ГОТОВЫН АКИМ
(1942-2026)

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хатагин овогт Готовын Аким нь 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Готовын Аким нь 1943 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын Тэмээт хэмээх газар төрж, 1951-1955 онд Матад сумын бага сургууль, 1955-1961 онд Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг төгсөж, улмаар 1961-1966 онд Улсын Багшийн дээд сургуульд Орос хэл, утга зохиолын багш мэргэжил эзэмшжээ.

Тэрээр 1966-1969 онд Улсын Багшийн дээд сургуульд Орос хэлний найруулга зүй, орчуулгын онол, утга зохиолын багш, 1969-1990 онд "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүлд орчуулагч, ахлах редактор, 1990-1991 онд “МОНЦАМЭ” агентлагийн сонин, сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, 1991-1999 онд “Ил товчоо” сонины ерөнхий эрхлэгч, 2000-2005 онд "Соёл эрдэм" дээд сургуулийн гүйцэтгэх захирал, тэнхимийн эрхлэгч, 2004-2010 онд Монголын Үндэсний номын сангийн захирал, 2011 онд Хятадын Баруун хойд үндэстний их сургуульд зочин профессороор тус тус ажиллаж, амьдралынхаа 57 жилийг боловсрол, утга зохиол, сэтгүүл зүй, сурвалж судлал, түүхэн болон уран зохиолын орчуулгын салбарын хөгжлийн төлөө зориулсан эрхэм хүндтэй сэхээтэн байв.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Готовын Аким нь монголын түүхэнд холбогдох дэлхийн сонгодог томоохон бүтээлүүдийн орчуулга, монгол, орос, англи өвөрмөц үгсийн харилцан хөрвөх толь бичиг болон Чингис хаан судлал, Монголын нууц товчоон судлал, хадны зураг, хадны бичээс судлал зэрэг археологи, хэл шинжлэл, сурвалж судлалын ажлыг ахиулахад чиглэсэн судалгаа, орчуулгын нийт 108 бүтээл туурвиж, монголын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан соён гэгээрүүлэгч байв.

Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Готовын Аким таны боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зориулсан нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.


У.ХҮРЭЛСҮХ, Н.УЧРАЛ,
Б.НАЙДАЛАА, П.НАРАНБАЯР, Ч.УНДРАМ, М.БАДАМСҮРЭН,
Ш.БЯМБАСҮРЭН, Л.СОРОНЗОНБОЛД,
Г.ЦОЛМОН, Ш.ЁЛ