П.АМГАЛАН

“Онги голынхон хөдөлгөөн”,  “Ангир нүдэн  мөндөөхэй” ТББ,  “Ховдын  толь”  сонин ТББ, “Монголын  гол  нууруудын нэгдсэн хөдөлгөөн” зэрэг  байгууллагууд нэгдэж “Улсаа аваръя” холбоо байгуулж, “ Монгол сэхэх үү, мөхөх үү” сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. Тодруулбал,  Монгол дахь дэлхийн усны хагалбар  газрын хамгаалалтын  тухай хуулийн,  хуулиас дээгүүр  журмуудыг  цуцлах,  “Халзан  бүрэгтэй” төслийг зогсоох зэрэг асуудлыг хөндсөн юм.

Энэ үеэр “ Монголын  гол  нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан “Сүүлийн  26 жилийн турш төрсөн нутаг ус,  соёл  ахуйгаа хамгаалж, нутаг орноо эзэнтэй байлгахын төлөө тэмцэж ирсэн хүмүүс өнөөдөр нэгдэж байна.

Бид сүүлийн 34 жилийн Монгол төрийн бодлогод дүгнэлт өгч байгаа юм.  Бид хаашаа яваад байна вэ. Өмнөх нийгмийнхээ бүх юмыг буруу  гэж  устгаж,  дээрэмдээд Монголчуудад нэг л сонголт тулгасан.   Энэ нь уул уурхай. Одоо уран, газрын ховор элементийг ухаж байж хөгжинө гэх хэмжээнд хүрлээ.   Гэтэл  өвөг  дээдсийн  байгуулсан мянга, мянган жилийн аугаа түүх, тусгаар тогтнолын баталгаа  болсон үнэт зүйлс  юу болж хувирсныг эргэцүүлэх цаг ирсэн.

  Монгол Улс оршихуйн үндэс, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын баталгаа болох бидний газар нутаг, хилийн тусгаар тогтнолоо алдаж байна.   Байгалийн эко системд түүхэнд байгаагүйгээр аюулд орлоо. Томоохон гол мөрний  эхийг ухаж,  мөнх цэвдэг  сүйрч байна. Энэ их баялгаас  Монгол хүнд  хүртсэн зүйл үгүй. Харин эрүүл мэнд,  элэг бүтэн амьдрал нь үгүй болж , олон хүн харьд хөдөлмөр эрхлэхэд хүрлээ. Өвөг дээдсийн бүтээсэн аугаа соёл  хэл харьжиж үнэгүйдэж байна. Энэ бүхнийг “аргамжиж” дархлан хамгаалах ёстой монгол төр энэ баялгийн цөлмөгч хулгайчдын үүр боллоо. Монгол төргүй боллоо гэж үзэж байгаа” гэлээ.

Тиймээс  малчид,  иргэд төрийн бус  байгууллагууд нэгдэж Монгол Улсын Иргэний хуулийн   481.1-т заасны дагуу  “Улсаа аваръя” холбоо байгуулж  Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд  өнгөрсөн хугацаанд боловсруулсан баримт бичиг, 26 жил тэмцсэн тэмцлийнхээ үр дүн, алдаа оноо тодорхой  хүсэлт шаардлагуудыг хүргүүлж байгаагаа илэрхийлэв. Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлөөр бүх талыг  төлөөллүүдээр хэлэлцүүлж  холбогдох  арга  хэмжээг  шуурхай  авч  ажиллахыг хүслээ.

Эх сурвалж:www.zms.mn