Р.Оюун
ОХУ-ын Буриадын нэрт зохиолч А.С.Гатапов 20 гаруй жил түүхэн эх сурвалжуудыг судалж, их богд Чингис хааны хүүхэд үе 9-13 хүртэлх насны баатарлаг түүхэн үйл явдлыг өрнөлт, хүүрнэлтэй, дэлгэрэнгүй, энгийн ойлгомжтой хэллэгээр бичсэн "Эгэл хөвүүн Тэмүжин" таван боть романы эхний хоёр ботийг "Мөнх" ГҮТББ-ын хамт олон орчуулуулан хоёр дахь удаагаа хэвлүүлэн толилуулж байна. Энэ романд баатар эцгээсээ хагацаж, есхөн насандаа өнчирч үлдсэн Тэмүжин хүү боолын амьдралаар амьдарч, хатуу хэцүү хүндийг даван туулж, Монголын хувь заяаны цэрэг, дарга болж улмаар гарамгай баатар, жанжин, дэлхийг төвшитгөсөн аугаа суут их хаан болсон дээд мөн чанарыг олж авсан тухай түүхийг өгүүлжээ. Зохиогч энэ романыг 2008 онд буриад хэлээр бичиж 2012 онд орос хэл дээр орчуулж, дахин хэвлэн Оросын уншигчдын хүртээл болгосон нь энэ бүтээлийн өндөр чансаа, үнэ цэнийг гэрчилнэ. А.С.Гатапов нь түүхийн эх сурвалжид суурилсан судалгаа, уран бүтээл туурвидаг түүхч, зохиолч, орчуулагч, редактор. Түүний туурвисан бүтээлээс хамгийн алдартай нь "Эгэл хөвүүн Тэмүжин" таван ботть роман юм. Тэрээр энэ романаараа Исай Калашниковын нэрэмжит анхны шагналыг хүртсэн.
Эх сурвалж www.zms.mn