П.ЛХАГВА

 

“Зууны мэдээ” сонин өмнө нь хүний их эмч мэргэжилтэй, модель машин цуглуулах, бүтээх хоббитой Н.Амарбаясгаланг “Өөр зочин” буландаа урьж, ярилцаж байсан удаатай билээ. “Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан” хэмээн ярьж байсан түүний бас нэгэн хобби нь аялах билээ. Тэгвэл энэ удаад гурван жилийн турш нягт төлөвлөсөн Европын аялалдаа гэр бүлээрээ гарч, алтан шарын замын гараагаа Улаанбаатар хотын төв талбайгаас энэ сарын 22-ны өдөр эхлүүлсэн юм. Тэрээр аяллынхаа тухай “Манай гэр бүл сүүлийн дөрвөн жил дэлхийн улс орнуудаар аялсан. Харин энэ жил автомашинтай аяллаар Европын орнуудын зорих гэж байна. Айдас, догдлол хосолж байна. Аялал гэдэг өөрөө адал явдал. Гэр бүлээрээ аливаа асуудлыг шийдэх, даван туулахаас эхэлнэ дээ” гэсэн юм.

Түүний гэргийг И.Хандаа гэдэг. Тэрээр “Бид хүүхдүүддээ аливааг танин мэдүүлж, бид нэг дэлхийн хүмүүс гэдгийг харуулахыг зорьж байна. Хүмүүс айдсыг биш итгэлийг сонгож, урам зоригтой амьдраасай гэж боддог. Бэрхшээл бүрийг даван туулах адал явдал сонирхолтой бас дурсамжтай. Хүүхдүүд маань багаасаа аялсан болохоор түүнийгээ үгүйлж, асуудаг. Нөхөр маань дэлхийг үзүүлнэ гэсэн амлалтаа биелүүлсэнд баяртай байна” гэв.

Н.Амарбаясгалангийн гэр бүлийн аяллын онцлог нь монгол ахуй, уламжлалыг орчин үеийн хэв маягтай хослуулсанд оршино. Тодруулбал, автомашинаа монгол морь, монгол гэрийг хослуулан тоноглож, нүүдэлчин амьдралын хэв маягаар аялах боломжийг бүрдүүлжээ.

Зориг, мөрөөдөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг илэрхийлсэн энэ аяллын нэвтрүүлгийг ТВ-9 телевизээр тун удахгүй хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 78 (7820)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn