Ч.БЯМБАХАЖИД

 

Цогцос хадгалах байр байхгүйгээс хоёр нярайн цогцсыг хоёр жил ахуйн хөргөгчид хадгалж, хөдөөлүүлсэн тохиолдол орон нутагт гарсан зэрэг Шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдал, тэр дундаа хөдөө орон нутагт хүндрэлтэй байгаа асуудлаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд мэдээлэл өглөө.

 

Ховд аймгийн шүүх шинжилгээний үйл ажиллагаа явуулж байгаа барилгыг
дээр үед эрүүлжүүлэх байрны зориулалтаар ашиглаж байсан бөгөөд ашиглах боломжгүй
гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байр байна.

- ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлээд байна. Тус илтгэлд тусгагдсан нэг асуудал бол “Шүүх шинжилгээ ба хүний эрх”-ийн сэдэв байгаа. ХЭҮК-ийн нэг үүрэг бол шударгаар шүүлгэх эрхийг хангах хамгаалах, үүнтэй холбоотой тогтолцооны асуудлуудад тогтмол дүн шинжилгээ хийж ирсэн. Энэ хүрээнд Шүүх шинжилгээний байгууллага бол гэмт хэрэгтэй тэмцэх, шинжлэх ухааны үндэслэлтэй нотолж, илрүүлэх хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэдэг хууль сахиулах байгууллага байдаг. 

Монгол Улсад жилд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны 98 хувьд шүүх шинжилгээний байгууллагын ямар нэг дүгнэлт гардаг бөгөөд энэ дүгнэлтэд үндэслэж хэргийг шийдвэрлэдэг гол практик тогтсон  байна. Шүүх шинжилгээний байгууллага жилд дунджаар 35 мянга орчим хэргийн газрын үзлэг, 75 мянга орчим шинжилгээ хийдэг буюу өдөрт 200 гаруй шинжилгээ хийдэг. Эдгээр шинжилгээнүүд нь ихэвчлэн хүний бие, эд зүйл дээр хийгддэг учраас Үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх, хүнлэг бус харьцах, эрүү шүүлтээс ангид байх, хувийн нууцаа хамгаалуулах, хохирлоо төлүүлэх эрхийн гол агуулга болдог гэж үздэг.   

Нэгдүгээрт, энэ шинжилгээг маш өндөр түвшний мэргэшсэн алба хаагчид хийх  ёстой. Хоёрдугаарт, шаардлага хангасан техник, технологийг ашиглах. Гуравдугаарт, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд хийж байж шинжилгээний дүгнэлт эргэлзээгүй, бодитой гарна гэж үздэг.

ХЭҮК 2025-2026 онд Шүүх шинжилгээний ерөнхий газрын нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймаг, дөрвөн сум, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 33 нэгжид хяналт шалгалт хийсэн. Мөн өнөөгийн нөхцөл байдлын талаар Шүүх шинжилгээний байгууллагын 300 ажилтан, 53 шүүгч, 112 прокурор, 252 мөрдөгч, 133 өмгөөлөгч буюу нийт энэ салбарын 1000 гаруй ажилтан албан хаагчидтай ярилцлага хийж, дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт хоёр түвшинд хуваагдаж байгаа.

Нэгдүгээрт, хүний биед шинжилгээ хийх явцад хүний эрхийн зөрчил, нөхцөл байдал ямар байгаа талаарх асуудал.

Хоёрдугаарт, Энэ салбарт ажиллаж байгаа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд дүгнэлт гаргасан.

Эндээс гол асуудлуудыг авч үзвэл, аймаг, зарим сумын төвүүдэд байгаа шүүх шинжилгээний байгууллагын орчин нөхцөл, барилга байгууламж, лаборатори нь хүний эрхийг зөрчих нөхцөл байдлыг бий болгосон гэж дүгнэсэн байгаа.

 

“Насанд хүрээгүй 79 хохирогч стандартын бус орчинд үзлэг шинжилгээ хийлгэсэн байна”

 

-Шүүх шинжилгээний байгууллага хараат бус, бие даасан байх ёстой. Гэтэл өөрийн гэсэн байргүй, ашиглалтын хугацаа дууссан байрууд, эсвэл цагдаагийн байгууллагын аль нэг жигүүрт, аймгийн ЗДТГ зэрэгт үйл ажиллагаагаа явуулж байна.

2025 оны байдлаар хүний биед хийсэн шинжилгээний дор хаяж 1024 нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, стандартын шаардлагад нийцээгүй орчин нөхцөлд хийсэн байна.  Үүн дотор 160 орчим шинжилгээ нь бэлгийн маргаантай, насанд хүрээгүй 79 хохирогч стандартын бус орчин нөхцөлд үзлэг шинжилгээ хийгдсэн байна гэх дүгнэлт гарсан.

Энэ дүгнэлтээс харвал, хохирогчийг дахин хохироох, хүний халдашгүй чөлөөтэй байх, нэр төр эрхэм чанарыг хүндэтгэх орчин нөхцөлийг бүрдүүлээгүй гэж болно. Орон нутгийг таван бүсэд хувааж Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа явагдаж байгаа. Стандартын шаардлага хангасан бүсийн төвийн барилга байгууламжтай аймаг нь Дорнод, Дархан-Уул байна. Ховд, Өвөрхангай, Дорноговь зэрэг аймаг стандартын шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулж байсан. Жишээлбэл, Ховд аймгийн шүүх шинжилгээний үйл ажиллагаа явуулж байгаа барилгыг дээр үед эрүүлжүүлэх байрны зориулалтаар ашиглаж байсан бөгөөд ашиглах боломжгүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байр байна. Энэ мэтээр стандартын бус орчинд шүүх шинжилгээг хийж байгаа нь хүний шударгаар шүүлгэх эрхийг зөрчих эрсдэлтэй байна гэж үзсэн. Харин хүний биед хийж байгаа шинжилгээг нийслэлд Чингэлтэй дүүргээс бусад нь Шүүх анагаах ухааны газарт очиж хийлгэдэг. Энэ нь шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа хүртээмжтэй биш байна гэх дүгнэлтэд хүрсэн. Цаашид төв, орон нутгийн шүүх шинжилгээний байгууллагын барилгыг стандартын дагуу барих, дүүргүүдэд хүртээмжтэй байдлыг бий болгох хэрэгтэй байна.

Хүний сэтгэцэд учирсан хохирлын гэм хорын шинжилгээг өнгөрсөн жилээс эхлэн хийж эхэлсэн. Энэ шинжилгээг 2025 оны байдлаар сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийн дутагдлаас шалтгаалж зургаан сарын дараалал үүссэн ийм байдалтай байсан. Харин одоо бол эмч нарын орон тоог нөхөөд шинжилгээ хэвийн түвшинд хийгдсэн хүний нөөц бүрдсэн байгаа. Гэсэн хэдий ч энэ шинжилгээг орон нутагт бүсүүдийн төв дээр хийх зохион байгуулалтыг оруулсан байна гэж үзэж болно. Үүнээс болж хохирогчид шинжилгээ хийлгэхээс татгалзах, хууль хяналтын байгууллагад итгэхгүй байх, хохирогч өөрөөсөө зардал мөнгө гаргаж очдог байдал тогтсон байна. Үүнийг цаашид засаж, сайжруулах шаардлагатай гэж ХЭҮК-оос үзсэн.

Хэргийг богино хугацаанд шийдвэрлэх ёстой. Гэтэл хэрэг удааширч байгаагийн нэг шалтгаан нь шинжээчийн дүгнэлт хугацаандаа гарахгүй байгаатай холбоотой. Үүнтэй холбоотой нэг асуудал бол нарийн шинжилгээ хийдэг химийн урвалж бодисууд тасарсантай холбоотойгоор 2025 онд шинжилгээний дүгнэлтүүд Улаанбаатар хотод гэхэд нийт ДНК-ийн шинжилгээний 91.6 хувь нь 25-106 хоногт гарсан үр дүн байна.

 

Орон нутагт цогцос хадгалах байр байхгүйгээс хоёр нярайн цогцсыг хоёр жил ахуйн хөргөгчид хадгалж байгаад хөдөөлүүлжээ

 

-Хөдөө орон нутагт томилогдсон шинжээчид орон байраар хангагдах боломжгүйгээр шалтгаалан цалингийнхаа 50 орчим хувийг түрээсийн байранд зарцуулдаг. Дээр нь албаны тээврийн хэрэгсэл хомс, дутмаг байгаад тодорхой хэмжээний төсөв санхүү зарцуулах хэрэгтэй байна гэж үзсэн.

Мөн 10 гаруй жилийн архив, бүх хэргийн нотлох баримтууд тухайн газар хадгалагдаж байгаа боловч өнөөдөр шүүх шинжилгээний байгууллагуудад харуул хамгаалалтын ажилтан, аюулгүй байдлын камерын хяналт, нууцыг хадгалах өрөө тасалгаа хангалтгүй байна. Зарим газруудад даргын манлайлал, санаачилгаар эдгээр асуудлыг зохицуулсан ийм байдалтай байна. Тогтолцоо, төсөв санхүүгийн хувьд  бусад байгууллагуудаасаа орхигдсон байна.

Бид хяналт шалгалтын хүрээнд 365 сумын моргийн нөхцөл байдалтай танилцахад хөргүүрийн систем бүрэн хангагдаагүй, зарим нь эвдэрсэн, байрны багтаамжаас хамаараад гадаа тавьчихсан дүр зураг нийтлэг байсан. Орон нутагт онцгой нөхцөл байдал болох хоёроос гурван хүн осолд орох, дөрөв таваараа живсэн зэрэг тохиолдолд цогцос хадгалах байрны хүртээмж хангалтгүй байгаа. Иймээс шүүхийн албан хаагч өөрөө гэрээсээ сэнс авчирч тавих, өвөл нь гал түлж цогцсыг гэсгээх зэрэг арга хэмжээ авч байна. Тиймээс энэ чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай.

Шүүх шинжилгээний байгууллага бол хэрэгтэй холбоотой олон нотлох баримтуудыг цуглуулах, хадгалах асуудал гардаг. Орон нутгаас хоёр нярайн цогцос олдсонтой холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж, асуудлыг шийдвэрлүүлэн, хөдөөлүүлэх арга хэмжээ авсан. Орон нутагт цогцос хадгалах байр байхгүйгээс хоёр нярайн цогцсыг хоёр жил ахуйн хөргөгчид хадгалж байгаад хөдөөлүүлж байсан байна. Хоёр жил ингэж хадгалахад албан хаагчдын сэтгэл зүй хүнд байсан нэгэн аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс дурдахад, “Цогцос хадгалах хөргүүр аймгийн хэмжээнд ердөө таван ширхэг байдаг. Энэ нь зуны улиралд хүндрэл үүсгэдэг. Хөргүүрт багтахгүй цогцсыг муудахаас сэргийлэхийн тулд хоногийн ээлжид ажиллах үедээ өдөр, шөнийн аль ч үед моргт ганцаараа очиж 1-2 цагийн зайтай, цогцсуудыг гараараа өргөж зөөвөрлөн ээлжлэн хөргүүрт хийдэг. Үүнийг хийсэн гэж надад нэмэлт цалин, урамшуулал олгогддоггүй" гэж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 88 (7830)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn