Б.ЖАВХЛАН
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00.05 цагийн орчимд дуудлага мэдээлэл иржээ. Уг дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэр болох “Москва хорооллын орчимд иргэд хоорондоо зодолдож байна“ гэсэн мэдээлэл өгчээ. Дуудлагын дагуу Цагдаагийн алба хаагчид очиход нэг иргэн амиа алдсан байжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Мөнххуяг "Цагдаагийн байгуулагад өнгөрсөн шөнө 12:00 цагийн орчимд СХД-ын 29-р хороонд хүмүүс хоорондоо зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шалгахад хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Уг хэргийг шалгаж үзэхэд, урьдчилсан байдлаар иргэн Д нь гэрээгээр олгох ажил олж өгнө гээд 24 сая төгрөг аваад, гэрээнийхээ ажлыг олж өгөөгүй, мөнгө буцаан өгөөгүй гэх шалтгаанаар амь хохирогчийн толгой, хэвлий тус газарт цохиж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл тогтоогдсон. Уг хэргийг мөрдөн шалгаж байна" гэлээ.