П.АМГАЛАН
“Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” болон “Дэлхийн морьтнууд “ТББ-аас монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилгаа танилцууллаа. Тус санаачлагын зорилго нь монгол адууг алдаршуулах, үнэ цэнийг нь өсгөх, адуугаар дамжуулан үндэсний өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Энэ үеэр “Дэлхийн морьтнууд” ТББ-ын тэргүүн Ю.Үнэнбүрэн “Монгол адуу нь Монголын төдийгүй дэлхийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Эрт цагт хаадын зарлиг, төрийн шийдвэрийг алс холын газар хүргэхэд морин өртөө чухал үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ нь монгол морины тэсвэр хатуужлыг илтгэдэг. Мөн “Сайн эрс” нэртэй уралдааныг зохион байгуулж, Монгол орны таван цэгээс морьтонгууд 600 км замыг хоёр хоногт туулсан нь монгол адууны туулах чадвар, тэсвэр тэвчээрийг бодитоор харуулсан явдал юм. Түүнчлэн монгол адуу төрж өссөн нутаг руугаа гүйдэг онцгой чанартай амьтан. Үүнийг дээр үед хүмүүс мэддэг байлаа. Харин өнөө цаг үед залуучууд төдийлөн сайн мэдэхээ больсон. Вьетнам улсаас Монгол Улсад гүйж ирсэн адууг манайхан домог мэтээр ярьдаг. Үүнийг баталгаажуулах зорилгоор Вьетнам улсаас баримтат киног хүртэл бүтээсэн” гэлээ.
Мөн санаачлагчид “Монголын түүх монгол адууны нуруун дээр бүтсэн. Монгол адуу бол монголчуудын бахархал, үнэт өв” хэмээн онцоллоо. Иймд монгол адууны түүхэн гавьяа, үндэстний хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын баатар цол олгох уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчд хүргүүлж байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж:www.zms.m