Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Амин хэлхээтэй ихэр заяа, аз жаргал бэлэглэсэн ижил заяанд мэндэлсэн М.Туул, М.Сэлэнгэ нарыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцолж, баялаг амьдралынх нь түүхээс дээжлэн хүргэж байна.
Аня, Ира мэндэллээ
Улаанбаатар хотын Нэгдүгээр төрөх эмнэлэг. 1950 он. Эмнэлгийн гадаа олон аавууд сандрал, догдлол дүүрэн баярт мэдээ хүлээн зогсоно. Тэдний нэг нь Д.Магсаржав. Хэдийнээ гурван хүүхдийн аав болсон хашир туршлагатай тэрээр отгон үрээ хүлээн зогсох нь тэр. Удалгүй гэргий С.Цэнд нь эсэн мэнд амаржиж гурав дахь охиноо өлгийдөж авсан сургаар шөл хийгээд иртэл дахин нэг охин мэндэлсэн байв. Ийнхүү хоёр цагийн зайтай ихэр охид энэ хорвоод мэндэлжээ.
Тэднийг эх барьж авсан орос эмч Аня, Ира гэж нэр өгтөл аав нь амьд бүхний ундаа болсон Монголынхоо гол мөрний нэрээр нэрлэнэ хэмээгээд Туул, Сэлэнгэ гэх нэрийг хайрлажээ. Ээж нь тэднийг хэвлийдээ бүрэлдэж буйг мэдсэнийхээ дараа “Сувд эрдэнэсээр дүүрэн уулан дээр гараад дээлийнхээ хормойд эрдэнэс хийтэл хоёр тал руу нь шажигнаад урсаж байна” гэж зүүдэлсэн гэдэг. Энэхүү зүүднийхээ учгаар Сувд-Эрдэнэ гэж нэрийг бодсон байжээ. Энэ тухай М.Туул “Сэлэнгэ чинь мөрөн болохоор надаас том юм байна” гэж хоорондоо инээлддэг гэнэ. Хүмүүс М.Сэлэнгэ түрүүлж гарсан болохоор эгч нь гэсэн үг үү гэж бас их сонирхдог байна.
Зэрвэсхэн зөрөх нэгэн гайхах байтугай гэрийнхэн нь хүртэл ялгадаггүй байжээ

Д.Магсаржав гуай Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, жолооч, Зөвлөлтөд суралцсан механикийн инженер байв. Харин ээж С.Цэнд нь Дорнод аймгийн Дашбалбар суманд 1917 онд төржээ. Тухайн үеийн нийгмийн хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас гэр бүлийнхэнтэйгээ Төв аймгийн Баянжаргалан суманд нүүж ирэн суурьшжээ. Тэд Халх голын дайнд оролцоод буцаж явах үеэрээ танилцаж, Улаанбаатар хотод гэр бүл болж, таван хүүхдийн эцэг эх болж, энэ амьдралыг туулжээ.
Төрх ижил, бие чацуу охидыг өнгө ижилсэн хувцасласан байхад танихгүй хүмүүс эргэж харж гайхах нь бүү хэл гэрийнхэн нь ялгадаггүй байв. Иймд тэднийг нэг сорвиор нь ялгах болсон гэнэ. Энэ тухай М.Туул “Би гурван настай байхдаа шилэн хүзүүгээ шөргөөгөөд уйлаад байж л дээ. Тэгэхээр нь аав яасан юм бол гээд үзтэл шилэн хүзүүний арын хонхорхойд хувалз шигдсэн байв. Түүнийг сугалж автал том цагаан сорвитой болсон. Бид үсээ хоёр салаа сүлжихээр тэр сорвийг харж ялгах үе бишгүй байсан” хэмээнэ. Мөн хоёр эгч нь ихэр дүү нараа нэг нэгээр нь миний дүү гэж аваад хардаг байжээ. Ах нь мөн их хайрлана. Энэ тухай М.Сэлэнгэ “Бид балчирдаа ахыгаа Баба гэж дуудна. Ах маань энэ нэрэндээ дургүй. Ямар сайндаа “ах” гэж дуудуулах гэхээр үгэнд орохгүй байна гэж аав, ээжид гомдолж байх вэ. Ах маань Свердловск хотод таван жил сурсан. Ирэх бүрдээ ижилхэн хувцас авчирч өгнө. Орос найзууд нь чи яагаад нэг юмнаас хоёрыг аваад байдаг юм гэж гайхаж асуудаг байсан гэдэг” гэж хүүхэд насныхаа нандин дурсамжийг хуваалцсан юм.
Д.Магсаржав гуайнх бага охидоо зургаадугаар ангид ордог жил 120 мянгатад нүүж иржээ. Түүнээс өмнө ах эгчийгээ тусдаа гараад явчихаар модоо хагалж, нүүрсээ шигшихээс эхлээд оёдол, цэвэрлэгээ гэрийн бүхий л ажилд, нарийн нямбай суралцжээ. “Хүйтрэхээр шалаа дулаална. Нэг шал тавиад л аягатай усаар тэгш хэмийг нь үзнэ. Жаахан далий бол дахина. Долоо хоног бүр гэртээ их цэвэрлэгээ хийж, унь, цавгаа угаана. Иймд бид хэнээр ч шахаж шаардуулалгүйгээр хичээлээ хийж, хэнийг царайчлалгүй ажлаа хийж, шударгаар манлайлж байлаа” гэж хүмүүжлээрээ бахархаж суусан юм.
Хүүхдүүдээ амьдралын ухаан, ахуйн ажилд өөрсдөөрөө үлгэрлэн сургахаас гадна сурч хөгжих боломж, сонголтыг нээлттэй үлдээж, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл дүүрэн бие хүн болгон өсгөдөг байв. Тиймдээ ч дэрсхэн охидын дүн нь хүртэл ижилхэн онцоор дүүрэн. Тэд сурах эрдмээс гадна оёж хатгах авьяастай. Түүгээр зогсохгүй сүмбэн цагаан хурууг нь харсан хүмүүс яг л хөгжим тоглоно гэлцдэг байв. Тиймээс Хөгжим бүжгийн сургуулийн ятга хөгжмийн ангид тэнцэж явсан түүх ч бий.
Залуу насаа мөрдсөөр чимсэн багш, эмч хоёр

Сэтгүүлч Б.Амгалан, Д.Нямхүү нар охидыг есдүгээр ангиа төгсөх жил Д.Магсаржав гуайн гэр бүлийн тухай сурвалжилж, “Айл гэр-Аз жаргал” нийтлэлээ орос, монгол хэлээр хэвлүүлж байв. Энх тайваны гүүрэн дээр мишээл тодруулан алхаж яваа салаа хар гэзэгтэй охидыг ч дурандаа буулгажээ. Тэнд М.Туул эмч, М.Сэлэнгэ нисгэгч болно хэмээн ярилцлага өгчээ. Угтаа энэ нь тэдний туйлын мөрөөдөл байсан боловч тухайн үеийн нийгмийн хатуу дүрэм журам, нэг айлын хоёр хүүхэд зэрэг дээд боловсрол эзэмшихгүй гэдэг үзэлтэй нүүр тулсан байна.

М.Туул Анагаахын дээдэд хүссэн их эмчийн ангиа авлаа. Гэтэл М.Сэлэнгийн нэрийг дуудалгүй дунд сурдаг хүүхдүүд рүү орчхов. Харин дараа нь Орост нэхмэлийн дөрвөн жилийн сургуульд сургахаар хуваарилсан байна. Энэ нь түүний хүсэл мөрөөдөл биш тул учрыг асуутал “Нэг айлын хоёр хүүхэд дээд боловсрол зэрэг эзэмшихгүй. Нэг нь коллежид орох ёстой” гэхээр өөрийн хүслээр татгалзтал Эрчим хүчний удирдах газар хуваарилжээ. Гэхдээ энэ бүхэн М.Сэлэнгийн хүсэл мөрөөдлийг мохоосонгүй. Нисгэгч болох мөрөөдлөө биелүүлэхээр Шүхэрийн курс, ЯК-11 онгоцны курсийг төгсөөд АН-2 онгоцны курстээ элсэх гэтэл эмэгтэй хүний биеийн онцлог агаар мандалд гарч болдоггүй гэх шалтгаанаар мөн зөвшөөрсөнгүй. “Хайрцагт нислэг хийдэг байлаа. Ингэж нисэж яваад Сүхбаатарын талбай дээгүүр нэг тойроод ирвэл гэж бодно. Даанч болохгүй. Энэ үед би хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, үгээр хэлэмгүй баяр бахдал дүүрэн байлаа. Гэхдээ хэзээ ч багш болохгүй гэж боддог байлаа. Харин дараа нь мэргэжлийнхээ үнэ цэн, утга учирт дурлах шиг болж, сэтгэлээсээ ажиллаж эхэлсэн” гэсэн юм.
Ийнхүү М.Сэлэнгэ МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид таван жил, мөн япон хэлний ангид давхар суралцан төгсжээ. Ингээд Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас дэслэгч цол хүртэж, хүүхдийн колонд багшилж эхэлсэн юм. Дараа нь Хонхорын колоны сурган хүмүүжүүлэгч хийж байгаад ахмад цолтойгоор өөрийн хүсэлтээр цэргийн албаа дүүргэжээ. Удаагаар нь 29 дүгээр тусгай сургуульд 30 орчим жил ажиллаад тэтгэвэртээ гарч, бусдын хүүхдийн оюун мэлмий, зам мөрийг гэрэлтүүлэх их ажлаа дүүргэж, ач зээ нараа хүмүүжүүлж, монгол хүн болж өсөхөд анхаарч байна. “Хүүхдийн колонд багшилж байхдаа хүүхдүүдийг их өрөвдөж, хоёр хоёроор нь ээлжилж гэртээ аваачиж хооллоно. Дараа нь 29 дүгээр сургуульд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг харахаар л нулимс цийлгэнээд байдаг байлаа. Өөрийн хүүхдээс дутуугүй шавь нартаа хандаж ирлээ” гэж дурсан суусан юм. Түүний анги багт наадам, урлагийн үзлэгт дандаа түрүүлнэ. Мөн сүүлд байрны багш болж, шавь нараа гэртээ байгаа юм шиг тохитой байгаасай гэсэн сэтгэлээр дотуур байраа тохижуулжээ.
Ихэр М.Туул нь эмч болох мөрөөдлөөрөө Анагаахын дээдэд таван жил сураад, 53 жил дотрын эмчээр ажиллажээ. Үүнийхээ 20 гаруй жилийг Цэргийн төв эмнэлэгт өнгөрөөж, хошууч цолтойгоор цэргийн гавьяаны амралтдаа сууж, энгийнээр ажиллажээ. Ингэхээр тэд залуу насаа цэргийн мөрдсөөр гоёж, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байжээ. Мөн тэдний нөхрүүд ч цэргийн хүмүүс ажээ.
М.Туул оюутан байхдаа Анагаахын их сургуулийн нэрийн өмнөөс буудлагын тэмцээнд орж, 10 сум дараалан 10-т оноход Лувсандаш багш нь энэ спортоо битгий орхиорой гэж байжээ. Ингэхдээ армийн албанд эмчээрээ ажиллаж байсан тул буудлагын спортоо үргэлжлүүлж чаджээ.
“Ихэр төрүүлсэн ижий аавдаа талархдаг”
Төрөхдөө л ижлээрээ байж, ээнэгшин дассан тэд анх оюутан болоод л хоёр биенээсээ холдоход тун хэцүү байсан гэнэ. Багадаа тэд нэгнийгээ өвдөхөөр хичээлдээ очоод цонхоор хараад уйлаад зогсчихно. Эсвэл дагаад өвдөнө. Энэ тухайгаа М.Туул “Үргэлж л М.Сэлэнгэ юу хийж байгаа болж гэж бодно. Нэгэн удаа хүүхэд эх барьж авлаа. Гэтэл надаар нэр өгүүлнэ гэнэ. Тэгэхээр нь ихрээ санаж байсан болохоор Сэлэнгэ гэж нэр өгөөд утгыг тайлбарлаж байлаа” хэмээсэн юм.
Түүнчлэн М.Сэлэнгэ “Ихэр төрүүлсэн ижий аавдаа талархдаг. Аав олон хоногоор тээвэрт явчихаар хоёр нялх хүүхэд өсгөх ээжид минь амаргүй байсан байх. Ээжийн минь бие бас тааруу байсан юм. Манай гэр Гадаад хэргийн яамны урдхан байдаг байлаа. Яамны нэг албан хаагч бидний нэгийг авъя гэж их ирдэг байжээ. Нэгэн удаа аавын машин саатаад олон хоноод ирэхэд ээж бидний нэгийг өгөөд явуулчхаж. Үүнийг мэдсэн аав дуугүй нөгөө айлд очоод “Ижлээр нь өсгөнө” гээд өлгийдөөд аваад ирсэн гэдэг” хэмээн ярьж суухдаа нэгнийхээ гараас атгасан байсан юм.
Амьдралын хуудас эрээнтэй бараантай. Энэ л үед аз жаргалыг нь хамтдаа хуваалцаж, гуниг зовлонг нь хамтдаа эдэлж, түшиг тулгуур болж явдаг хоёр биедээ мөн их талархдаг хэмээн нүдэндээ нулимс цийлгэнүүлж сууна.
Тэд өөрсдийн дурсамжаа зураг болгон мөнхөлж хадгалах дуртай. Тэртээх 1950 оноос эхэлсэн түүх Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтэд алхах байсан үеэр өртөөлөн үр хүүхдүүдэд нь түүх болон үлджээ. Цаашид ч мөн олон дурсамжийг хамтдаа бүтээж, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зүтгэнэ гэв.
Хорвоогийн түмэн гайхамшгийн нэг нь ихэр төрөх ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 79 (7821)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn