Р.Оюун

Монгол Улсын сансрын нисгэгч, хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Майдаржавын Ганзоригийн хоёр боть номын нээлт Шинжлэх ухааны академийн хурлын зааланд боллоо. Ном таван бүлэг бөгөөд гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгч, хамт олон, шавь нарынх нь дурсамжаас бүрджээ. Номын ерөнхий редактораар хэлбичгийн ухааны доктор, профессор А.Пүрэвжанцан, шинжлэх ухааны зөвлөхөөр шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Амарсайхан, хэл найруулгын редактораар Соёлын гавьяат зүтгэлтэн, Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт сэтгүүлч Я.Сумъяа, ивээн тэтгэгчээр гавьяат барилгачин, техникийн ухааны доктор, МонМэп компанийн захирал М.Саандарь, уран сайхны редактораар М.Ганзориг агсны төрсөн дүү М.Төмөрбаатар нар ажилласан байна.

Нээлтийн үеэр номыг санаачлагч, гэргий М.Ломбодагзал "Миний ханийн тухай өгүүлэх "Майдаржавын Ганзориг" хоёр боть номын нээлтэд ирсэн та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан миний бие ханийнхаа гэгээн дурсгалд зориулан хийсэн, бүтээсэн ажил хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлынх нь тухай ном бүтээх санаачлагыг гарган хэлбичгийн ухааны доктор, профессор А.Пүрэвжанцан түүний гэргий техникийн ухааны доктор Ж.Нарангэрэл нарт хүсэлт тавьсныг минь хүлээн авч ханийн минь тухай "Майдаржавын Ганзориг" хоёр боть номыг өлгийдөн авч өнөөдөр та бүхний гарт хүргэж байгаадаа баяртай байна. Энэ номыг бүтээхэд минь олон хүн дэмжиж, тусалж ажилласныг дурдахгүй байхын аргагүй. Өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж буй Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газар, Математик, тоон технологийн хүрээлэнгийн хамт олонд гэр бүлийн нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай" гэв. 

Эх сурвалж www.zms.mn