Б.НАНДИН
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр дэлхий даяар сая сая хүмүүс нэгдэн, бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулдаг "Сайн үйлсийн өдөр"-ийг тэмдэглэдэг.
Энэ жилийн аяны хүрээнд Монголын хараагүйчүүдийн үндэсний Холбоо (МХҮХ), Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ хамтран “Сайн үйлсийн төлөө нэгдэцгээе” (United in #DoingGood) олон нийтийн өдөрлөг зохион байгуулж, хараагүй болон сул хараатай иргэдэд туслах, тэдний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх дэлхий нийтийн сайн дурын үйлс болох Be My Eyes буюу "МИНИЙ НҮД БОЛООЧ" аппликейшныг танилцууллаа.
Сайн үйлс болон сайн дурын үйл ажиллагааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, иргэд, залуучуудыг эерэг өөрчлөлтийн нэг хэсэг болоход уриалсан тус арга хэмжээг Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ санаачлан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулсан байна.
Энэхүү өдөрлөгт 300 гаруй хүмүүс оролцож, 100 гаруй нь “Be My Eyes” аппликейшнтэй танилцаж, татан ашиглаж эхэлсэн. Ингэснээр харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан олон улсын “Be My Eyes” аппликейшнийг Монголд таниулах ажил амжилттай эхэлж, харааны бэрхшээлтэй хүмүүст бодит дэмжлэг үзүүлэх сайн дурын дижитал оролцоог нэмэгдүүлэх эхлэл тавигдав.
Мөн СДБС-ний гишүүн байгууллагуудын “Нэг байгууллага – Нэг сайн үйл”, “Нэг анги -Нэг сайн үйл”, “Нэг айл –Нэг сайн үйл” хэмээх сайн үйлсийн санаачлагууд олон нийтэд хүрч, оролцооны шинэ боломжууд нээгдэв.
Явуулын кофешоп, массаж үйлчилгээ, урлагийн үзүүлбэрүүдийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын бүтээлүүдийг сурталчилснаас гадна оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хайрын бурхад” төвд зориулсан хандивын үйл ажиллагаа ч зохион байгуулагдав. Энэхүү өдөрлөг нь сайн дурын үйл ажиллагаанд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх, иргэдийг бодит сайн үйлс хийхэд уриалах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дижитал сайн дурын шинэ хэлбэрийг (Be My Eyes) нэвтрүүлэх чухал алхам боллоо.
Сайн үйлсийн өдрийн дэлхийн хөдөлгөөнд 21 аймгийн залуус нэгдэж, орон нутагтаа сайн үйлсийн аяныг эхлүүлэхээр болсноо мөн дуулгаж байлаа. Сайн үйлсийн өдөр нь нэг өдрөөр хязгаарлагдахгүй жилийн турш үргэлжилдэгээрээ онцлог юм.