Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас аймгуудад эцэг эхчүүдийн нэгдсэн хурлыг зохион байгуулж байгаа юм. Тэгвэл Архангай аймгийн эцэг эхчүүдийн хурлыг энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Тус хурал нь хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжилд нөлөөлөх асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, санал бодлоо солилцох, харилцан суралцах нөхцөлийг бүрдүүлж, тэдний оролцоо, чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Эцэг эхийн хуралд хүүхдийн төлөө зөвлөл, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, эцэг эх, асран хамгаалагчид, сумын хамтарсан баг, сургуулийн хүүхэд хамгааллын баг, байгууллагын эцэг эхийн зөвлөлийнхөн оролцов. Хүүхдийн төлөө ажилладаг эдгээр хүмүүсийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь тэдгээрээр дамжуулан бусад эцэг эхчүүдэд зөв ойлголт, мэдлэгийг түгээх боломжийг бүрдүүлж байна.
Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд тохиолддог байна. Тиймээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас гэр бүл болон гэр бүлийн гишүүн бүртэй ажиллах нь нэн чухал болохыг онцолжээ.

ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхдүүдээс авсан судалгаанд эцэг эхчүүдийн үл хайхралт их, хүүхдийнхээ юу хийж, хаагуур явж байгааг мэдэхгүй, асуухгүй, сонирхохгүй, архи, тамхи хэрэглэж үзэж байхад, бүр амиа хорлох тухай бодож байхад тэд анзаардаггүй талаар дурдаад хайртай гэдэг ч хайрын харилцаа байхгүй гэж гарчээ. Эцэг эхчүүдийн үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй байдал, хүнээр хүн хийх ухаан, ёс суртахуун доройтсон байгаа нь хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг өндөр байгаагийн шалтгаан гэж үзсэн байна.
Өнгөрсөн онд болсон хүүхдийн чуулганы үеэр олон хүүхдийн төлөөлөл болж, дуу хоолойгоо хүргэсэн 12 илтгэгч хүүхдийн зургаан сэдвийн илтгэлд эцэг эхийн үл хайхралт, тэдэнтэй ярилцах харилцаа чухал байгааг илтгэсэн байна. Мөн гэр бүл багш нарын хоорондох үл ойлголцлоос хүүхдүүд их шаналж, айдаг тухай, цахим орчны болон үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт их байгааг, гар утасны хэрэглээнээс болж дүү нарынхаа сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Мөн монгол хүүхдэд шударга, зөв зан чанар тогтож чадахгүй байгааг Боловсролын яамны судалгаагаар гаргажээ. Иймээс аймаг бүрд эцэг эх асрах хамгаалагч, харгалзан дэмжигчдийн нэгдсэн хурлыг зохион байгуулж, Хүүхдийн төлөөх бодлого, үйл ажиллагаа, хүүхдээ хайрлаж, халамжлах уламжлалт аргын талаар шинэ мэдлэг ойлголтыг өгсөн юм.
Архангай аймагт хүүхэд хохирсон гэмт хэргийн тохиолдол улсын дунджаас доогуур байдаг байна. Урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлууд сайн хийж байгааг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчиан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан ярилаа. Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээдэг. Ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил, зам тээврийн осол зэрэг хүүхэд хохирч болох асуудлуудад хүн бүр анхаарч, одоо байгаа тоог бууруулах шаардлагатайг энэхүү нэгдсэн хуралдаанаар ярилцжээ.
Эцэг эхийн нэгдсэн хуралдааны нэг гол агуулга нь үр хүүхдүүдээ хайрлан хүндэтгэж, эерэг зөв үгийг хэрэглэх, сэтгэл, мэдрэмжийг нь ойлгож, сонсон дэмжлэг үзүүлэх, магтан сайшааж урамшуулах, үр дүнтэй, чанартай цагийг үрсдээ гаргадаг байх тухай байлаа. Цаашид эцэг, эхийн үүрэг, хариуцлага, гэр бүлийн ойлголцлыг бэхжүүлэх замаар хүүхдэдээ хандуулах анхаарал, хайрыг нэмэгдүүлэхийг зорьж тус арга хэмжээг аймаг бүрд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 56 (7798)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn