аавынхыг Ботгон аманд нутаглаж байхад ижийг авахаар мориор очиж байсан гэдэг. Гэргийгээ аваад Их хүрэмтэд гэртээ авчирч Хүрэмтийн хярд гэрээ барьж айл болсноо ярьдаг байв. Тэд гэрлээд удалгүй сумын төвд суурьшиж, тэр жил нь анхны хүү бидний том ах төрсөн.

Аав сумын хоршооны дарга, сумын нарийн бичгийн дарга гэж одоогийнхоор Тамгын газрын дарга зэрэг хариуцлагатай алба хашдаг. Ижий хүүхдүүдээ асарна, ар гэрээ авч явна. Тэгж байгаад 1959 оноос “Үүрийн туяа” нэгдэлд ажилладаг болсон. Эхлээд өрлөгчин, шаварчин хоёр жил хийгээд, 1961 оноос нэгдлийн зочид буудалд тогооч, дараа нь нэгдлийн тоо бүртгэгч болж 1964 оны намар хүртэл ажилласан юм билээ. Тэр жил  нь аавыг аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт нягтлангаар томилсон учраас манайх Алтай руу шилжсэн. Тэгэхэд би гэдсэнд байсныг Лоохууз гуай ярьж байв. “Ижий чинь том гэдэстэй Алтайд ирж байсан. Нэг их удалгүй Октьябрын баяраар төрсөн нь чи юм байна” гэж билээ.

Манайхыг Алтай руу нүүхэд буурал аав их дургүй байж. Гэрээ ачаад явахдаа Шалын хоолойд шаварт суучихлаа гэхэд буурал аав “Лосол ганц хүүхнийг минь сүйд хийх нь” гээд уурлаж байсан гэдэг.

 

СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН АНХНЫ ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАЙСНЫГ НЬ ХОЖИМ МЭДСЭН

 

-Алтайд ирсэн хойноо ижий дэлгүүрт худалдагч хийдэг байв. Үнэ хямдарсан барааны дэлгүүр гээд хүн орж ирж юм авдаг ч байсан юм уу даа, тэр дэлгүүрээс. Үнэ хямдарсан гэхээр зарагдахгүй удсан, эсвэл тээвэрлэлтийн явцад гэмтсэн л бараа байсан байх. Тэр үедээ лав хэнд ч таарахгүй 46 размерын орос бакал, бас оросуудын эсгий гутлын гадуур өмсдөг галоош, манай алтайнхан бараг хараа ч үгүй анжис гээд янз бүрийн юм зардаг байсан гэсэн. Хэдийгээр хүн орж ирэхгүй ч ижий дэлгүүрээ яг цагтаа нээнэ. Өглөө намайг хөтлөөд гэрээс гарна.  Өдөржин суугаад орой хоёулаа харьдаг сан. Аав Удирдах газарт нягтлан учраас ижийг арай хариуцлага багатай газарт оруулсан нь тэр байх. Би гэж ижийгийн хормойноос зүүгдээстэй нөхөр. Хаашаа ч явсан хамт. Намайг ижий цэцэрлэгт ч явуулаагүй юм. Дэргэдээсээ салгах дургүй.

Би ижийгээ сумын цэцэрлэгт ажилладаг байсныг сүүлд мэдэж билээ. Хөдөлмөрийн баатар Бадарчийн Чилхаагийн нэрэмжит Чандмань сумын “Эрдэнэс” хүүхдийн цэцэрлэг гэсэн түүхийн номонд нь “Үүрийн туяа” нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1963 оны тавдугаар сарын 8-ны хурлаар суманд цэцэрлэг ясли байгуулж, ажиллах хүмүүсийг нь томилох тухай  хэлэлцсэн тогтоолыг оруулсан байдаг юм. Тэр тогтоолд цэцэрлэгийн эрхлэгчээр Сосорбарам, хүмүүжүүлэгчээр Чойжмаа, тогоочоор Янжинсүрэн, Ягаан нарыг баталсугай гэсэн байна билээ. Энэ хүмүүсийн тухай бичихдээ анхны хүмүүжүүлэгч Чойжмаа гэдэг хүний талаар сураглахад сумын хэмжээнд ийм нэртэй хоёрхон хүн байсны нэг нь малчин, нөгөө нь хоршооны дарга Лосолын эхнэр гэсэн байна билээ. Тэгэхээр ижий нэг хэсэг цэцэрлэгт ажилласан байгаа юм.

 

БИД ЭХЭЭС ТАВУУЛ

Аав ээжтэйгээ хамт энэ зургийг 1972 онд авахуулсан юм билээ.  Аав Р.Лосол, ээж Д.Чойжмаа, ах Л.Ганбүүрэг, эгч Л.Хоролсүрэн, ах Л.Балгансүрэн, Л.Ламид-Очир нарынхаа хамт.

-Ижий минь таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Дөрвөн хүү, ганц охинтой. Ууган ах минь Ганбүүрэг гэж эмч хүн байсан юм. 1952 онд төрсөн, Говь-Алтайн Алтай, Цогт суманд ажиллаж байгаад хот руу ирсэн. Ахыг эмч болоход ижий их дуртай байсан гэдэг. Ижийг байхад ах Анагаахын дундаа төгсөөд дараа нь Анагаахын дээдэд сурсан юм.

Ганц эгч минь Хоролсүрэн гэж насаараа Сэлэнгийн Орхонтуулд ажилласан зоотехникч байгаа. Хань нь Төрийн шагналт Л.Дамдиндорж. Эгч Хөдөө аж ахуйн дээд төгсөөд нөхөртэйгөө хамт нутагтаа очно гэж байсан ч тэр үед дээд сургууль төгссөн хоёрын хоёр зоотехникчийг хамтад нь авах газар манай Говь-Алтайд байгаагүй байх. Тэгээд манай хоёр Сэлэнгэд суурьшиж нөгөө алдартай Сэлэнгэ үүлдрийн улаан алаг үхрийг Казахын цагаан толгойтыг нутгийн монгол үнээтэй хоёр дахь үеийн эрлийзжүүлэгт оруулж гаргаж авахад оролцсон улс шүү дээ. Хүргэн ахынх Орхонтуулд амьдардаг болсноос хойш бид ч тийшээ явамтгай болж, нэг үгээр бидний хоёр дахь нутаг болсон доо.

Хоёр дахь ах минь Балгансүрэн. Одесст төгссөн генетикч байсан юм. 1991 онд бурхан болсон. Удаах нь Ламид-Очир. Орхонтуулд нийгмийн даатгалын байцаагчаар насаараа ажилласан, Худалдаа үйлдвэрийн дээд сургууль төгссөн нягтлан бодогч мэргэжилтэй хүн байгаа. Ижийгийн таван хүүхдээс эгч, Ламид-Очир ах бид гурав л үлдэж дээ.

 

НАДАД НОМ ЗААСАН АНХНЫ БАГШ МИНЬ ИЖИЙ

 

-Ижий надад үсэг зааж өгөөд би их эрт уншаад сурчихсан. Надад ном уншиж өгөөд бүр цээжлүүлдэг байв. С.Маршакийн “Мунгинуухан эр” гэж номыг лав мартдаггүй. “Ижий нь сургууль номоор яваагүй, бичиг муутай болохоор бичихийг зааж чадахгүй” гэдэг сэн.

Уншдаг бас ойр зуур бичдэг болохоор зургаатайд минь сургуульд өгсөн юм. Даахиа ч авахуулаагүй намайг сургуульд ороход сэгсээг нь заавал ав гэхэд ижий их дургүй ээ.  Надад ч таалагдаагүй байх тэгсхийгээд сургуулиа орхиж хоёр жил өнжөөд найм арай хүрээгүй дахиад орсон юм.

Ижийтэйгээ хамт Шаргалжуутын рашаанд явсан үеийн дурсамж надад бий. Намайг сургуульд орохоос өмнө юм даг. Сүүлд ааваас сонссоноор бид хоёр 1968 оноос хойш гурван жил дараалан рашаанд явсан гэсэн. Би хөхүүлж ханиалгадаг, амархан өвдчихдөг нөхөр байсан учраас ижий нагац ах Содномжамц маарамбын зааснаар намайг эмчлэхээр Шаргалжуут явдаг байж. Тэр үеийнхээс санаанд тод үлдсэн хоёр зүйл байдаг юм. Сумаас рашаанд явна гээд бөөнөөрөө майхан сав, хонь малаа бэлдээд нэгдлийн Зил 130-аар хүргүүлнэ. Чандманиас замдаа хонож хүрнэ. Түйн голын бургасанд гүүрний ёроолд хоноод маргааш нь ижий намайг аваад  найзындаа очихоор явсан юм. Баянхонгорын төвийн хоёр давхар байшинд байдаг айлд очсон. Би анх удаа байшинд амьдардаг айлд орж үзсэн нь тэр. Тэр айл манай  нутгийн хүн, Баянхонгор аймгийн дарга В.Бүнчин гуайнх байж билээ. Гэргий нь ижийгийн нэг голын багынх нь найз Ч.Сонгино эгч.  Сонгино эгч Хөдөө аж ахуйн их сургуулийн Нүүдлийн соёл иргэншлийн музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөдөө аж ахуйн ухааны доктор урлаг судлалын шинжлэх ухааны доктор гээд мундаг хүн байсан даа. Сонгино эгчийн ихрийн өрөөснийг нь Мангир гэдэг байсан.

Бас нэг удаа Шаргалжуутад ижийгийн багын найз Шарбандийн Сүхээ гэж хүнтэй таарсан. Ижий түүнийг ах нарын чинь үздэг орос хэлний номыг энэ хүн зохиосон шүү дээ гэхэд ном зохиосон хүнийг анх удаа харж байгаа би бишрээд л. Бас яасан сонин цагаан царайтай юм бэ гэж гайхаад л байж билээ. Бид хөдөөнийх тэр дундаа говийн улс бүгд л хар бараан царайтай болохоор хотоос ирсэн хүн их л содон харагдсан хэрэг байх даа.

“Иймэрхүү л дурсамжтай ижийгээсээ үлдсэн хүн дээ, би” гэснээр Л.Бямбажаргал бидний яриа өндөрлөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 93 (7835)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn