Р.Оюун
Монгол сурагч, оюутнууд Өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос санаачлан төрийн бусад байгууллага, судлаачидтай хамтран "Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэнг Монголын үндэсний музейд зохион байгууллаа. 1926 онд дунд сургуулийн боловсролтой 40 шахам хүүхэд залуус хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэхээр Герман, Франц улсыг зорьжээ. Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр сарын 27-нд хуралдсан 42 дугаар хуралдаанаас "Хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж дунд, лицей болон тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах" тухай шийдвэр гаргажээ. Энэ сурагчдын бага нь 13, ахмад нь 25 настай байв. Сурагчдыг Герман, Франц улсад хүргэж өгөхөөр Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан Б.Буддари, Б.Далай, Б.Авирмэд гэсэн гурван багшийн хамт явсан байна.
35 хүүхдийн 31 нь Герман, дөрөв нь Франц улсад 1926-1930 онд төрөл бүрийн мэргэжлээр суралцаж өрнийн соёлтой танилцаж байхад нь ЗХУ болон коминтерний шахалтаар эргүүлэн татжээ. Энэ хүүхдүүдийн ихэнх нь улс төрийн галт шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон түүхтэй. Тэднийг удирдан авч явсан бараг бүх багш хэлмэгдүүлэлтэд өртөн цаазаар авахуулсан байна. Харин сурагчдаас гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь сэжиг бүхий байдлаар нас баржээ. Герман, Франц улсад суралцсан эдгээр сурагч хожим нь Монгол Улсын тэргүүлэх сэхээтнүүд болж, ажилласан салбар салбартаа анхдагчид болон алдар нэрээ мөнхөлсөн. Тэдний дундаас их зохиолч Д.Нацагдорж, Төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэн, Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, Төрийн шагналт, анхны академич нарын нэг гавьяат мал зүйч Т.Аюурзана, анхны ардын багш Г.Батсүх, гавьяат багш С.Бавуу, Монгол киноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, зохиолч, орчуулагч Н.Наваан-Юндэн, Улсын төв номын сангийн ахмад ажилтан Д.Сурмаажав, Д.Цэрэнханд, аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмхүү, утга зохиол судлаач Б.Содном, улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил, герман-монгол толь бичиг зохиогч Ш.Цэвэг, анхны токарьчин Б.Сэдэд гэсэн алдартнууд төржээ. 35 сурагчаас хэлмэгдсэн 20 сурагчийн материалыг үзэсгэлэнд дэлгэжээ.
Эх сурвалж www.zms.mn