Б.НАНДИН
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд тохиодог. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх алдарт үгээрээ өдгөө ч ард түмнийхээ дунд мөнхөрсөн тэрээр амьд сэрүүн байсан бол энэ жил 64 нас хүрэх байв. Жил бүрийн энэ өдөр гэр бүл, найз нөхөд, улс төрд хамтран зүтгэж байсан журмын нөхөд нь эрхэм андаа дурсан хөшөөнд нь цэцэг өргөдөг болсоор 28 жилийг угтаж байна.
“Зууны мэдээ” С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулан “Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” буландаа манай сонины эмхэтгэн хэвлүүлсэн “Хэвлэлийн хуудаснаас “27 жил салаагүй сэдэв: С.Зоригийн хэрэг” номоос бэлтгэлээ. Энэ удаад 2008.11.15-ны өдөр зууны мэдээ сонинд нийтлэгдсэн “Оюутан С.Зоригийн дүүдээ бичсэн захидлуудаас” нийтлэлээс хүргэе.
Санжаасүрэнгийн Зориг. Энэ нэрийг сонсоход аймшигт аллага хамгийн түрүүнд бодогддог. Түүнийг ардчиллын алтан хараацай, улс төрийн лидер байсныг бүгд мэднэ. “С.Зориг”, “Ардчилал” хоёр салшгүй холбоотой байсан. Бид түүний хийсэн бүхнийг, хийж байсныг, хийх гэж байсныг ч марталгүй үргэлжлүүлж, түүнийг дурсан санах ёстой. Учир нь тэрээр мартахын аргагүй хувь хүн байсан юм. Түүний дүү С.Оюундаа бичиж байсан хувийн захидлуудаас хүргэж байна. С.Зориг гэх оюутан юу хүсэж мөрөөддөг, ямархуу үзэл бодолтой байсныг түүний энэ захиануудаас харж болно.
С.Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн. Нэг ах, нэг дүүтэй айлын хоёр дахь хүү байсан. Тэрээр Орос 23 дугаар сургуулийг дүүргээд 1980-1985 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн шинжлэх ухаан коммунизмын онолын багш мэргэжлээр суралцжээ. Товчилсон намтар гэвэл энэ. Түүний хувийн архивыг нь үзэх суухад дүү охин С.Оюундаа болон ээждээ, ахдаа оюутан байхдаа бичсэн захидлууд нь хамгийн их сонирхол татаж байсан юм. Түүний архивд 1981 оны нэгдүгээр сарын 6-наас 1986 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хүртэл бичсэн бараг 50-60 ширхэг захидал байлаа. Захидлууд янз бүрийн хэмжээтэй дэвтрийн хуудас, болон цагаан, бор цаас, бүр тэмдэглэлийн дэвтрийн хуудас бүр цахилгаан явуулдаг цаасны ард гээд тухайн үед гарт нь тааралдсан зүйлүүд дээр бичигддэг байжээ.
Захидал бүр нь өвөрмөц бүтэцтэй. Зөвхөн тухайн бичиж буй цаасныхаа нэг нүүрэн дээр хэдхэн үг бичсэн захидал байхад, 2-3 хуудсыг ар өвөргүй дүүргэсэн нь ч бий юм. Харин захидал бүр нь нэг ижил өгүүлбэрээр эхэлнэ. “Сайн байна уу, хайрт дүү минь…” гэх мэнд мэдсэн мөр. Тэрээр захидалдаа өөрийнхөө юу хийж байгаа, хичээл сургуулиа, сургуулийн найз нөхдийнхөө талаар болон Москвагийн цаг агаарын тухай дурдана. Харин захиагаа бичиж дуусаад “…Одоохондоо ийм байна.” гэсэн үгээр төгсгөөд заавал гарын үсгээ зурдаг байжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр захидал бүрийн утгад тохирсон тохирсон, өөрийнхөө санааг илэрхийлсэн зургийг зурдаг байв. 5-6 настай хүүхэд л зурсан болов уу гэмээр урлаггүй ч, гэнэн томоогүй, хөгжилтэй сэтгэгдэл төрүүлэхээр зургууд байна. Регби 80-аад онд хойно сурдаг байсан оюутнууд Регби хэмээх тоглоомыг анддаггүй байх. С.Зориг ч регби тоглох дуртай нэгэн байжээ. Түүнийхээ ачаар нэлээд хэдэн шүднээсээ салаад авч. Түүний талийгаач болтлоо онгорхой шүдтэй байсныг олон хүн мэддэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 75 (7817)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn