МУИС, Хүмүүнлэгийн ухааны салбар, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Оюунхандын Дэмчигмаа
Аливаа хэлний гол цөм бол үгийн сан билээ. Сүүлийн үед эх хэлний үгийн сангийн баялаг ихээхэн хумигдаж буйг харгалзан олон нийтийн мэдлэгт нэмэр болох зорилгоор “Утгын сан” буланд монгол бичгийн дурсгал, судар сурвалжуудын үгсээс утгыг тайлбарлан хүргэж байна.
Айлдах: Судар сурвалжид энэхүү үг “мэдэх” хэмээх утгыг илэрхийлдэг хүндэтгэлийн үг юм. Жишээ нь: “Тэндээс хаан бас дахин Пагва лам хоёул ном цадиг тэргүүтнийг олон хэлэлцэж Пагва ламын мэргэнийг айлдаж их лам нарын зэрэгт оруулав” хэмээсэн нь Хубилай хаан Пагва ламтай олон ном хэлэлцээд мэргэнийг нь мэдэж өргөн хүндэлсэн тухай санаа ажээ. Харин орчин цагийн монгол хэлнээ уг үгийг хутагт хувилгаад, хүндтэй болон дээд албан тушаалын хүмүүсийн хэлэх ярих гэсэн утгаар ойлгоно.
Агсах: Монгол хэлний уугуул үг цаг хугацааны уртад харь хэлний үгэнд шахагдан хуучирч хэрэглээнээс гарсан тохиолдол олонтоо. Одоо хүмүүс нийтээр мэддэг нум сум агсах, нохой сүүлээ агсах гэх мэт утгаар хэрэглэдэг “агсах” гэдэг үгээс гадна мартагдаж буй, ижил хэлбэр бичлэгтэй “агсах” гэдэг үг бичгийн дурсгалуудад бий. Уг үг дундад үеийн монгол хэлэнд хэрэглэгдэж байгаад 18 дугаар зууны үед "зээлэх-jiè 借-зах зээл" хэмээх хятад үгэнд шахагдан хуучирсан үг болжээ. Жишээлбэл, “Эдийг баруулагч газраа эс бээр буливаас агсаад баръюу” гэсэн нь эд баялаг хомс, ядуу буурай газар орон зохисгүй. Тийм газар амьдарвал эд хөрөнгөөс нь булааж, хулгайлахгүй юмаа гэхэд өр зээл, гуйлгаар амар тайван амьдруулахгүй гэсэн санаа юм.
Арилах: Судар сурвалжид тохиолдох утга нь “ариусах, ариун” бөгөөд “арилсан сэтгэл” гэвэл аливаа муу муухай бүхнээс хагацсан хиргүй ариун сэтгэл, “арилсан бурхан” хэмээх нь “ариуссан бурхан” гэсэн утга. Чингэвэл орчин цагийн монгол хэлний “арилах” гэдэг үг устах, үгүй болох утгыг илэрхийлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23.ПҮРЭВ ГАРАГ. № 77 (7819)