Д.Марал
Гэрэл зургийг Р.Оюун
Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК болон түүний охин компанитай холбоотой орон сууцжуулах төслийн хүрээнд олон багш, эмч, төрийн алба хаагч санхүү, сэтгэл санааны хохирол амссан талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийлээ
Тодруулбал, тус компани багш нарт бага урьдчилгаа төлбөрөөр орон сууцанд хамруулах санал тавьж, эхний ээлжид 2–6 сая төгрөгийн урьдчилгаа авч, цаашид сар бүр 500 мянган төгрөг төлөх нөхцөл санал болгожээ. Энэхүү амлалтад итгэсэн багш нар 4–5 жилийн хугацаанд тогтмол төлбөр хийсэн ч өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй, мөн төлсөн мөнгөө буцаан авч чадахгүй байгаа юм.
Хохирогчдын дунд тэтгэвэрт гарсан ахмад багш нар ч байгаа бөгөөд зарим нь тэтгэврийн бүх хуримтлалаа энэхүү төсөлд зарцуулжээ. Улмаар орон байргүй, түрээсийн байранд, өрнөөс өрний хооронд амьдарч байна.
Ахмад багш “Тэтгэвэрт гарахдаа байртай болно гэж бодон 60 гаруй сая төгрөг өгсөн. Одоо айлын түрээсийн байранд толгой хорогдож байна. Насаараа хөдөлмөрлөж цуглуулсан мөнгөө луйвардуулан насны эцэст орон гэргүй үлдэж цөхрөнгөө барж байна” гэсэн юм.
Багш нарыг орон сууцжуулах уг төсөл нь анх төрийн бодлогын хүрээнд эхэлсэн ч өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тасралтгүй мөнгө төлсөн багш нар . Харин энэ хугацаанд оролцогчид санхүүгийн дарамтад орж, амьжиргааны түвшин нь доройтсон байна. Хохирсон багш нар холбогдох байгууллагуудад удаа дараа хандаж байгаа ч тодорхой шийдвэр, үр дүн гараагүй хэвээр байгаа бөгөөд асуудлыг яаралтай шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж байна.