Д.Марал
Гэрэл зургийг Р.Оюун
Ахмадууд тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар дахин хэвлэлийн бага хурал хийж, эсэргүүцлээ улам чангаруулж байгаагаа мэдэгдлээ. Тэтгэвэр нэмэх асуудал сүүлийн нэг жилийн турш яригдаж байгаа ч 2026 онд 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь өнөөгийн амьжиргааны өртөгтэй харьцуулахад хангалтгүй гэж үзэж байгаа талаараа ярьсан юм.
Мөн Улсын Их Хуралд хандан 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны дотор тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийллээ. Энэ шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
Тус үеэр өндөр настан н.Дамбаа “Бид залуу насандаа 45 жил нийгмийн даатгал, татвараа хангалттай төлж, нойр хоолгүй ажиллаж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан. Гэтэл өнөөдөр мөнгө гуйгаад сууж байна. Тэтгэврийн мөнгөөрөө эм, тариагаа ч авч хүрэхгүй байна. Бусад орны ахмадууд амралт, зугаалгад явж сайхан амьдарч байхад бид үр хүүхдийнхээ тусламж, дэмжлэгээр амьдарч байна” гэлээ.
Тиймээс тэтгэврийн хэмжээг амьжиргааны өртөгтэй уялдуулан нэмэгдүүлж, ахмад настнуудын амьдралын нөхцөлийг сайжруулах шаардлагыг төр, засагт дахин хүргүүллээ.