ШХАБ-ын Ногоон, тогтвортой хөгжлийн форум БНХАУ-ын Жэжян мужийн Нинбо хотод болж байна. Тус форумд ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид оролцож, “Дэлхийн засаглалыг хамтаар сайжруулах нь: ШХАБ-ын ногоон, тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өнөөдөр буюу Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Нинбогийн санаачилга”-ыг танилцуулж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлов. Та бүхэнд “Нинбогийн санаачилга”-ыг хүргэж байна. Өнөө үед дэлхийн засаглалын хямрал улам нэмэгдэж, НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширч байна. Уур амьсгалын өөрчлөлт, дижитал ялгаа зэрэг асуудал улам хурцдаж байна. Бид онцлон тэмдэглэх нь: ямар ч улс орон эдгээр асуудлыг дангаар шийдвэрлэх боломжгүй. Евразийн бүс нутгийг хамарсан чухал олон талт механизмын хувьд ШХАБ нь дэлхийн экологи хамгаалахад бүтээлч үүрэг гүйцэтгэж, шударга, оновчтой, хамтын ажиллагаанд суурилсан дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой. Бид “ШХАБ-ын гишүүн орнуудын байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааны үзэл баримтлал” (2018 оны 6 дугаар сар), “ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааны хэлэлцээр” (2024 оны 7 дугаар сар) болон холбогдох үр дүн, зөвшилцлийг дахин нотолж, тогтвортой хөгжлийг ШХАБ-ын хамтын ажиллагааны үндсэн зорилтын нэг хэмээн үзэж, байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт хэрэгжүүлж буй харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж байна. Бид “хамтаар зөвшилцөх, хамтаар бүтээн байгуулах, хамтаар ашиг хүртэх” дэлхийн засаглалын үзэл баримтлалыг баримталж, “экологийн хамтын бүтээн байгуулалт”-ыг дэмжин, дэлхийн хамтын хүчин чармайлтыг нэгтгэж, “ногоон хамтын аялал”-ыг чиг баримжаа болгон нүүрстөрөгч багатай шилжилтийг ахиулж, хүн төрөлхтөн ба байгаль дэлхийн хамтын ирээдүйг цогцлоох шинэ замыг хамтаар эрэлхийлнэ. Иймд бид дараах саналыг дэвшүүлж байна:

1. ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн “Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах тухай мэдэгдэл”-ийг хэрэгжүүлэхийг дэмжиж, тус мэдэгдэлд тодорхойлсон тэргүүлэх чиглэлүүдэд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн ногоон, бага нүүрстөрөгчийн шилжилтийг дэмжинэ.

2. Агаарын бохирдолтой тэмцэх болон уур амьсгалын өөрчлөлтөд хамтын удирдлага хэрэгжүүлэх чиглэлээр ШХАБ-ын орнуудын бодлого, хууль эрх зүй, стандарт зэрэг мэдлэг, туршлагыг хуваалцаж, харилцан суралцах боломжийг нэмэгдүүлнэ.

3. ШХАБ-ын ногоон, бага нүүрстөрөгчийн технологийн хамтын ажиллагааны түншлэлийг бий болгож, Хятад - ШХАБ-ын байгаль орчны инновацийн баазад түшиглэн экологийн хамгаалал, ногоон технологийн хамтарсан судалгаа, туршилт, хэрэглээг өргөжүүлнэ.  

4. Экологийн болон дижитал (ухаалаг) хөгжлийг ногоон аж үйлдвэртэй гүнзгий уялдуулж, хамтарсан сургалт, туршлага солилцох замаар ШХАБ-ын орнуудын дижитал чадавхыг бэхжүүлж, дижитал технологийн тусламжтай тогтвортой хөгжлийн түвшинг дээшлүүлнэ.

5. Эрчим хүч хэмнэлт, нөөцийн үр ашигтай хэрэглээ, ногоон ба бага ялгаруулалт зэрэг дэвшилтэт үзэл баримтлал, арга барилын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний нөөцийн хөгжлийг дэмжин, ногоон хөгжлийн бүх шат дамжлагыг хамарсан мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог бүрдүүлнэ.

6. ШХАБ-ын орнуудын хооронд ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааг хөгжүүлж, ногоон хөрөнгө оруулалт, нүүрстөрөгчийн зах зээл байгуулах туршлагыг хуваалцан, холбогдох бодлого болон технологийн хэрэглээний хэрэгслийг хамтран хөгжүүлнэ.

7. Олон улсын байгууллага, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, ШХАБ-ын ногоон төслүүдийн санхүүжилтийн сувгийг нэмэгдүүлэн, экологийн хамгаалал болон бага нүүрстөрөгчийн салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

8. Биологийн олон янз байдлыг хамгаалах болон тогтвортой ашиглах бодлого, технологи, туршлагын солилцоог гүнзгийрүүлж, “Кунмин–Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ”-г Kunming–Montreal Global Biodiversity Framework) хэрэгжүүлэхэд хамтран ажиллана. Бид ногоон түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, илүү бодитой үйл ажиллагаагаар бүс нутгийн ногоон, бага нүүрстөрөгчийн шилжилтийг хамтаар урагшлуулж, тогтвортой хөгжлийн ирээдүй рүү тэмүүлнэ.

ШХАБ-ын Ногоон, тогтвортой хөгжлийн форум 2026 оны дөрөвдүгээр сарын 29 Нинбо хот