
Доктор, профессор С.Байгалсайхан
Зохиолч Ц.Түмэнбаярын энэ онд уншигчдын гар дээр очсон “Мөнх тэнгэрийн хөх илд” хэмээх үйл явдлын романы талаар санал бодлоо илэрхийлэх нь цаг хугацааны хувьд ч зохиол бүтээлийн хувьд ч цаг үеэ олсон гэж үзлээ. Цаг үе гэдгийн тодотгол нь аливаа улс, бүлэг хүмүүс өөр хоорондоо эв нэгдэлгүй, эрх мэдэл албан тушаал, эд хөрөнгө, алба гувчуурын төлөөх амь хувиа бодох, бэртэгчин үзэл, шунах тачаах үйл нь ямар их хор хохиролтойг өнгөрсөн манай өвөг дээдсийн түүх харуулж байгааг өнөөдрийн ухаантнууд маань заавал анхаарч үзэх ёстойг сануулсан хэрэг. Зохиол бүтээлийн гэдгийн тодотгол нь зохиолч Ц.Түмэнбаяр бүтээл туурвилдаа түүхийн баримт материалыг уйгагүй уншин танилцаж түүх-уран сайхны үнэ цэнэтэй бүтээл туурвисаар байгааг түүний 2019 онд хэвлүүлсэн “Монголд ажиллаж байсан хятад ажилчдын клуб буюу Хятадын соёлын төв” хэмээх баримтат бүтээлийг талархан уншигчийн нэг учир энэхүү романтай холбогдуулан үнэлж буй хэрэг.
Миний бие романыг үйл явдлын гэж тодотгон үзэж буй нь аливаа бүтээлийг туурвисан бичлэгийн аргаар нь тодорхойлдог сонгодог утгаар хэлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл адал явдлын, түүхэн, эмгэнэлт, хошин шог, зөгнөлт, сэтгэл зүйн гэх мэтээр ялгах нь зохиолчоос бичиж буй сэдэв, утга, зохиолын байгууламж, дүр дүрслэлийг өөрийн ертөнцийг үзэх үзэлтэй уялдуулан илэрхийлсэн туурвилын аргыг нэрлэдэг бөгөөд Ц.Түмэнбаяр Юань гүрний мөхлийн гуч дөчөөд жилийн хугацаан дахь дайн дажин, ордны урвалт хуйвалдаан, монгол үндэстний төлөө тулалдсан олон мянган цэрэг эрс, жанжин баатруудын гавьяатай, бахархалтай, эмгэнэлтэй хувь заяаг сэтгэлгээний нэгэн том дэвсгэр дээр нэг цаг хугацаа, хам цагийн баримжаанд хүлүүлэн зураг мэт зурж, хаана ямар үйл явдал болсон, түүнд хэн хэн ямар үүрэгтэй оролцсон тухай түүхэн баримтыг түшиглэн өгүүлсэн “үйл явдал”-ыг тоочин зурж уран үгээр илэрхийлсэн нь тун оновчтой зөв шийдэл болсон гэж үнэлэхэд хүргэсэн юм..
“Мөнх тэнгэрийн хөх сүлд” роман нь 1340 орчим оноос 1370-аад оны хооронд болж буй Юань гүрний мөхөл, Мин гүрэн буй болох ээдрээт адармаатай үйл явдал, түүний учир шалтгааны зөрчлийг он цаг цаг хугацааны дараалал, тийн атлаа хам цагийн хэмжээсэнд багтааж өөр хооронд нь, үйл явдлын гинжин хэлхээсээр холбож Тогоонтөмөр хаан, хааны хатан Чи, Аюушридар, Хөхтөмөр, Болдтөмөр, Цагаантөмөр, Сайнч Даху, хятадын цэргийн жанжин Лю Футун, Хань Линьяр, Жү Юаньжан зэрэг олон арван түүхт, Хасжигүүр, Хасчулуу, Хаданчулуу, Баатарнум зэрэг уран сайхны дүрүүдээр тухайн цаг үеийн үйл явдлыг уян хөтөлж, зөрчлийг үүсгэн романы өгүүлэмжийг нэгэн цул дэвсгэр дээр үзүүлэх боломжийг буй болгосон байна. Ингэж нэг буюу нэг хэсэг гол дүр дээр төвлөрөлгүй, түүхэн үйл явдалд дулдуйдан романыхаа байгууламжийг босгосон бас нэг нууц нь уламжлалт аргаар үйл явдлыг угсруулан хөвж дуусгасангүй, нэг бүлэгт дурдагдан буй түүхэн үйл явдал нь дараа дараагийн бүлгүүдэд задран улам тодорхой, дэлгэрэнгүй, ойлгомжтой болж уншигчдад өгөх мэдээллийн хувьд ч төгөлдөршиж, зохиолч ч үзүүлэх гэсэн санаагаа гүнзгийрүүлж чадсанд оршиж байна. Юань гүрний задралын үе дэх улс төр, хааны ордныхны нууц хуйвалдаан, дайн байлдаан түрэмгийллийг зөвхөн нэг удаагийн үйлд хамруулан үзүүлэх нь дэндүү хангалтгүй байсантай холбоотойгоос зохиолч ийнхүү нэг үйл явдлыг дахин дахин тодотгож, тодотгохдоо өөр хүчин зүйл, өөр дүрүүдтэй холбон тайлбарлаж гаргасан нь энэхүү урлах туурвилын арга барилыг сонгосонтой холбоотой.
Тухайн цаг үеийн ямар үйл явдлуудыг романд онцолсон гэхэд 1320-иод оны үед шашны нууц бүлгэмийн хэлбэрээр анх суурь үндэс нь тавигдсан Улаан алчууртны бослого 1350-иад онд улам эрч хүчийг аван төрд тэрслүү монгол жанжнууд, улаан алчууртны янз бүрийн бүлгүүдийн удирдагчид, монголын эсрэг сөрөг хүчнийхэн хоёулаа хоорондоо тулалдаж, 1368 он гэхэд Юань улс үндсэндээ мөхөж, хятад дахь Монголын ноёрхол эцэс болсон түүхтэй. Босогчдын зорилгыг романы эхэнд үзүүлэхдээ.., Юань гүрэн, Тогоонтөмөр хаан, Монгол улсын түүх шаштирыг бүтээхдээ Ван Бао бао-гийн\Хөхтөмөр\ уг удмыг хан үндэстэн болгож, үе улируулан хэдэн мянгаар давтан хуулж үлдээвэл ямар вэ. Хагас үнэн бүтэн худлаас аюултай гэдэг. Тэрхүү “Үнэн магад тэмдэглэл”-ийг ашиглан ганц Ван бао бао ч бус, бусдыг ч хан үндэстний язгуур ашигт аль болох нийлэмжтэйгээр Юань гүрний түүхийг шинээр бичих зарлиг буулгаж байна.... Ингэж хань хүмүүсийн бодлогыг зөвхөн дайн байлдаан хийж дарж сөнөөх бус, үр удмаар нь монгол хэмээх нэрийг түүхийн хуудаснаас арчих төлөвлөгөөг гаргасан гэдэг уран сайхны боловсруулалт хийж үзүүлэх гэсэн санаагаа утга, үзэл санааны хувьд гүнзгийрүүлэн эхэлж байна.
Улаан алчууртны бослогыг дарах их аян дайн босогчдын умардад давших замыг хааж байсан Цагаантөмөр жанжин нь дан монгол цэрэг захиран Мухулай жанжны цэрэг захирах, байлдах тулалдах аргаас суралцсан нэгэн байсан бөгөөд түүний үйлсийг өргөмөл хүү Хөхтөмөр жанжин өвлөн авч босогчдын цэрэгтэй тулалдсан баатарлаг түүхийг дэлгэрэнгүй олж уншиж болно.
Романд хэдийгээр Хөхтөмөр жанжныг гол дүрийн хэмжээнд аваачин үйл хэрэг, үзэл санаа, хувийн амьдрал, аз жаргал баяр баясгалан гээд товойлгон үзүүлээгүй ч түүний хийсэн үйл оролцсон дайн байлдаан, тэмцлийн чиг шугам нь монгол үндэстний төлөө, монгол төрийн төлөө тууштай байсан чигч шударгуу үнэнч гайхамшигт жанжин байсныг ухан ойлгож авах юм. 1360-аад оны үеэс түүний улс төрийн амьдрал идэвхжин Төвлөн засах яамны түшмэл, Цэргийн явдлын хүрээлэнгийн мэдэгч түшмэлээс эхлэн нэр алдар нь цуурайтан Аюушридар хаантныг өмгөөлөн хамгаалсан тул цол хэргэм эрх мэдэл нэмэгдсэн ч Тогоонтөмөр хаанд үнэнч байсны төлөө Чи хатны бүлэглэлийн хорон явуулгаар түр хугацаанд эрх мэдэлгүй болж байсан түүхийг ч нэгд нэгэнгүй үзүүлжээ.
Хааны зарлигаар Хөхтөмөрийг Хэнань ван өргөмжлөн, хунтайжийн нэрийн өмнөөс өмнөд газрыг дайлаар мордуулжээ. Өмнө зүгт очсон ч хань цэргийн ноёд түүний үгийг үл тоож хүч нийлээгүй түүнээс урвасан учир ялагдалд хүрч эл хэргийн учир Хөхтөмөрийг буруушаан бүх албан тушаалыг нь хураалгав. Үүний дараа эргээд хань үндэстний цэргүүдийг олзлон буцаж амжилттай сайн байлдсаны учир Тогоонтөмөр хаан түүнд итгэл үзүүлж жанжнаар томилсон бөгөөд Шаньдун, Хэнань, Ганьсу зэрэг олон газар болсон тулалдаанд монгол цэргүүд нангиадын олон тооны цэргүүдэд ялагдаж байх үед Хөхтөмөр жанжны цэргүүд л гарамгай сайн байлдаж байсан.
