“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор чөлөөт бөхийн мастеруудын дэлхийн аваргын хошой алтан медальт, ОУХМ Н.Баатарыг урьж, ярилцлаа.

 

-Монгол Улсын заан, чөлөөт бөхийн мастеруудын дэлхийн аварга, ОХУ-ын Тува улсын Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Д.Бумбаярын нэрэмжит Чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн өргөн дэлгэр сайхан болж, та дахин аваргаллаа. Баяр хүргэе?

-Баярлалаа. Жил ирэх тусам тамирчдын тоо нэмэгдэж, тэмцээн өргөн дэлгэр сайхан болж байна. Хүмүүс эрүүл мэндээ бодож дасгал хөдөлгөөн, бэлтгэл их хийдэг болсон болохоор түүний хэрээр тэмцээн өрсөлдөөнтэй болдог.

Бага залуу байхдаа барилдаж байгаад амьдралын явцад спортоосоо хөндийрсөн хүмүүс эргэн барилдаж байна. Би ч тэдний нэг. Тэмцээний журмаар нэг нь ялах ёстой ч бидний хамгийн чухал зүйл нь эрүүл бие, дуртай зүйлээрээ өөрийгөө хөгжүүлэх хүсэл юм.

Монгол Улсад чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга 2016 оноос зохион байгуулагдсан. Цар тахлын үеэр завсарласныг эс тооцвол тасралтгүй зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд найман удаа оролцож, энэ жил найм дахь алтан медалиа хүртлээ. Хүүхдүүдэд багшилж, бэлтгэл сургуулилтыг нь базаадаг болохоор байнга л дэвжээн дээр байдаг даа. Одоо Ц.Сосорбарам даргатай Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны харьяа “MG” клубт чөлөөт бөхийн багш дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Та 2019 онд Д.Бумбаяр заантай, 2024 онд А.Алтанхуяг начинтай хамт мастеруудын дэлхийн аварга болсон санагдана?

-2016, 2019, 2024 онд мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёр удаа түрүүлж, нэг хүрэл медаль хүртээд байна. 2025 онд дахин зодоглосон боловч, харамсалтай нь хожигдсон.

2019 онд дөрвөн барилдаан хийж, Итали, Гүрж, Орос, Казакстан улсын бөхчүүдийг давж байлаа. 2024 оны дэлхийн аварга Хорват улсад зохион байгуулагдаж, мөн дөрвөн барилдаан хийсэн. Жил ирэх тусам тамирчдын оноо алдалт багасаж, өрсөлдөөн ширүүсэх болсон.

Энэ бүх хугацаанд тусалж дэмжиж байсан ханьдаа, “MG” клубийн захирал Н.Лхамсүрэн, Ц.Сосорбарам даргадаа спорт хорооныхондоо баярлаж, талархдагаа илэрхийлье.

-Анх чөлөөт бөхийн спортоор хэрхэн хичээллэж байв. Таныг олон жил гадаадад амьдарсан гэж сонссон. Спортоо хэр үгүйлж байв?

-1986 онд Спорт сургалтын төвийн Мөнхбат багш дээр анх бэлтгэл хийж байлаа. Удалгүй Хүүхдийн соёл, спортын төвөөс хүүхдүүд шалгаруулж авахад нь ангийнхаа хүүхдүүдийг дагаж Н.Ганбаатар багшийн секцэд орсон. 1993 он хүртэл бэлтгэл сургуулилалт хийсэн. Энэ үед ихэнх тамирчид спортоосоо хөндийрч байсан. Би ч мөн адил. Багштайгаа ОХУ руу тэмцээнд яваад тэндээ үлдэж, Уралын Свердловск хотод амьдарсан. Ингээд гэр бүлээрээ 2001 онд Монголдоо ирээд 2003 онд Америк явж 2013 он хүртэл тээврийн  жолоочоор ажиллаж байгаад ирсэн. Гадаадад байх хугацаанд эх орон, спортоо их үгүйлсэн. Тиймээс чөлөөт бөхийн багш болно гэсэн зорилготойгоор 6х6 харьцаатай дэвжээ аваад ирж байлаа. Монголдоо ирээд Спортын төв ордонд тэмцээн үзээд явж байтал Д.Сумъяабазар аварга Сонгинохайрхан дүүрэгт багшлах санал тавьсан.

Намайг Америкаас ирэхэд хүмүүс яах гэж ирж байгаа юм. Хөгжил сайтай улсад байж байхгүй гэсэн. Би тэнд байхдаа өөрийгөө дэвжээн дээр хүүхдүүдэд багшилж байгаагаар төсөөлдөг байлаа. Энэ хүслээ биелүүлэх гэж ирсэн. Биеллээ олсон.

-Та шавь нараа хэрхэн бэлтгэхийг зорьж байна. Бэлтгэл сургуулилалтад хамрагдсан хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болох нь ховор шүү дээ?  

-Бидэнд багш маань авсан оноогоо хамгаалсан алдаагүй барилдаан хамгийн чухал гэж заадаг байлаа. Тамирчин болохын өмнө эхлээд тэр спортдоо дуртай байх хэрэгтэй. Дараа нь бэлтгэл сургуулилалт давах тэсвэр хатуужилд суралцана. Ингээд хүсэл тэмүүлэлтэй болоод ирэхээр нь үндсэн суурь дээр нь өөрийн мэддэг бүхнээ заахыг чухалчилдаг. Манай багш хамгийн чухал нь зогсолтоос эхлээд суурь техникээ зөв эзэмшсэн байхад ямар ч мэхийг бүрэн сурч чадна гэдэг байлаа. Тиймээс хүүхдүүдээ сууриа зөв тавихад нь гол анхаарлаа хандуулдаг.

Бидний үүрэг өсвөрийн тамирчин бэлтгэх. Дүүргийн өсвөрийн тамирчдад цалин хөлс өгч чадахгүй. Бэлтгэлд хамрагддаг хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болох боломжгүй. Их дээд сургуульд өөр мэргэжлээр суралцана. Харин тэдэнд аливааг туулах тэсвэр хатуужил, тууштай хичээнгүй дадал, хүнээс үг сонсож сурах занг суулгахын сацуу чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл чийрэг өнгөрөөх гүүр нь болохыг зорьдог.

Би хүүхдүүдээ хоолоо сайн ид, усаа сайн уу, хийжүүлсэн ундаа, бэлэн хоолноос хол байхыг зөвлөдөг. Хүүхэд байхдаа дархлаатай болох хэрэгтэй.

-Таны ажигласнаар ямар хүүхдүүд чөлөөт бөхийн спортоор илүү амжилт гаргаж байна?

-Манай дүүргийн спорт хороо Орбитын тэнд нэлээн хотын зах руугаа болохоор янз янзын хүүхдүүд явдаг. Энэ дундаас багадаа хөдөө морь унаж, задгай гүйж харайгаад өссөн бие нь чангарсан хүүхдүүд унаган хотын хүүхдүүдээс  илүү барилдаж байна. Орчин үеийн нийгмийн байдлаас улбаалаад ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ жинг хасах, хатуужил үзүүлэх зорилготойгоор бэлтгэлд явуулаад орхичихдог. Зарим эцэг эхчүүд хүүхдийгээ бөхийн секцэд явдаг гэхээр шууд бөх болчих юм шиг боддог. Харин эцэг эхчүүд “Миний хүүхэд энэ спортод дуртай байна уу. Хэр ахиц гарч байна” гэдгийг өөрсдөө ирж хардаг, ажигладаг баймаар байна.    Манай чөлөөт бөхийн холбооныхон нас насны улсын аварга зохион байгуулахаас гадна бусад улстай шигшээ багийн хамтарсан бэлтгэл хийх зэргээр сайн ажиллаж байна. Ингэхээр багш, дасгалжуулагч, тамирчид, сонирхогчид идэвхтэй болж чөлөөт бөх хурдтай хөгжих байх гэж бодож байна. М.Лхагвагэрэл, Т.Тулга, О.Сүлдхүү, Г.Батнасан, Б.Мөнх-Эрдэнэ зэрэг шигшээ багийн шилдэг тамирчид сайхан амжилт үзүүлэх байх гэсэн хүлээлт их бий. Өрсөлдөөн байгаа газар хөгжил ирдэг.

-Чөлөөт суурьтай тамирчид үндэсний бөхийн том цолонд илүү олноор хүрч байгаа харагддаг?

-Том биетэй чөлөөтийн тамирчид үндэсний бөхөөр сайн барилдаж байгаа нь дүрэмтэй холбоотой гэж боддог. Өмнө барьц сонгох дүрэмтэй байхад жүдо бөхийн суурьтай тамирчид сайн барилдаж байсан. Г.Ганхуяг харцага, М.Лхагвагэрэл заан, Э.Батмагнай арслан тэргүүтэй чөлөөт бөхийн хүүхдүүд сайхан барилдаж байгаа бөхчүүд олон байна. Өмнө нь ч тэр А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар аваргууд Б.Гантогтох гарди чөлөөт бөхөөрөө дээд зэрэглэлд барилдаж, нэгнээ хурцалсан өрсөлдөөнийг үзүүлдэг байсан тул бүгд үндэсний бөхийн том цолонд хүрсэн гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn