Д.Марал
Гэрэл зургийг Р.Оюун
Туулын хурдны замтай холбоотой асуудлаар иргэд хэвлэлийн бага хурал хийж, төслийг тойрсон зөрчилтэй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэдний мэдээлснээр, Туул гол дээгүүр хурдны зам барих төслийг Засгийн газраас зогсоосон гэх албан мэдэгдэл гарсан ч бодит байдал дээр зарим үйл ажиллагаа үргэлжилж байж болзошгүй нөхцөл илэрсэн байна.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 21:00 цагийн орчимд том оврын автомашинууд хайрга, элс зөөж байгаа тухай мэдээлэл иргэдэд иржээ. Уг мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгахад зөвшөөрөлгүйгээр хайрга, элс тээвэрлэж байсан байж болзошгүй үйл ажиллагаа явагдаж байсан талаар мэдээллээ.
Экологич Д.Туяа “Туул гол бол Монголын хүн амын тал хувийг ундаалдаг амин чухал усны эх үүсвэр. Энэ гол Улаанбаатар хотын дундуур байгалийнхаа жамаар, цэвэр урсах ёстой. Тиймээс бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, Туул голоо онгон дагшинаар нь ирээдүй хойч үедээ үлдээх үүрэгтэй” хэмээн онцоллоо.
Иргэдийн зүгээс холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулж, төслийн хэрэгжилт болон үйл ажиллагаанд ил тод, хяналттай хандах шаардлагатайг онцолж байна.