Мингийн цэрэг Хэрлэнбарс хотыг эзэлж, хатад хүүхдүүдийг олзлоход Аюушридар арваадхан дайчинтай төрийн тамгаа өвөртлөн амь зулбан гарч, Хөхтөмөрийн хамгаалалтад орж байж, сая Монгол төрийн үндсэн гал голомт Монголын эртний нийслэл Хархорумд Умард Юань улсыг байгуулан хаан ор залгамжилж, өнөөгийн Монгол нутаг, монгол төрийнхөө суурийг хамгаалан батжуулж авдаг. Хөхтөмөр жанжин Умард Юанийг эзлэх гэсэн Жу Юаньжаний цэргүүдийн үндсэн хүчийг монгол жанжидтайгаа нийлж, байлдааны уран арга хэрэглэн Хархорумын ойролцоо хэдэн жилдээ сэхэхгүй болтол бут цохиж, хань үндэстний үлдэгдэл цэргийг нэхэн хөөж дутаалгасан байна. Үүний дараа эцгийн угсаа баядуудын нутагласан Алтайн нуруунд хүрч хилээ, Аюушридар хааныг хамгаалан нас эцэстлээ монгол төрийн төлөө тулалдаж амиа өгсөн түүхэн үнэн энэхүү романд ямар нэгэн хэмжээгээр тодоор үлдэж уншигчдын оюун санаанд нэгийг бодогдуулж хоёрыг сануулах тийм баатарлаг, эмгэнэлт дүрийг үлдээжээ. Хөхтөмөрийн монгол төрд үнэнч байх сэтгэлийн их тэнхээг романд Цагаантөмөр жанжны итгэлт төдийгүй бахархалт жанжин болсон үйл хэрэг, Хөхтөмөрийн бусдаас илүү найдаж байсан өөрийн харьяат жанжин Могао, Гуань бао нар цэргээ удирдан Ли Сичигийн талд урвах үед түүний мохошгүй, тууштай дайчин зан чанар илэрч буй байдал, Хөхтөмөрийн бурууг тоочсон айлтгал хаанд өргөх үед Чи хатан Аюушридар нар хуйвалдан Хөхтөмөрийн эрх мэдлийг буулгах үед яаж төрдөө түмэн олон цэргүүддээ яаж хандаж байснаар тодорч байна. Буруу мэдээллийн улмаас хэргэм зэрэг, албан тушаалаа хураалгаж цэрэг дайчнаа удирдаж чадахгүй болсон үеийг зохиолч ..,“Хөхтөмөрийн хувьд зөвхөн цэргийн хүчийг сулруулсан бус, түүний итгэл найдвар, сэтгэл санаанд хүнд цохилт болж, “гөрмөл хүнд ташуураар ууцан дундуураа ороолгуулж арьс мах нь өмхөрч үлтрэхээс ч дор санагдаж байлаа” хэмээн эрэлхэг жанжны сэтгэлийн хат, шулуун шударгууг илэрхийлжээ.
Тогоонтөмөр хааны гуравдугаар их хатан Чи буюу Өлзийхутаг хатан түүний хүү Аюушридар буюу Билигт хааны дүр романд онцгой нөлөөтэйгээр дүрслэгджээ. Корйө улсад төрсөн, угаас сэргэлэн, ор хөнжлийн явдалд “уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн” гэдэг шиг Тогоонтөмөр хааны “хайр”-ыг татсан, Чи хатан Баянхутаг хатныг зайлуулсны дараа их хатанд өргөмжлөгдөн Тогоонтөрмөр хааны ууган хүү Аюушридарыг төрүүлсэн ба өөрийн шадар тайган Паг овогт, Хама чинсан нарын хамт Тогоонтөмөрийг сууринаас зайлуулж Аюушридарыг хаан болгохоор тэмцэх болсон хэдий ч бүтэлгүйтэж Хама алагдаж түүний нэг удаагийн оролдлого талаар өнгөрөв.
Чи овогтын ахан дүүс Юань улсын их хатан дүүтэйгээрээ далимдуулж дээрэм тонуул их хийсэнд Корйө улсын ван тэднийг бүгдийг нь хядсан түүх ч зохиолд дурдагдсан нь нэг хүний буруу үйл бусдад хичнээн их гай гамшиг хор учруулдгийн зөвхөн нэг жишээ болон харагдаж байна. Энэхүү хядлагад Чи хатан хилэгнэж Тогоонтөмөр хаанд айлтгаж Даштөмөр жанжнаар цэрэг удирдуулан Корйө улс руу илгээсэнд тэр нь бас бут цохигдсон түүхэн үнэн нь нэг талаар Чи хатны хорон санаат явуулгын “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” буудаг гэдгийг баталснаас гадна монгол төрийн бохирдол, эмх замбараагүй байдал, нэгэн цэгц шулуун шударга бодлого үгүйг харуулсан бодит жишээ болон дүрслэгджээ.
“Мөнх тэнгэргийн хөх илд” романд тухайн үеийн хань үндэстний цэргийн жанжин Лю Футун, Хань Линьяр, Жү Юаньжан нар дүрслэгдсэнээс онцгой дүр бол Жү Юаньжан мөн. Учир нь багаас өнчин хоцорсон сүмд шавилан сууж ядарч зүдрэхийн туйлд хүрсэн Жү овогт Юань улсын эсрэг бослогод нэгдэн удалгүй цэргийн захирагч болжээ. Жү Юаньжанийн цэрэг Наньжинг эзлэн төв болгон суусан ба Юань улсын төр засаг босогчидтой тэмцэх гэхээсээ илүү дотроо улс төрийн хямралдаа ихээхэн анхаарал хандуулж байснаас цаг ихээхэн алдаж нэгэнт газар авсан бослогыг дарж чадахгүй доройтсон байсан бөгөөд Жүгийн удирдсан бүлэг Хөх мөрөн хавийн Чэнь Юлянгийн босогчдын хэсэг байсан дотоодын эсэргүүцэл тэмцлийг ялан дийлж, нэр хүнд нь өссөөр монголын цэрэгтэй удаа дараа байлдан ялан дийлж, 1368 онд Мин улсыг байгуулснаа зарлан тунхагласан түүхэнд гол үүрэг гүйцэтгэсэн хүн мөн.
Мэдээж Юань гүрний задралын тийм том түүхт явдлыг цаг хугацааны дарааллаар энгийнээр тоочин бичих нь зохиолчийн зорилго биш бөгөөд тухайн үйл явдлын зөрчлийг олж түүнд буй түүхэн логик үйлдлийг уншигчдад нэн ойлгомжтой хэлбэрээр хүргэх нь эн тэргүүний зорилт байсан нь маргаангүй бөгөөд үүнийг ч зохиолч Ц.Түмэнбаяр үзүүлж чадсан. Романы зөрчил хаана байсан, юунаас эхтэй вэ. Юуны өмнө нийт хүмүүн төрөлхтөнд хамаарах ерөнхий зүй тогтолт зөрчлийг Юань гүрний мөхөлтэй холбож чадсан нь романы уран сайхны нэг үнэ цэнэ мөн. Тодруулбал: “Мөнх тэнгэрийн хөх илд” бүтээлд хүн төрөлхтний бүхий л цаг үед, үндэстэн ястан овог аймаг үл хамааран эрх мэдэл, эд хөрөнгийн хойноос шунан тачаадаж, түүний төлөө өөр хоорондоо тэрсэлдэн тэмцэж, биесээ хүйс тэмтрэн устгаж, алт мөнгө, газар нутаг булаалдан дайтсан түгээмэл зөрчил илэрч буй нь санамсаргүй тохиолдол биш, ингэхдээ эрх мэдлийн төлөөх тэмцэл нь угсаа залгамжилдаг эцэг хүү, хүүхдүүдийн хооронд болдог түгээмэл үзэгдэл байсан ба Юань гүрний бутралын үед ч энэхүү мөнхийн зөрчлийн язгуур үндэс байсныг үзүүлж чадсанаараа Ц.Түмэнбаярын романы түүхэн үнэ цэнэ үнэлэгдэх байх. Тодруулбал:
Хүннүгийн хаан Түмэн өөр татвар эмээс нь төрсөн бага хүүг илүүд үзэж, ахмад хүү Модуныг алс газар цөлж, дараа нь алахаар бэлтгэсэн ч тэр морь хулгайлж Хүннү рүү оргон буцаж иржээ. Модун эрчүүддээ өөрийн эцгийг харваж алахыг тушаасан, ингэхдээ түүнийг, бас хойд эх, дүү болон өөрийнх нь тушаал зарлигийг дагахаас татгалзсан өндөр албан тушаалтнуудыг хороожээ. Үүний дараа Модун өөрөө Шаньюй болов. Софоклийн туурвисан Эдип хааны домог жүжигт Фивийн хаан Лай эхнэрийн хамт төрсөн хүүгээ гай гамшиг учруулна хэмээн хорлохыг завдсан боловч эцэстээ хүү нь эцгээ хүйс тэмтрэн хаан ширээнд сууж байгаа, Саган сэцэний “Эрдэнийн товч” түүхэн сурвалжийн “Төвөдийн Сээр сандалт хаан” хэмээх домогт Ургуулагч нэрт хааны хатнаас хирс үстэй, цагаан лавай шүдтэй, гар хөлийн хуруу нь галуу мэт үргэлж, нүд нь шувуу мэт доороос дээш аних, лагшин бэлгэс лүгээ төгөлдөр нэгэн хөвгүүн төрсөнд бэлгэчин бярмануудыг ирүүлж үзүүлбээс энэ хөвгүүн эцэгтээ харш болой. Үүнийг албаас зохих хэмээв. Хаан эцэг нь түшмэддээ үүнийг ал хэмээн захисанд түшмэд нь хааны зарлигаар алах хэмээн ямарваа мэсээр ашгин даалгаж (хутгалж) ядаад зэс хайрцагт хийж Ганга мөрнөө хаясанд эсэн мэнд гарч, хэсэг хугацааны дараа эцгийн оронд хаан ширээг эзэлдэг.
Дэлхийн сонгодог утга зохиол аман бүтээлүүдэд энэ мэт олон арван түүхэн баримт байгаагаас дурдахын учир Юань гүрнийг мөхөлд хүргэсэн олон хүчин зүйл байгаа боловч хамгийн гол нь хаан ширээний төлөөх тэмцэл, хорон санаа, далд явуулга, эд хөрөнгийн төлөөх тэмцэл, түүний төлөө бие биеэ алж хядах, хорлон устгах үйл ажиллагаа тасралтгүй явж ирсэн нь эцэстээ мөн л эцэг хүүгийн хоорондын мөнхийн зөрчил, өөрөөр хэлбэл эцгийн эрхт ёсны хаан ширээг угсаа залгамжлан суух язгуурын ёс жаяг үргэлжилж байсныг зохиолч тодорхой үзүүлж чадсаныг хэлэх гэсэн юм. Үүний гол зангилаа эх үүсвэр нь Тогоонтөмөр хааны гурван их хатны нэг солонгос Чи хатан түүнээс төрсөн хүү Билигт хаан буюу Аюушридар нарын тэмцэл мөн байсан хаан ширээний төлөөх тэмцлийн түүхэн үнэнийг шинэ цагийн уран зохиолын хэлээр, үгээр зураглан үзүүлж чаджээ. Тодруулбал: Удам угсаа, улс төрөө бодож гэрлэсэн анхны хатан Данаширийн ах дүүс хааны эсрэг хуйвалдаанд орсон тул гэр бүлээр нь шийтгэж, түүнд ч хатан өртсөн тул, Баянхутаг, Чи хатан нарыг бараг хоёрын зэрэг их хатнаар өргөмжилсөн нь монголын хаадын түүхэнд байгаагүй үйл явдал болжээ. Романд дүрслэгдсэнээр хоёр хатны дүрийн зөрчил нь зөвхөн тэдний дундынх байсангүй монголын төрийн дээд эрх мэдлийн төлөө байсныг Чи хатан Баянхутаг хатныг өвчтэй байхад ирж “Таны ганц хүү Чингим нялх балчиртаа өөд болсон нь тэнгэрийн таалал байсан. Харин хаан хэзээ ч надад тачаан дурладаг шигээ танд үгүй билээ. Та миний хүүг өөрийн болгож чаджээ. Би танаас үүний хариуг заавал авна. Тэр нэгэн цагт намайг цаазалсан бол танд илүү дээр байх байлаа. Би хэзээ ч ухрахгүй. Хаан тэртэй тэргүй төрөө атгаж чадахгүй. Юань улс миний хүүгийн эрхэнд, миний атганд орж ирэх цаг тун удахгүй. Монголын хаад хүчирхэг ахуйдаа Корйөг эзлэх гэж гучин жил байлдсан. Гэвч гүйцэт эзэлж чадаагүй, зөвхөн нөлөөгөө тогтоосон. Улаан алчууртны бослого хуурай өвсөнд ассан түймэр шиг хуйхалж байхад Корйөн дэмжлэг, оролцоогүйгээр Юань улс тогтож үл чадна. Харин миний хүү үүнийг чадна. Яг үнэндээ би чадна. Тэр цагт чиний тарчлах цаг ирнэ гэлээ” гэсэн тэдний зөрчил энэ хүрээд шийдэгдэж буйгаар үзүүлжээ. Тогоонтөмөр хааны хүч суларсан үед түүний орыг хүү Аюушридарт өгөх гэсэн Чи хатны явдал нь зөвхөн Юань их гүрний нэрийг барьж, Их гүрнийг дахин сэргээх гэж хэтийдэн зүтгэж явсан гэхээс илүүтэй өөрийн төрсөн нутаг Корйөг буцаан хүчирхэг болгох, улмаар тэднийг Юань гүрнийг удирдахад ч оролцуулах алсын санаатай байсан гэж үзэхээс өөр аргагүй бөгөөд энэ нь Корйө улс руу Тогоонтөмөр хаанаар хүчлүүлэн цэрэг илгээсэн үйл явдлаас бүр ч тодорхой харагдаж байгаа юм. Чи хатны Хөхтөмөр, Болдтөмөр зэргийн жанжинг хооронд нь хагаралдуулан, хүүгээ их хаан болгох гэсэн богино явуургүй бодлогын цаана улс гүрний нэгдсэн том бодлого алдагдаж, төр улс эзэнгүйрэн задгайрч түмэн олонд ямар их гай гамшиг болдгийг Корйө улстай нийлэн Юань гүрнийг дахин сэргээх гэсэн атгаг хувийн боломжгүй амин сонирхол байсныг олон баримтаар жишээлэн бэлхнээ харж болохоор байна.
Хаан ширээний төлөө, эрх мэдлийн төлөө тэмцэл нь тухайн цаг үеийн ээдрээт нөхцөл байдалд зөвхөн Чи хатны хүүгээ хаан болгох адын хүслээс өөр олон хүчин зүйл байсныг зохиолоос олж мэдэж болно. Нэг: гадны гэж хэлж болохуйц хань үндэстний эсэргүүцэл Юань гүрнийг түлхэн унагаах гэсэн хүчин зүйл. Бид тухайн үеийн Юань гүрний дотоодын амьдралыг зохиолч түүхийн эх сурвалж ном судруудыг нэлээд уншин танилцаж үнэмшилтэй тийн атлаа, өөрийн уран сайхны сэтгэлгээгээр баяжуулан гаргасныг “Улаан алчууртны бослого”,” Цагаан лянхуа” шашны бүлгэмийн үйл ажиллагаа тэднийг даран хөнөөх гэсэн Юань гүрний цэргийн ажиллагаа цэрэг дайны самуунаас харж болно. Зохиолчоос хятад иргэдийн алсын хараатай, монгол үндэстэнд таагүй хорон явуулгыг хэрхэн явуулж эхэлснийг романы эхэнд дурдсан. Монгол үндэстэн, Юань гүрэн бүгдийг бие махбодийн хувьд ч, нэр алдрын хувьд ч хорвоо ертөнцөд байгаагүй мэтээр устган дарах хорон санаат бодлогоо үндэстний түүхэн бичлэгт үлдээхээр санаархаж буйгаар илэрхийлснийг дахин дурдах хэрэгтэй. Энэхүү хань үндэстний алсын хараатай хорон бодлого нь монголчуудын дотоодын зөрчилтэй нийлэн Юань гүрнийг мөхөлд хүргэснийг зохиол эхлэхээс дуусах хүртэл байгууламжийн хувьд давтамжтай, давтахдаа, тодруулан бодит түүхэн үйл явдлын өгүүлэмжтэйгээр ойлгомжтой үзүүлжээ. Эцсийн эцэст энэ хэрэг өргөжин тэлж хүрээ салаагаа өргөжүүлсээр Хатан голын их үерийн аюулыг дарах, далан барихын тулд Тогтохоор удирдуулсан олон иргэдийн дунд ч үл ойлголцол үүсэж, энэхүү үл ойлголцолд Юань гүрний ард түмний төлөө явуулж байсан бодлого буруутай, тухайлбал ард түмний амьдрал ядууран доройтож, ган гачиг болж тэдгээрийн эсрэг шуурхай дорвитой арга хэмжээ аваагүй нь улаан алчууртны бослого гарч хэд хэдэн удаагийн тулаан болох урьдчилсан шалтаг болсон байна. Энэхүү Улаан алчууртны бослого аажимдаа өргөжин тэлж тусгаар тогтносон Мин улсыг байгуулах хүртлээ газар авсныг уран сайхнаар үзүүлж чадсан.
Хоёр: Дотоодын нөхцөл байдал буюу эв нэгдэлгүй, өөр хоорондоо, эд хөрөнгө, газар нутаг булаацалдах, эрх мэдлийн төлөөх хар шунал зэрэг нь дотоодод буй болсон хамгийн гол гамшигт зүйл байсныг нэлээд тодорхой зураглан гаргасан байна.
Ц.Түмэнбаяр Тогоонтөмөр хааны цэргүүдийн эв нэгдэл сарнин бутарсан шалтгийг Хатан гол үер усанд автаж ногоо тариагаа тарьж амь амьдралаа зогоож чадахаа байсан ард олны төлөө санаа тавьж Хатан голд үер усны хамгаалалт барих олон хүн цуглуулснаас үүдэж тэндээс эсэргүү, хорлон сүйтгэх бүлэг, бүлгэм гарч ирэхийг төсөөлж байсан ч хийхээс өөр аргагүй болж Тогтохыг томилсон боловч Чи хатны явуулгаар Тогоонтөмөр хааны зарлиг гарч Тогтохыг буруутган эргүүлэн татаж Луузанг томилсноор Их Юань улсын нэгдсэн цэргийн хүч бут сарнин, дахиж хэзээ ч нэгэн туган дор нэгдээгүй байна. Үүнд солонгос хатантай санаа нийлсэн их түшмэл Хама онцгой үүрэг гүйцэтгэсэн. Улаан алчууртны бослого гарсан даруйдаа амжилт олж Юань гүрэн мөхөөгүй, бас ч тэмцэл, зөрчилдөөн өрнөж амжилттай болж байсныг Юань гүрний үнэнч жанжин Цагаантөмөр, Сайнчу даху хоёрын нөхөрлөл, тэдний хийж буй дайн тулаанаар үзүүлж улаан алчууртны бослогын нэг удирдагч хятадын цэргийн том жанжин Лю Футуныг ялж, тэдний бүслэлтийн хэрмийг даван ялалт байгуулсан тухай өгүүлсэн боловч харамсалтай нь мөн л монголчуудын эв нэгдэлгүй, эд хөрөнгө газар маргааны асуудлаас их жанжнуудын хүү Болдтөмөр, Цагаантөмөрийн өргөмөл, Сайнчу Даху-гийн төрсөн хүү Хөхтөмөр нарын хоорондын газрын маргаанаас болсон маргаан тэмцлээр хурцдаж, хоорондоо тулалдсан ба энэ хэрэгт мөн л Чи хатны оролцоог үйл явдлын дүрслэлээр үзүүлж чаджээ.
Хятадын өмнөд хэсэгт Юнь-Ань мужид байрлаж байсан Монголын цэрэг өөрийн Юань улсад үнэнч байж, Мин улсын өөртөө дагуулах бодлогыг хорь орчим жил эсэргүүцэн байлдсан тэмцлийг Чингис хааны үр хойчис Базарварам ван толгойлон удирдаж байсныг үзүүлэхдээ зохиолчоос мөн л дотоодын эв нэгдэлгүй, хагарал бутралтай байсныг вангийн хүргэн Бай угсааны Дуаньгун, охин Агай гүнж нарын харилцаагаар тодруулан гаргасан байдаг. Юнь-Анийг дайран эзлэхээр байлдсан бослогын цэргүүдийг Бай үндэстний баатар, цэргийн жанжин Дуаньгун цэргээ удирдан Юанийн өмнөдөд Жу-Юаньжаны цэргүүдийг бут цохиж тэднээс зугтан ууланд нуугдаж байсан Базарварамыг аварснаар талархан охин Агайг эхнэр болгон өгсөн бөгөөд, хэргийн явцад урвагчид дотроосоо гарцаагүй итгэхээс аргагүй зохиомол хэрэг үүсгэн Дуаньгунийг буруутган цаазалж байна. Энэ үед охин эр нөхрөө уучлахыг ааваасаа хүссэн бөгөөд эцэг Базарварам охиндоо “Хатан хүнд гурван эр буй.Анхных эр алтан төр.удаах эр нь ариун нэр. Дараах эр нь авсан эр болой.” гэж сургасныг охин Агайд сануулах бөгөөд, Дуаньгүн төрөөс урвасан учир чи нөхөргүй болсон гэх цаад утгаар хариулах, харин үүний эсрэг Агай гүнж аавын сургаалыг ягштал дагаж “Алтан төрийг хатуужин дагавал Ариун нэр буй болно. Ариун нэгийг бэхэлбээс авсан эр ангид үл одно” зарчмыг барин явснаа хэлж түмэн зүйлээр цөхөртлөө гуйсан боловч хадам эцэг хүргэнээ цаазалж дотоодод итгэх итгэл алдарч, умардад буй хаантай холбоо тасарч Мин улсын цэргийн өмнө хүчгүйдэн ялагдаж, өнөөгийн бид нарын Юнь-Анийн монголчууд гэж ярьдаг үндэстэн хэрхэн суурьшсан гашуун үнэн түүхийг уран сайхны аргаар тайлбартай “Өнчин хоцорсон Юнь-Анийн монголчууд” наймдугаар бүлэгт онц сонирхолтой дүрсэлж үлдээжээ. Жу Юаньжанаас хахууль авч тэдний нууц туршуул гар хөл болсон нангиад түшмэл нар Дуаньгунийг урвасан, эрх тушаал, эдэлсэн гавьяандаа эрэмшиж Лян ванг сууринаас буулгах гэсэн, одоо улмаар засгийн эрхийг булаах гэж байна гэх хуйвалдааныг зохион байгуулсан нь Юнь-Анийн монголчуудын ялагдлын эх үүсвэр, гол зангилаа болсон ба эдгээрийг нангиадын хорт явуулгаар уйгагүй шаргуу явуулж, монголчуудыг дотроос нь хагалан бутаргаж байсан баримтууд нь үүнээс хойших болон өмнөх түүхэн үйл явдлуудаар бат нотлогдон бичигджээ.
Аливаа зохиол ялангуяа том хэмжээний түүхийг дүрсэлсэн романд тухайн цаг үеийн олон үйл явдлаас хамгийн онцлог, анхаарууштай гол голыг сонгон оруулах нь зохиолчийн ур чадвар, мэдлэг боловсрол, мэдрэмжээс шалтгаалдаг бөгөөд энэ жам ёсоор ч Ц.Түмэнбаяр зохиолч Юань гүрний мөхлийн үеийн “орондоо орох завгүй олзлолдон булаалдаж” байсан үеэс бидний түүхэнд туршлага сургамж болохуйц гол гол үйл явдлыг сонгосон ба ингэхдээ тухай тухайд нь түүхэн хүний дүрийн шинж төрхийг ялгавартайгаар үзүүлж чадсаныг олж уншиж болно. Дэлхийн нэрт соён гэгээрүүлэгч А.Чеховын хэлсэн “жүжгийн зохиолд хананд буу өлгөөтэй байвал жүжгийн төгсгөлд тэр буугаар заавал буудах ёстой” хэмээх зөрчлийн онолын тайлбарыг романтай холбон үзэхэд роман эхлэхэд монголчуудыг эзлэн түрэмгийлэх, үр үндсээр нь устган үгүй хийх нангиадын бодлого төгсгөлд Мин гүрэн байгуулагдаж байгаагаар нотлогдож, Хөхтөмөр жанжин “Үхэл амийг нь булаахаар дэргэд ирэн амьсгаадаж байхад юу эсийг тунгаах билээ. Түүнийг зовхио алгуур хаахад Сайнчу Даху эцэг, Цагаантөмөр нагац, ассан гал шиг дүрэлзэж явсан залуу нас, унаган багын анд Хасжигүүр, уяран дуулан уйлан хайлсан анхны амраг Хасчулуу, би яг тан шиг жанжин болно хэмээн цоглог нүдээ гялалзуулан хэлэх Хаданчулуу хүү, дүү нар, хорвоод мэндлээд тавхан хаврыг ч үзэж амжилгүй Эзнээ хотын нуурт үйж үлдсэн балчир үрс, дайчин нөхөд нь аньсага дотор ээлжлэн харагдаж..” байхад жанжнаа амьсгал хураахад хамт байсан Билигт хаан “Хөхтөмөрт өширч, баргийн хүн тэвчих тэсэхийн аргагүй олон янзаар хувирч янз янзаар аашлан хагацашгүй сайн нөхөртөө марташгүй муу үгийг хэлж, цаазлахаас ч буцахгүй муу үйлийг үйлдэж бие сэтгэлийн тамд унагаж явснаа санан өөрийн эрхгүй өвдөг сөгдөв. Тэрээр сөхөрч суусан хэвээр алгаа хавсран Өршөө намайг Хөхтөмөр минь. Чамгүйгээр би жигүүрээ тасчуулсан шонхор юм хэмээн хоолой чичрүүлэн хэлээд нулимсаа залгин битүү мэгшлээ...”. Баатар эр Хөхтөмөрийн амьсгаа хураахын өмнөх бодол, Билигт хааны харууслын шивнээ бол зөвхөн тухайн хоёр хувь хүний харуусал, гэмшил бус их хаан Чингисийн удам, Хубилайн байгуулсан Юань гүрний туулж өнгөрүүлсэн түүх, түүний гунигт төгсгөлийг эрэлхэг жанжин, эзэн хаан хоёроор төлөөлүүлсэн гунигт түүх дурсамж болгон үзүүлжээ. Хөхтөмөрийн бодол нь эгэл жирийн олон монголчуудын аз жаргалтай, энх тунх амьдралыг бэлгэдсэн бодол болон ойлгогдож буй бол, Билигт хааны гэмшил харуусал нь нөхөрт итгэх найдах, хүн чанар ёс жудгийн хэмжүүрийг төр улс, гүрэн орны хэмжээнд хүргэж, романы баатруудын зөрчил тэмцлийн шийдэл, сайн муугийн үнэлгээг уншигчдын оюун сэтгэлгээнд үлдээсэн төгсгөл болж чаджээ.
