Б.НАНДИН
Хаврын төгсөлттэй зэрэгцэн намрын элсэлт, хаана ямар их дээд сургуульд хүүхдээ сургах вэ, ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байх гээд олон асуултуудад хариулт олохоор эцэг эхчүүд эрэлд гардаг. Тэгвэл “Зууны мэдээ” сонин "Боловсрол, хөгжил" буландаа Азид тэргүүлэгч, дэлхийн шилдэг 20 их сургуулийн нэгд зүй ёсоор эрэмбэлэгддэг Цинхуа их сургуулийг онцолж байна.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод байрлах Tsinghua University нь өнөөдөр Азийн боловсролын тэргүүлэгч төдийгүй дэлхийн академик орчинд хүчтэй өрсөлдөгч болон тодорч байна. Сүүлийн жилүүдэд тус сургууль олон улсын чансаанд тогтвортой дээгүүр бичигдэж, боловсрол, судалгаа, инновацын нэгдсэн системийг бүрдүүлсэн цөөн институцийн нэг болжээ.
Олон улсын үнэлгээний байгууллагуудын мэдээллээс харахад Цинхуа их сургуулийн амжилт зөвхөн нэг үзүүлэлтээр хэмжигдэхгүй. Дэлхийн их сургуулиудын ранкийг гаргадаг Times Higher Education-ийн 2025 оны чансаагаар дэлхийд 12-т, QS World University Rankings-ийн 2026 оны жагсаалтад 17-д бичигдсэн бол U.S. News & World Report-ын үнэлгээгээр дэлхийд 11-т эрэмбэлэгдэж байна. Мөн нэр хүндийн чансаагаар дэлхийд эхний аравт багтаж, төгсөгчдийн ажиллах чадварын үзүүлэлтээр дэлхийд зургаад жагссан нь түүний бодит нөлөөг илтгэнэ.
Цинхуа их сургууль нь ойролцоогоор 50 мянга орчим оюутантай. Тэдгээрийн найм орчим хувь нь буюу 3000-4000 нь гадаад оюутнууд бөгөөд дэлхийн 100 гаруй орноос ирж суралцдаг. Тиймээс ч харьцангуй нээлттэй, олон улсын оюутнуудад ээлтэй гэж хэлж болно.
Элсэлтийн хувьд Цинхуа нь дэлхийд хамгийн өндөр шалгууртай сургуулиудын нэг. Хятадын дотоод оюутнуудын хувьд үндэсний элсэлтийн шалгалт болох Gaokao-д дээд оноо авах шаардлагатай бол олон улсын оюутнуудын хувьд сурлагын өндөр амжилт, англи эсвэл хятад хэлний түвшин (TOEFL, IELTS, HSK), зарим тохиолдолд ярилцлага, судалгааны санал зэргийг үнэлдэг.
Цинхуа их сургуулийн хамгийн гол давуу тал нь хиймэл оюун ухаан, инженер, байгалийн шинжлэлийн салбарт тэргүүлж байгаа нэр хүнд гэж хэлж болно. Компьютерийн шинжлэх ухаан, AI судалгаагаар дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн бөгөөд энэ нь зөвхөн онолын судалгаанд бус бодит хэрэглээнд чиглэдэг гэдгээрээ ихээхэн үнэлэгддэг. Тус сургуулийн лабораториуд технологийн компаниудтай нягт хамтран ажиллаж, судалгааны үр дүнг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх онцлогтой.
Байгалийн шинжлэл, тухайлбал физик, химийн салбарт ч Цинхуа дэлхийн топ түвшинд өрсөлдөж, өндөр нөлөө бүхий судалгааг тогтмол нийтэлдэг. Үүний зэрэгцээ урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр ч амжилттай хөгжиж, урлагийн түүхийн салбарт дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа нь шинжлэх ухаан, бүтээлч сэтгэлгээг хослуулсан боловсролын загварыг илтгэдэг байна.
Барууны уламжлалт их сургуулиудтай харьцуулахад Цинхуагийн хамгийн том онцлог нь судалгаа, үйлдвэрлэл, бодлогын уялдаа холбоо хэмээн дүгнэдэг. Судалгааны үр дүн богино хугацаанд бодит хэрэглээ болж хувирдаг, төр болон технологийн салбартай шууд холбогддог нь түүнийг зөвхөн академик байгууллага бус, инновацийн төв болгожээ.
Өнөөдөр Цинхуа их сургууль Азийн боловсролын стандартыг тодорхойлогчоос гадна дэлхийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна. Оюутны чанар, судалгааны нөлөө, олон улсын оролцоо, технологийн хөгжил зэргийг нэгтгэсэн энэ загвар нь ирээдүйн их сургуулийн чиг хандлагыг тодорхойлж буйг судлаачид онцолдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 80 (7822)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn