Жил бүрийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж “Хил Хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарладаг уламжлалтай. 2026 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексийг өчигдөр зарлав. Энэ жилийн хувьд манай улс 180 улсаас 85 дугаарт эрэмблэгдэж, 17 байраар урагшилсан нь сайшаалтай ч дэлхий нийтээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө сүүлийн 25 жилийн хамгийн доод түвшинд хүрснийг тус байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөө доод түвшинд хүрэв
RSF2-ийн энэ жилийн тайланд 180 орныг харьцуулан хэмжихэд, ихэнх улс оронд хэвлэлийн эрх чөлөө дордож, улс орнуудын талаас илүү нь “хүнд” болон “маш ноцтой” ангилалд багтсан нь сүүлийн 25 жил дэх хамгийн муу үзүүлэлт болж байна. Энэ нь мэдээллийн эрх чөлөө, ардчиллын суурь үнэт зүйлс системтэйгээр доройтож буйг илтгэж буй юм. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөөнд учирч буй заналхийлэл шинэ шатанд шилжсэнийг дурдсан байна. Өмнө нь улс төрийн шууд цензур давамгайлж байсан бол одоо эдийн засгийн дарамт илүү хүчтэй нөлөөлөх болжээ. Зар сурталчилгаа, төлбөртэй мэдээллийн зах зээл хумигдахын хэрээр редакцуудын орлого буурсан нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг санхүүгийн хувьд эмзэг болгож, улмаар редакцийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна.
Мөн төр болон томоохон бизнесийн нөлөө эрс өсөж, мэдээллийн байгууллагуудын бие даасан байдалд нөлөөлөх оролдлого нэмэгдэж буйг тайлан анхааруулжээ. Зарим улсад сэтгүүлчдийг дарамтлах шүүхийн нэхэмжлэл, торгууль, айлган сүрдүүлэх арга түгээмэл болж, мэдээлэл түгээх нь өөрөө эрсдэл дагуулсан үйл ажиллагаа хэвээр байна. Мөн дайн самуун, хурцадмал байдал бүхий бүс нутгуудад ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдал ноцтой хэвээр байсаар байна.
Хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргахдаа эдийн засаг, хууль эрх зүй, аюулгүй байдал, улс төр, нийгмийн орчин зэргийг харьцуулан гаргадаг. Эдгээр таван гол үзүүлэлтээс 2025 онд хууль эрх зүйн үзүүлэлт хамгийн огцом буурсныг мөн онцгойлон анхааруулжээ.
2025- 2026 оны хооронд 180 улсаас 110 буюу 60 гаруй хувьд нь энэ үзүүлэлт дордсон байна. Ялангуяа Энэтхэг (157), Египет (169), Израил (116), Гүрж (135) зэрэг орнуудад хууль эрх зүйн орчин эрс дордсон байна. Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтыг тойрч гарах, онцгой байдлын хууль тогтоомж болон нийтлэг хуулийг буруугаар ашиглах замаар сэтгүүл зүйг эрүүгийн шинжтэй болгох (criminalisation of journalism) үзэгдэл дэлхий даяар тархсан хандлага болж байгааг тайланд онцолсон байна.
Мөн зарим улс орнуудыг онцлон харахад, Норвеги зэрэг Скандинавын орнууд хэвлэлийн эрх чөлөөгөөр тэргүүлдэг хэвээр байгаа бол АНУ долоон байр ухарч, мөн Америк тивийн Эквадор, Перу зэрэг улс орнуудын үзүүлэлт огцом унажээ. Харин Ассадын дэглэмийн дараах Сири улсад хэвлэлийн эрх чөлөө хамгийн их сайжирч, 2026 оны индексэд 36 байр урагшилсан нь онцгой үр дүн харагдаж байна.
Монгол Улсын үзүүлэлт сайжирсан ч сорилтууд хэвээр байна
2026 оны индексээр Монгол Улс 180 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оны 102 дугаар байрнаас 17 байр урагшилжээ. 2015 онд маанай улс 75 дугаар байрт орж байсан сайн жишигтэй харьцуулахад чамлалтай ч дэлхий нийтээр ухарч байгаа нөхцөлд урагшилж чадсан нь сайшаалтай. Тэгвэл энэ үнэлгээнд хүргэх гол шалтгаан юу байв гэдгийг ухаж үзье. RSF-ийн тэргүүн Anne Bocandé “...Сэтгүүл зүйг боомилж, сэтгүүлчдийн ажлыг системтэйгээр саатуулж, хэвлэлийн эрх чөлөөг тасралтгүй доройтуулж буй энэ байдлыг бид хэр удаан тэвчих вэ. Мэдээлэл авах эрхэд халдах арга хэлбэрүүд илүү олон төрөлтэй, илүү нарийн болсон ч тэдгээрийг хэрэгжүүлэгчид одоо ил тод болжээ. Авторитар дэглэмүүд, хамтран оролцогч эсвэл чадваргүй улс төрийн хүчнүүд, ашиг хонжоо хөөсөн эдийн засгийн тоглогчид, мөн зохицуулалт сул онлайн платформууд нь дэлхий даяарх хэвлэлийн эрх чөлөө доройтох явцад шууд, давамгай үүрэг гүйцэтгэж байна. Мөн сэтгүүл зүйн аливаа асуудлыг эрүүгийн хуулиар шийдэх явдлыг зогсоох хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын хуулийг буруугаар ашиглах, хуулийн өмнөөс торгуул явуулж, залхаан цээрлүүлэлт хийх замаар сэтгүүл зүйн үйл ажиллагааг саатуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Бидний одоогийн хамгаалалтын механизм хангалтгүй байна. Авторитар дэглэм тархаж байгааг хүлээн зөвшөөрч хүлцэн тэвчих ёсгүй” хэмээн тайлангийн эхэнд дүгнэн бичжээ.
Түүний хэлсэн эдгээр үгс Монгол Улсад яг одоо өрнөж, хэлэлцүүлэг явагдаж байгаа манай салбарын одоогийн нөхцөл байдалд яв цав таарч байгаа ч юм шиг. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн нөхцөл байдал эрс муудсан ч манай улсад нэг ч гэсэн гэгээтэй үйл явдал болсон нь Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр заалттай холбоотойгоор гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр байв. Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр заалтаар гүтгэх доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц дүгнэсэн. Тиймээс энэ заалтыг 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлчихээд байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийны энэ заалтыг анхаарч, Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаснаараа магадгүй муухай харагдуулдаг эрх зүйн нөхцөл байдлыг өргөсөн байж болохыг салбарын мэргэжилтнүүд онцлон хэлж байна.
Гэхдээ баярлах хараахан болоогүй. Энэхүү хуулийн заалтыг хэрхэн шийдэх асуудал одоо ч хэлэлцүүлгийн гол сэдэв байсаар байна. Хуулийн нэрийн өмнөөс сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэх гэдэг нөхцөл байдал яг өнөөгийн нөхцөлд Монголын сэтгүүлчдэд өдөр тутамд тулгарч байгааг сэтгүүлч хэвлэл мэдээллийнхэн илэрхийлэн эсэргүүцсээр байгаа ч дуу хоолой нь төдийлөн олонд хүрч чадахгүй хэвээр байгаа. Тиймээс ч ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дордуулж, муухай харагдуулж байгаа энэ мэт нөхцөл байдал дэлхий нийтээр эрс нэмэгдэж, эрх зүйн орчны доройтол болсон энэ асуудалтай эвлэрч болохгүй гэдгийг олон улсад онцгойлон анхааруулж байна. Тиймээс энэ мэт нөхцөл байдлыг дордуулахгүй шийдэх шийдэл бидэнд хэрэгтэй. Тэр ч утгаараа жил бүрийн тавдугаар сарын 3-нд болдог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тунхаг болгон өнгөрөөхөөс илүү нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийж дордуулахгүй байх даалгавар хууль тогтоогчдод ч, энэ салбарын судлаач, мэргэжилтнүүдэд ирж байна. Арайхийж урагшилсан 17 байраа ахиад алдчихгүй юмсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 83 (7825)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn