М.ГАН

Зургаа дахь удаагийн парламент өнгөрсөн баасан гаригт анхдугаар хуралдаанаа хийж шинэ гишүүд тангараг өргөлөө. Энэ парламентад цөөнх болсон МАН-ынхан пүрэв гаригт өдөржин хуралдаж хуучин УИХ-ын хаалт болон шинэ УИХ-ын нээлтэд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч баасан гаригийн өглөө шийдвэрээ өөрчилсөн байлаа. Шинэ парламентын нээлтийн өмнө Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд Төрийн ордонд мэдэгдэл хийв. Тэрээр бусад нам, эвсэлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд анхдугаар чуулганд МАН-ын гишүүд оролцохоор болсныг мэдэгдлээ. МАН бүтэн өдөр бойкот тавьсны эцэст шийдвэрээ өөрчилж, гишүүд нь тангараг өргөсөн нь цаанаа олон шалтгаантай бололтой. Намын даргынх нь мэдэгдлээс үзвэл МАН шинэ Засгийн газарт АН-тай хамтарч ажиллах сонирхлоо ийн илэрхийлсэн бололтой. Шинэ парламентад бүлэгтэй болсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өмнө нь бусад намтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм.
АН-ынхан хэнийг сонгож Засгийн газарт багтаах эсэх нь тэдний мэдэлд үлдлээ.
Шинэ УИХ-ын гишүүд тангарагаа өргөснөөр одоо бүтцээ байгуулна. Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлэг байгуулж, УИХ-ын даргыг сонгох товтой байна. Энэ удаагийн парламентад гурван бүлэг байгуулах нь тодорхой болсон. АН олонхийн бүлгийг байгуулах бол МАН цөөнх боллоо. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 гишүүнтэйгээр бүлэг байгуулах боломжтой болсон. УИХ-д наймаас дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах хуультай юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордон дахь өрөөндөө ирж эвслийнхээ гишүүдэд баяр хүргэсэн байна. Ийнхүү шинэ УИХ АН-ын 31, МАН-ын 25, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн найм, ИЗНН-ын хоёр, бие даагч гурван гишүүнтэйгээр ажилдаа орлоо.
ГУРВАН ГИШҮҮН ТАНГАРАГ ӨРГӨСӨНГҮЙ
Шинэ парламентын 69 гишүүн тангараг өргөсөн юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан таван нэр дэвшигч тангараг өргөсөнгүй. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар сонгогдож түр үнэмлэхээ авсан О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар анхдугаар чуулганд оролцоогүй юм. Тэдний хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж байгаа аж. Тус эвслийн жагсаалтын эхэнд бичигдсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр мөн Э.Батшугар, С.Нарангэрэл нарыг нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн СЕХ-ны шийдвэрийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн юм. Цэц гомдлыг хэлэлцээгүй учир тэндээс шийдвэр хүлээж байгаа учир жагсаалтаар сонгогдсон сүүлийн гурван хүнээ түр түдгэлзүүлээд байгаа аж. Ийм эрх эвсэлд байгааг УИХ-ын гишүүн Л.Цог онцлов. СЕХ-ны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл дээр нэр дурдсан гурван хүн гишүүний тангарагаа өргөнө. Хэрэв Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарвал дээрх нэр дэвшигчид гишүүнээр сонгогдох боломжтой аж.
Мөн Өвөрхангай аймагт нэр дэвшин олонхийн санал авсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг СЕХ Ерөнхийлөгчид айлтгаагүй юм. Учир нь МАН-ын дээрх хоёр нэр дэвшигчийг УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн шүүхээс 950 тоот тогтоол үйлджээ. Иймд шүүхийн шийдвэрийг харгалзан Тойргийн хороо руу нь буцаасан байна. Гишүүний түр үнэмлэхээ авсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын асуудлыг Тойргийн хороо нь шийдвэрлэх аж. Анхдугаар чуулганы үеэр МАН-ын гишүүд СЕХ-ны удирдлагаас энэ тухай лавласан юм. СЕХ шүүхийн шийдвэрийг үнэлж, дүгнэх боломжгүй учир Тойргийн хорооны шийдвэрийг хүлээж байгаагаа хэлэв. Мөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ирэх намар дахин санал хураалт болно. Одоогоор Сангийн сайдаар ажиллаж буй Дархан-Уул аймгаас дахин сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг прокурорын байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Түүнийг сонгуулийн үеэр албан тушаалаа ашиглаж тойргийнхондоо төсвийн мөнгө тараасан гэх хэрэгт буруутгаж байгаа гэнэ.
Ийн шинэ УИХ 69 гишүүнтэйгээр ажилдаа орлоо. Гишүүдийн гуравны хоёр хувь нь бүрдвэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрддэг. Үлдсэн долоон гишүүдийн гурав нь “Шударга ёс” эвслээс, хоёр нь Өвөрхангай аймгаас, нэг нь Сонгинохайрхан дүүргээс, нэг нь Баянзүрх дүүргээс орж ирнэ.
ЕСӨН ЭМЭГТЭЙ ТӨР ТҮШИЛЦЭНЭ
Энэ удаагийн парламент эмэгтэй гишүүн олонтой байх нь. Одоогоор есөн эмэгтэй УИХ-д суухаар боллоо. Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар “Шударга ёс” эвслийнх, Р.Бурмаа, М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нар АН-ынх, Д.Оюунхорол МАН-ынх, С.Оюун ИЗНН-ын гишүүн юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн 20 хувийн квотыг тогтоосноор эмэгтэй гишүүд олон сонгогдлоо гэж зарим улстөрч дүгнэж байгаа юм. Гэхдээ есөн эмэгтэй гишүүний тав нь тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан юм. Гурав нь намын жагсаалтаар сонгогджээ.
Эмэгтэйчүүдээс гадна энэ парламентад бие даагч гурав орж ирлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч асан С.Ганбаатар, “Дорнод гурилын үйлдвэр”-ийн захирал Б.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарыг хэвлэлийнхэн онцолж, ирэх дөрвөн жилд юу хийхээр төлөвлөснийг сонирхсон юм. Тэд бие даан нэр дэвшихдээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ илэрхийлж аль нэгэн нам, эвсэлд харъяалагдах бодолгүй байгаагаа хэлсэн юм.