Р.Оюун
Цуглуулагч, судлаач Ц.Батсайханы 30 гаруй жил Монгол орны түүх, соёлыг сонирхон түүх, угсаатны зүйн холбогдолтой эд зүйл цуглуулах, судлах, судалгааны үр дүнгээрээ ном хэвлэн нийтлэх, цуглуулсан үзмэрүүдээ төрөлжүүлэн "Монголын шашин соёлын өв дурсгал" цуглуулгын үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэн олон нийтэд толилуулж байна. Үзэсгэлэнд Монголын шашин соёлын холбогдолтой шүтээний уран зураг, шашин номын зан үйлд зориулсан монгол зураг, модон барын хэвлэмэл зураг, бурхны уран баримал гэсэн 700 гаруй үзмэрийг дэлгэсэн байна. Тэрээр цуглуулгаараа 30 гаруй номыг бодит зурагтайгаар "Өв соёл" цувралаар хэвлүүлснээс зургаан номыг монгол бичгээр, хятад, англи хэлээр БНХАУ-д хэвлүүлжээ. Мөн хувийн музейнүүдэд угсаатны зүйн холбогдолтой эд зүйлс, гэрийн тавилга хэрэглэл, хувцас гоёл чимэглэлийн зүйлийг өгч дэглэж зохион байгуулахад нь тусалж ажилласан байна. Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм.
Мөн тэрээр Сүхбаатар аймгийн угсаатны музейд 304 нэгж үзмэр бүхий "Монголын эртний зэр зэвсгийн үзэсгэлэн" мөн музейн Д.Сүхбаатарын танхимд Д.Сүхбаатарын холбогдолтой тэмдэг, медалион, Монгол Улсын одон медалийн цуглуулга, 154 үзмэрийг мөн өөрийн төрсөн сум Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Соёлын төвд иж бүрэн тавилгатай эртний монгол гэр болон угсаатны холбогдолтой зүйлс, хүрэл төмрийн үеийн зэвсгийн зүйл, эмээлийн чимэглэл гэсэн 134 үзмэрийг бэлэглэжээ.
Эх сурвалж www.zms.mn