Юань гүрний мөхлийн үеийн дөчөөд жилийн ороо бусгаа, адармаатай он жилүүдийн түүхэн үйл явдлыг зохиолчийн уран сайхны сэтгэлгээгээр боловсруулан логик дараалалд оруулж, дотоод гадаадын олон эрдэмтэд тухайлбал Ч.Содбилиг, Лувсанданзан, Ч.Далай, Лю Цзи, Ч.Далай, Д.Идэр болон хятадын, өөр олон үндэстний судар эх бичгүүд, баримт эхүүдэд буй туүхэн үйлд явдлыг хураангуйлан уран сайхны хэлбэрээр нийтийн танин мэдэхүйд мэдлэг нэмэр болохоор зохиогдсон энэхүү романы “илд” хэмээх үгийн утга учир их юм. нэгд: Их хаадын зарлиг тушаал илд мэт хатуу, гашуун, үнэн, огцом түргэн, хоёрт: их цэргийн жанжнуудын итгэл, найдвар, хүч тамир, зориг хатуужил цэгц шулуун зориг илд мэт мохошгүй, гуравт: эх нутгийн төлөө тэмцэж амь золиосолсон олон мянган цэрэг эрийн зорилго, тэмцэл, хүчин чармайлт тэдний ар гэр аав ээж, амраг садан алаг үрсийн өгөөмөр нинжин, энэрэнгүй, хайр, итгэл найдвар илд мэт бат шулуун дөрөвт: Өвөг дээдсийн захиа даалгаврыг умартан өөр хоорондоо булаалдан тэмцэлдэн тэнгэрийн зарлиг мэт хууль цаазыг зөрчсөний улмаас дээд мөнх тэнгэрээс хариу үзүүлсэн үйлдлийг “илд” хэмээн ойлгоосой гэж хүсэж байна. Тиймээс ч хойчис үе нь
...Их гүрэн
Илүү зориг юуг ч
Цавчиж явсан аранга
Цамнаж явсан хянга
Ягуухан эргэх хөх дэлхийд
Ялах ялагдахын ухааныг
Ясанд нь тултал зааж өгсөн
Ялгуулсан Монгол илдийг цагаатгана..., \Б.Лхагвасүрэн. “Илдийг цагаатгахуй” \ хэмээн дурсан санах, эмгэнэн гашуудах, бахархан баярлахын аль алиныг бие сэтгэлээрээ эдэлж яваа нь энэ болой.
Эцэст дурдахад зохиолч Ц.Түмэнбаяр Юань гүрний мөхлийн үеийн түүхэн үнэнийг эх бичиг сурвалж судлалын судалгааны үндэс дээр боловсруулан, аль нэг хэтийдсэн үзэл баримтлалаас татгалзаж, нэгийг гүтгэн харлуулах, нөгөөг цагаатган сайшаах үүднээс хандсангүй, мөн түүнчлэн өөрийн зохиолын хүрээ хэмжээ хязгаарт тааруулан аль нэг үйлийг товойлгон ихэсгэж, эс бөгөөс нөгөө нэгийг багасган жижгэрүүлэх зарчмаас ангид байж тухайн үеийн ерөнхий ба тусгайн үзэгдэл мөн чанарын орон зай, цаг хугацааны хэрээс хэмжээнд тааруулан, зүй тогтлын дүрэм журам хуулийг баримтлан уран сайхны үнэн бүхий бүтээл туурвисныг сайшаан хэлэхийн зэрэгцээ миний санал бодол хүчин мөхөсдсөн, орхисныг нөхөн гүйцээх, омтгойлон хэтрүүлснийг засан тайрах ухаант хүмүүн байгаа гэдэгт итгэн энэхүү бичвэрээ өндөрлөж байна.
2026.04.25 Улаанбаатар хот
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2026.05.06 ”№86 2026.05.07 ”№87