Т.МИЧИДМАА

 

Өнөө цагт мэдээллийн урсгал хурдацтай нэмэгдэж, үнэн худлыг ялган таних чадвар нийгмийн зайлшгүй хэрэгцээ болоод буй.Энэ цаг үед сэтгүүл зүйн салбарын шинэ үеийг бэлтгэж буй МУБИС "VIBE MNUE”  баримт шалгагч оюутан клубтэй болж, өчигдөр нээлтээ хийлээ.

Мэдээллийн үнэн бодит байдалд суурилсан, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх энэхүү клуб нь онолын мэдлэгээс гадна бодит туршлага, шүүн тунгаах чадварыг хөгжүүлэх талбар болж буйгаараа онцлог.

Энэ үеэр сэтгүүлзүйн инноваци, хөгжлийн “Үүр” төвийн хөтөлбөрийн менежер Л.Анударь “2025-2026 оны хичээлийн жилд МУБИС-д баримт шалгагч оюутан клубийг байгуулж байна. Манай төвийн гол зорилго бол сэтгүүл зүйн салбарыг хараат бусаар хөгжүүлэх, хуурамч мэдээлэлтэй тэмцэх юм. Энэ хүрээнд ирээдүйн сэтгүүлчдийг оюутан байх үеэс нь баримт шалгах арга зүйд сургах нь хамгийн чухал. Мөн “VIBE MNUE” клуб өнгөрсөн намраас эхлэн хамтын ажиллагаагаа эхлүүлж, өнөөдөр олон гишүүнтэй болон өргөжин тэлж, албан ёсны нээлтээ хийж буйг харахад бахархалтай байна” гэлээ.

Арга хэмжээний үеэр зөвхөн илтгэл, танилцуулгаар хязгаарлагдсангүй. Оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх, баримт шалгах арга зүйг бодитоор ойлгуулах зорилгоор богино хэмжээний сонирхолтой уралдаан зохион байгуулсан нь оролцогчдын анхаарлыг ихэд татав. Уралдаанд оролцогчид мэдээллийн эх сурвалжийг нягтлах, зураг болон бичвэрийн үнэн бодит эсэхийг шалгах, хуурамч болон төөрөгдүүлсэн агуулгыг ялган таних зэрэг даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэж, өөрсдийн мэдлэг, хурд, задлан шинжлэх чадвараа сорьсон юм. Даалгавар бүр бодит жишээнд суурилсан байснаараа онцлог байж, оролцогчид өдөр тутам тулгардаг мэдээллийн урсгал дунд хэрхэн шүүн тунгаах ёстойг мэдэж авав.

Энэ үеэр “VIBE MNUE” клубийн гишүүн С.Жамъяннацаг “Баримт шалгагч оюутны клубийн үйл ажиллагаанд оролцсоноор үнэн зөв мэдээллийг түгээх чадварыг эзэмшсэн. Мөн үнэн бодит мэдээлэл түгээх нь ур чадвараас гадна мэргэжлийн ёс зүйн хариуцлагатай салшгүй холбоотой” гэлээ.

Мөн арга хэмжээний дундуур оролцогчдыг ойртуулж, ярилцах цагийг мөн гаргаж өгснөөр санал бодлоо солилцох боломж бүрдсэн юм. Энэ үеэр клубийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн оюутнууд санал солилцож, тус клубийн оюутнууд  мэдээллийн боловсролыг хэрхэн түгээх талаар үеийнхэндээ танилцуулсан юм. Энэ үеэр клубийн чиглүүлэгч оюутан М.Өсөхбаяр “Худал мэдээллийн олон хэлбэрийг ялган таних, эх сурвалжийг богино хугацаанд нягтлах ур чадварыг эзэмшиж эхэлсэн. Мэдээллийн урсгалд төөрөх бус, шүүн тунгааж, баталгаатай эх сурвалжид тулгуурлах дадал хамгийн үнэ цэнтэй сургамж болж байгаа” гэлээ.

Арга хэмжээний үеэр мэдээллийн үнэн бодит байдлын тухай яриа зөвхөн илтгэл төдий бус, оролцогч бүрийн дотоод эргэцүүлэл, хандлагад нөлөөлж буй нь илт мэдрэгдэж байв. Ийнхүү худал мэдээлэлтэй тэмцэх, баримтад суурилсан сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилготой “VIBE MNUE” клубийн нээлт нь нэг өдрийн арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, харин ирээдүйн сэтгүүлчдийн хариуцлага, ёс зүй, сэтгэхүйн суурийг бэхжүүлэх чухал эхлэл болж байна. Мэдээллийн хэт их урсгал дунд үнэнийг ялган таних чадвар улам бүр үнэ цэнтэй болж буй энэ цаг үед тус клубийн үйл ажиллагаа зөвхөн оюутнуудад төдийгүй нийгэмд эерэг өөрчлөлт авчрах алхам болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 61 (7803)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn