Р.Оюун

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй. Энэ оны эхний гурван сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 26 нь буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалган шийдвэрлэсэн хэмээн танилцууллаа. Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэн иргэд олон нийтийг айдаст автуулдаг. Нийтийн цахим сүлжээнд цахим групп үүсгэн бусдыг дээрэлхэж гадуурхаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах байдлаар үйлдэгдэж байна. Мөн насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх байдлаар сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох, дээрэлхэх гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгдэж байна. 

Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "365 эвдрээгүй ирээдүйг бүтээе" уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ сарын 13-наас тавдугаар сарын 6-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан байна. Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг таниулах. нийгмийн соёл болгон төлөвшүүлэх гэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж www.zms.mn