"Сургаалын тайлбар" буланд монголчуудын сайн мэдэх “Субашид” хэмээх сургаалын зохиолын зарим бадгаас тайлбарлан хүргэж байна. Уг зохиолыг Төвөдийн Сажа урсгалын их эрдэмтэн Гунгаажалцан 13 дугаар зууны эхэн хагаст Сажа хийдэд туурвижээ. Нийт 457 бадаг шүлэг, төгсгөлийн үгтэй. Монголчууд "Сайн номлол" хэмээх утга бүхий "Субашид" гэх санскрит, товч нэрээр нь нэрлэсээр ирсэн юм.
Сургаалд эрдэм мэдлэгийг ихэд эрхэмлэн дээдлэх үзэл санаа илэрхий бөгөөд шашин төрийг засах арга ёс, хүмүүний ёс суртахууныг амьдрал ахуйгаас урган гарсан уран цэцэн үгсээр илэрхийлсэн юм. Хаад ноёд, харц ард, мэргэн цэцэн, тэнэг мунхаг, араатан адгуусан, ургамал мод, булаг ус, мал сүрэг зэргээр гол төлөөлөл болгон сайн муу, мэргэн мунхгийг эсрэгцүүлэн цэцэн мэргэн үг, хууч яриа, үлгэр домог, үнэн бодит зүйлээр жишээлэн уран яруу өгүүлжээ.
"Субашид"-ыг үе үеийн монгол мэргэд эх хэл аялгуунаа орчуулан олны хүртээл болгосоор ирсэн тул XIV-XX зууныг хамарсан олон орчуулгатай. Үүнд Цахар гэвш Лувсанчүлтэмийн орчуулга ихэд дэлгэрсэн бөгөөд академич Ц.Дамдинсүрэн гуайн 1990 онд хэвлүүлсэн цэнхэр хавтастай номоор дамжуулан олон нийт маш сайн мэдэх болсон билээ.
Манай ард түмэн хэдэн зууны турш энэ л сургаалын зохиолыг уншиж, хүүхэд багачууддаа заан сургасаар ирсэн учрыг тунгааваас тэднийг зөв хүмүүжүүлж төлөвшүүлэхэд ихээхэн тустай байсан буй за. Тийм ч учраас "Субашид" төрөл бүрийн хэлбэрээр олны дунд ихэд дэлгэрч, түүнээс улбаалан “Суръя гэвэл Субашидыг, уйлъя гэвэл Ушаандарыг” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Ингээд зарим бадгийг төвөд хэлнээс үгчлэн орчуулж, шүлгийн утга санааг задлан тайлбарлая.
II бадаг:
Эрдэм буй үгүй төрөлхтний
Авах гээхийн оюун төгөлдөр мэргэн
Тоос лугаа холилдсон төмрийн үртсийг
Соронзон чулуугаар авахыг мэдэх
Утга санаа нь хүн эрдэмтэй ч бай эрдэмгүй ч бай авах гээхийн ухаан төгс бол мэргэн гэсэн санаа бөгөөд авах гээх зүйлийг тоостой холилдсон төмрийн үртэстэй, соронзон чулуугаар авахыг төгс ухаантай зүйрлэсэн утга юм. Тиймээс эрдэм мэдлэгээс илүү амьдралын хар ухаан буюу сайн мууг ялган, сайныг нь тусган авч, саар мууг нь орхиж хаях ухаантай байхыг эрхэмлэсэн санаа болно.
V бадаг:
Их оюунтан доройтвоос ч
Үлэмжид оюуны хүч төгөлдөр болох
Гөрөөсний хаан өлсвөөс
Зааны толгойг үтэр хагалах
Ухаантай хүн бууран доройтсон ч улам бүр ухаалаг болно гэсэн санаа бөгөөд тийм хүнийг араатны хаан хүчит арслантай зүйрлэж, илүү ухаалаг болохыг нь арслан өлсвөл өөрөөсөө том зааныг ч дийлэхээр хүчирхэг болдогтой адилтгасан байна. Гөрөөсний хаан гэдэг нь арсланы ёгт нэр юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7823)